“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлийн салбар төмөр зам тавих ажил үргэлжилж байна. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй уг үйлдвэр байгуулагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний хувьд хойд хөршөөсөө бүрэн хараат манай улсын хувьд нөхцөл байдал өөрчлөгдөх хүлээлт бий.
“Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ компани уг үйлдвэрийн төмөр замын дэд бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр сонгогдон, ажиллаж буй. 27 километр төмөр замын далангийн ажлыг үндэсний компаниуд хүч нийлэн гүйцэтгэж байгаа. Тэгвэл далан, гүүр, хоолойн ажлын гүйцэтгэл 94 хувьтай үргэлжилж байна.
УБТЗ-ын Зам засварын машинт станц, Замын 4 дүгээр ангийн замчид төмөр зам тавих ажлаа арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлж, одоогоор 1,5 км төмөр зам тавиад байгаа аж. Төмөр замыг олон улсын стандартад бүрэн нийцсэн Р-65 зам төмөр, төмөр бетон дэр, пандрол бэхэлгээтэй барьж, гүйцэтгэж буй юм байна.
Сануулахад, “Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой барих төсөл”-ийн Нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, хүлээн авсан. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-жилд 1.5 сая газрын тос боловсруулж, Евро-4,5 стандартын шаардлага хангасан 500 мянган тонн автобензин, 800 мянган тонн дизель, 40 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэх юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )