Валютын нөөцийн 15 хувийг алтаар бүрдүүлэх шаардлага байна

2018 оны 10 сарын 03

Уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг, тэрбум долларын салбар болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлэхээр бодлогыг нь томъёолж байгаа гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Алтны форум” дээр хэлж байсан.

Тус форум нь эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах шийдэл нь “алт” болохыг онцолж, тус салбарын үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх, цаашид хууль эрх зүйн тогтвортой орчныг бий болгоход чиглэсэн бодлогын саналуудыг хэлэлцэж, шийдвэрлүүлэхийн төлөө зорьж буйг Төв банкнаас мэдээллээ.  Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэхдээ “Үндэсний алт үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжиж, тулгарч буй хууль эрх зүйн зохицуулалтын шинжтэй хүндрэл бэрхшээлийг төрийн байгууллагууд хамтран шийдвэрлэх нь алтны салбарын хөгжил төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал" болохыг цохон тэмдэглэв. Мөн тэрээр цааш нь дэлхийн улс орнууд валютын нөөцийнхөө 10-aaс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний алтыг нөөцөлдөг. Энэ нь Монгол Улсад 15 орчим хувьтай байгаа ч цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байгаа” гэсэн юм.

Монголбанкнаас алтны худалдан авалтыг нэмэгдүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй бодлогын талаар Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн танилцуулсан илтгэлд дурдсанаар Монголбанкны алт худалдан авалт сүүлийн жилд өндөр өсөлтийг үзүүлж байгаа нь алт худалдан авалтын үнийн бодлогодоо өөрчлөлт оруулж,  дэлхийн түүхий эдийн зах зээлийн ханштай нийцүүлсэнтэй холбоотой төдийгүй олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор жил дараалсан аян зохион байгуулсан явдал юм. Энэ жил өнгөрсөн оныхоос 10 хувиар ахиу  буюу 22 тн алт худалдан авахаар зорьж буй бөгөөд энэ амжилтаа хадгалахын тулд алтны борлуулалтад тулгардаг хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд бүс нутгуудыг хамарсан сорьцын лаборатори бүхий нэг цэгийн үйлчилгээг Дархан-Уул, Баянхонгор аймагт энэ  оны аравдугаар сард нээхээр болж байна. Ингэснээр олборлогчдод тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болж байгаа бол нөгөө талдаа алтны худалдан авалтын идэвх нэмэгдэх ач холбогдолтой. Үүнээс гадна Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 2.5 хувийн татварын хүчинтэй хугацаа ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөр дуусгавар болохтой холбогдуулж, холбогдох яамдад хүчинтэй хугацааг дахин сунгах саналыг уламжлаад байна.

Монгол Улс 2012 оноос алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татварыг тэглэснээр сүүлийн таван жилд төв банкны алтны нөөц долоо дахин нэмэгдэж, Монгол Улс гадаад гадаад валютын албан нөөцөө өсгөх боломжтой болсон юм.Сүүлийн таван жилийн хугацаанд валютын ханшийн өсөлтийг хязгаарлаж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх замаар төгрөгийн ханшийг тогтворжуулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад алт чухал үүрэгтэй байсныг хэлэлцүүлэгт оролцогчид мөн онцолж байв.

Э.Болор

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top