Мөнгө угаахын эсрэг Новосибирскт зөвлөлдөж байна

2018 оны 12 сарын 05

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх Евразийн (Eurasian Group) болон Ази, Номхон далайн (Asia Pacific Group) бүлгүүд хамтран ОХУ-д зөвлөлдөж байна. Новосибирскт болж буй энэхүү хамтарсан зөвлөлгөөнд бүлгүүдийн гишүүн нийт 45 орны 200 гаруй санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банк болон хууль хяналтын байгууллагуудын мэргэшсэн шинжээчид цугласны дотор Монгол Улсаас Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч П.Магнайбаатар оролцож байна.

Зөвлөлгөөнөөр зохион байгуулалттай гэмт хэргээс олсон санхүүжилтээр терроризмыг санхүүжүүлэх, виртуал активуудтай холбоотой эрсдэл болон хүний наймаа, хүн худалдаалах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх зэрэг олон улсад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, хамтран ажиллах арга замуудыг тодорхойлж байна. Уг арга хэмжээнд СЗХ-ны төлөөллөөс гадна Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөлийн ажлын алба, Татварын ерөнхий газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчид оролцож олон улсад дээрх гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэдэг талаар судлан, туршлага солилцож байгаа гэж СЗХ-ноос мэдээлэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top