“Азтай байнаа, Мандал өргөх ёслол дээр яг таарлаа”

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 30

 

Цуврал-2

Өрнөл хэсэг буюу “Манба Дацан” хийдэд мөргөсөн нь...

Бусдад туслахуй анагаах ухааны “Манба Дацан” хийдэд мөргөлөө. Тааз юугаа хорол тооноор урлаж, гол шүтээнээ сүрлэг сайхан залжээ.

Лам нарын өглөөний уншлагад амжиж суун, залбирахаар ирсэн сүсэгтэн олон цөөнгүй байлаа. Биднийг хийдэд ороод орчин тойронтой нь танилцаад тун удаагүй байхад “Мандал өргөх” ёслол болох нь тэр.

Хийдийн үйлчилгээний ажилтан болов уу гэмээр ахимагдуу насны нэгэн эмэгтэй “Азтай байнаа, Мандал өргөх ёслол дээр яг таарлаа” хэмээн ихэд баярлангуй шивнэв.

Ингээд хийдийн гэсгүй лам С.Моломжамцаас “Мандал өргөх” ёслолын талаар товчхон тодрууллаа.

Тэрбээр “Сая бид Гүсүнтүгийн мандал өргөлөө. Гүсүнтүг гэдэг нь бие, хэл, сэтгэл гэсэн утгатай үг юм. Бие, хэл, сэтгэлийн үүднээс л угаал үйлдэж байгаа юм, бурхандаа. Биеэр хийсэн нүгэл хилэнцийг наминчлах, хэлээр хэлсэн нүглийг наминчлах, сэтгэлээр хийсэн нүглийг наминчлахын тухайд энэхүү мандалыг өргөлөө.  Мандал өргүүлсний ач тус хязгааргүй. Ажил үйлс бүтэмжтэй, бие эрхтэн эрүүл болж, бие хэл сэтгэлээр үйлдсэн нүглийг наминчилж, бурхандаа тахил үйлдэж байгаа юм” гэлээ. Ийнхүү эртний түүхтэй “Манба Дацан” хийдийн түүхэн замналаас толилуулж байна.

 

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, сургалт, эмчилгээ явуулж байсан Манба Дацангуудыг 1938 оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеэр устгасан байдаг. Тэр үед III Богд Ишдамбийнямын 1760 онд санаачлан Их хүрээнд байгуулсан “Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд”-ийг устгажээ. Тиймээс тус хийдийг дахин сэргээх, өмнөх хийдийн уламжилж ирсэн сургалт номын үйл ажиллагааг тэр хэвээр нь эрхлэх ажлыг Хамба лам Д.Нацагдорж 1990 онд эхлүүлсэн юм.

Монголын их өв соёл уламжлалт анагаах ухааныг дэлхийн төвшинд таниулж яваа их үйлстэн, хамба лам Д.Нацагдорж

Үргэлжлэл бий...

Дараагийн хэсэгт Уламжлалт анагаах ухааныг Монголдоо төдийгүй дэлхийд дэлгэрүүлэн хөгжүүлж буй "Оточ Манранба" Их сургуулиар аялах болно...

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Цуврал-1: Уламжлалт анагаах ухааны гайхамшиг буюу “Манба Дацан” төвөөс хийсэн сурвалжлага

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu