Байгаль орчинд ээлтэй 20 орчим шинэ эко хороолол байгуулна

2018 оны 12 сарын 20

Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын гэр хорооллыг орлогод нийцсэн, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эко хороолол болгон хөгжүүлэх 53 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурсныг бид мэдээлсэн.

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн “Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь амьдарч буй гэр хороололд ариун цэврийн байгууламж нь шаардлага хангадаггүй, хуурай хог хаягдлын менежмент хангалтгүй, ус хангамжийн хүртээмж хязгаарлагдмал байдаг бөгөөд энэ нь иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулж байна. Гэр хорооллыг орлогод нийцсэн, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, амьдрахад таатай эко хорооллууд болгон өөрчлөх тогтвортой бөгөөд цогц шийдлүүдийг энэхүү төслөөр хэрэгжүүлэх юм” гэв.

Тус төслөөр нийтийн аж ахуйн үйлчилгээгээр хангагдсан, ногоон байгууламж, дэлгүүр хоршоо болон ажлын байрны хүртээмж сайтай, байгаль орчинд ээлтэй 20 орчим шинэ эко хороололд 10000 айлын орон сууц барина. Эдгээр орон сууцны 1500 нь  түрээсийн орон сууц байх бол 5500 нь орлогод нийцсэн орон сууц байх юм. Харин үлдсэн 3000 орон сууц нь зах зээлийн үнээр борлуулагдана.

Уур амьсгалын ногоон сангаас олгох 50 сая ам.долларын буцалтгүй тусламж болон Дэвшилтэт технологийн сангаас олгох 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурж буй бөгөөд төслийн хүрээнд АХБ-наас олгох 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Уур амьсгалын ногоон сангаас олгох 95 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт удахгүй гарын үсэг зурах юм. Мөн нэмэлтээр 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг барилгын компаниуд, арилжааны банкууд, төслийн үр дүнг хүртэгчид зэрэг оролцогч талуудаас босгохоор тооцоолжээ.

Эко хорооллуудыг бий болгох энэхүү ажил нь газрыг сайн дурын үндсэн дээр орон сууцаар солих зарчимд тулгуурлан хэрэгжинэ. Төлөвлөж буй эко хорооллын нутаг дэвсгэрт газар өмчилдөг эсвэл түрээсэлдэг иргэн нь гэр горооллын хашаа байшингаас шинэ орон сууцанд шилжин суурьших хөтөлбөрт хамрагдах эсэхийгээ өөрөө сонгоно.

АХБ нь нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2017 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top