Хэрэгжиж эхлээд гурав дахь онтойгоо золгох гэж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд донор орнууд, санхүүгийн байгууллагуудаас манай улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх ерөнхий тохироо бий. Тэгвэл ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх санхүүжилтүүд зогссон гэх мэдээлэл гараад буй. Манай тухайд хөтөлбөрийн хүрээнд өгсөн амлалтуудаа биелүүлж, төсвийн сахилга батыг сахих үүрэгтэй.
Тэгвэл Сангийн дэд сайд Х.Булгантуяа хөтөлбөртэй холбоотой асуудлаар ярихдаа “Бид Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Жайка байгууллагатай тодорхой хэмжээний бодлогын нөхцөл тохирдог. Биелэлтийг нь мөн хардаг. Монгол Улсын хувьд биелэлтээ эдгээр байгууллага руу явуулж, удирдах зөвлөлөөр нь дэмжүүлсний үр дүнд санхүүжилт орж ирдэг. Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл 2019 оны хоёрдугаар сард хуралдах товтой. Тус банк дэмжвэл манай хамгийн том донор Жайка-гаас санхүүжилт өгнө. ОУВС-гийн үнэлгээний Ажлын хэсэг саяхан ирээд явсан. Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд хангагдсан. Бүтцийн өөрчлөлтүүд цаг хугацаандаа явж байна гэсэн эерэг үнэлгээ өгсөн. Гэхдээ энэ нь ирэх оны бүх эрсдэлийг хаалаа гэсэн үг биш. Бид төсвийн сахилга батаа үргэлжлүүлэн сахих ёстой” гэсэн байна.
ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакэр хэлэхдээ “Эдийн засгийн бодлогуудыг зохистой хэмжээнд хатуу байлгаж, уялдаа холбоог хангах хэрэгтэй. 2019 оны нэгдсэн төсөв, нэн ялангуяа зардлыг хянах тал дээр зөв чиглэлд явж байна. Монголбанк инфляцийн өөрчлөлт, санхүүгийн салбарын эрсдэлээс анхаарлаа салгалгүй байж, бодлогын зохих арга хэмжээг авах хэрэгтэй. Жишээ нь, макро зохистой бодлогыг нэвтрүүлэх хэрэгтэй” гэж зөвлөөд буй юм.
Сэтгэгдэл ( 1 )
Зээлээ зогсоож, төсвөө алдагдалгүй баталж, хураасан орлогоо зөв зүйлд чамбай зарцуулах л манай эдийн засгийн эрхэм зорилт байлтай. Зээл бол монголын ард түмний амьдралд том дарамт. Сангийн яамны хувьд төр, ард түмний өмнө хүлээсэн эрхэм дээд үүрэг билээ.