Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд хүнд даацын автомашины жолоочийн ажлын байранд бүртгүүлэн, хувь хүний хөгжлийн цогц сургалтад бүрэн хамрагдсан залуучуудад батламж гардуулж, ажлын томилолтыг олгож эхэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрт тусгасан залуучуудыг тогтвортой ажлын байраар хангах зорилтыг хэрэгжүүлэхээр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулжээ.
Мөн “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь БНХАУ-ын “Чалко” компанитай 2018 оны 01 дүгээр сараас 2022 он хүртэл хамтын ажиллагааны тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Тус нэгдлийн ажилчдын байр Гашуун сухайт боомтын 25-35 дахь километр хооронд байрлах ба байр, хоолны зардлыг ажил олгогч байгууллага бүрэн хариуцаж, нээлттэй ажлын байранд шинээр орох залуучуудын нэг сарын үндсэн цалин 1,5 сая төгрөгөөс 2 сая төгрөг хүртэл бөгөөд жолоочийн идэвхи, зүтгэлээс хамааран цалингийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Батламжаа гардан авсан залуучуудын төлөөлөл Дагвадоржийн Хүдэрчулуун “Энэ дөрвөн өдрийн сургалтууд үр дүнтэй боллоо. Батламж гардан авч, шууд ажилдаа орох болсондоо баяртай байна. Мөн ангилал дутуу, мэргэшиж амжаагүй байгаа жолооч нарыг нэгдсэн сургалтад хамруулан, бичиг баримт нь бүрэн болсны дараа шууд ажилд нь оруулахаар болсонд талархаж байна” гэж хэллээ.
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 1 )
пирамид барьж байгаа боолчууд шиг гүрийтэл зүтгэж үздээ алтан шар шар ч гэж дээ замдаа болгоомжтой онгирч сагсуурахгүй архи тамхинаас холхон ажилаа хийцгээ