Дундаж цалин ӨСЧ, медиан цалин БУУРЧЭЭ

2018 оны 12 сарын 12

 

Үндэсний статистикийн хорооноос энэ оны арваннэгдүгээр сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Эхлээд нийт ажиллагсдын  цалингийн мэдээллийг хүргэе. Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны гуравдугаар улиралд нийт 40 мянган аж ахуй нэгж байгууллагын 651.1 мянган ажиллагсад хамрагджээ. Ажиллагсдын медиан цалин 732.7 мянган төгрөг байна.

Медиан цалин гэдэг нь ажиллагсдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм. Тэгвэл наймдугаар сарын байдлаар  медиан цалин 725 110 төгрөг байсан бол энэ оны хоёрдугаар сарын байдлаар медиан цалин 753.7 мянган төгрөг байсан. Тэгэхээр арваннэгдүгээр сарын медиан цалингийн  732.7 мянган төгрөг гэсэн үзүүлэлт энэ оны эхэн үетэй харьцуулахад буурсан тоо байна.

Ажиллагсдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдынх хамгийн их буюу 2.4 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 631.6 мянган төгрөг байна.

Улсын хэмжээнд  дундаж цалин энэ оны  гуравдугаар улирлын байдлаар 1,031,840 төгрөг болсон байна. Наймдугаар сард улсын хэмжээнд дундаж цалин 1.025.600 төгрөг байсантай харьцуулахад өсчээ.  Дундаж цалин гэдэг нь  тайлант хугацаан дахь нийт цалингийн хэмжээг тухайн хугацаанд цалин хөлс авсан ажиллагсдын тоонд жигнэж тооцсон үзүүлэлтийг хэлдэг.


Нийт 631.6 мянган ажиллагсдын хэдэн хувь нь хэчнээн төгрөгийн цалин авч буйг хүргэе.

  • 7.4 хувь нь 240 000 хүртэл
  • 5.4 хувь нь 240 001-300 000
  • 16 хувь нь   300 001-500 000
  • 18.5 хувь нь  500 001-700 000
  • 16.2 хувь нь  700 001-900 000
  • 11.3 хувь нь 900 001-1 100 000
  • 6.6 хувь нь 1 100 001-1 300 000
  • 4.7 хувь нь 1 300 001-1 500 000
  • 13.9 хувь нь 1 500 001 мянгаас төгрөгөөс дээш цалинтай байна.

 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top