Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд зөвшөөрөлтэй 161 аж ахуйн нэгжийн 13079 тээврийн хэрэгсэл 24 цагаар нүүрс тээвэрлэлт хийж байна. Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн албан хаагчид болон жолооч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулах талаар шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК болон холбогдох яамдад үүрэг болгосон. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” компани Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Автотээврийн үндэсний төв болон “Гашуун Сухайт Авто Зам” компанитай хамтран Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дахь “Цагаан хад” суурьшлын бүсэд амьдарч буй иргэд, албан хаагчид болон тээврийн жолооч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үнэ төлбөргүй үзлэгийг энэ сарын 16-нд эхлүүллээ.
Эрүүл мэндийн үзлэг долоо хоногийн турш үргэлжлэх аж. Үзлэгийг УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран хийж, шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлж, эм, холбогдох тусламжийн материалуудыг олгож байна. Мөн энэ хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар Ханбогд, Цогтцэций сумын иргэд болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэрлэлт хийж буй жолооч нарт дуудлагаар яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.
Үзлэгийн хүрээнд дотор, зүрх судас, зүрхний цахилгаан бичлэг, мэс засал, мэдрэл, нүд, чих хамар хоолой, эрүү нүүрсний мэс засал, халдварт өвчин судлал, сүрьеэ, рентген оношилгоо, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд, шүд эрүү нүүр, сэтгэл засал болон хооллолт, орчны эрүүл мэндийн зөвлөгөөг өгөх аж. Мөн лабораторийн шинжилгээг газар дээр нь хийж байгаа бөгөөд энэ хүрээнд цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ болон биохимийн шинжилгээг хийж буй аж.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )