Дэлхийн банкны групп ирэх таван жилийн хугацаанд Монгол Улсад нэн тэргүүнд анхаарах чухал салбаруудыг тодорхойлж эрэмбэлэхээр ажиллаж буй аж. Манай улстай байгуулах Түншлэлийн шинэ Стратегийн хүрээг боловсруулж байгаатай холбогдуулан энэ сарын 24-нөөс 2019 оны хоёрдугаар сарын 1 хүртэл хугацаанд олон нийтийн зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулах юм байна.
Монгол Улсад ядуурлыг бууруулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих боломж, тулгамдсан асуудлууд болон Дэлхийн Банкны Группын үзүүлж болох дэмжлэгийн талаар эхний шатны зөвлөлдөх уулзалтуудыг 2017 оны 8-10 дугаар сард зохион явуулсан билээ.
Улаанбаатар хот болон дөрвөн бүсэд зохион байгуулсан зөвлөлдөх уулзалт болон онлайн судалгаанд төр, засгийн газар, Улсын Их Хурал, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн салбараас 400 гаруй оролцогчид оролцож санал бодлоо хуваалцсан юм.
Шинэ стратегийг дүн шинжилгээ, оношлогооны дүгнэлт, зөвлөлдөх уулзалтууд болон онлайн хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын ирүүлсэн санал, Монгол Улсын хөгжлийн стратеги болон Дэлхийн Банкны боловсруулсан аналитик судалгааны мэдээлэлд тулгуурлан боловсруулах аж.
Сэтгэгдэл ( 0 )