Мэндчилгээ: “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд өрөө тэглэж чадлаа

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж болон компанийн ажилтан, уурхайчид Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.

2018 он “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд батлагдсан төлөвлөгөөний бүхий л үзүүлэлтийг 2-3 дахин давуулан биелүүлсэн онцгой сайхан жил байлаа. Бид түүхэндээ 45.6 сая тонн нүүрс олборлож, үүнээс 2018 онд 10.7 сая тонн нүүрс олборлон, 12.8 сая тонн нүүрс экспортолсноор улсдаа дахин тэргүүллээ. Мөн 1.86 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж улсын төсөвт 480 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Цэвэр ашиг 670 тэрбум төгрөгт хүрч гадаад, дотоодод ямар ч өр төлбөргүй боллоо.

Монгол Улсын төрөөс Тавантолгой ордыг цогцоор нь хөгжүүлэхээр шийдвэрлэж, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж, дагалдах томоохон төслүүд болох төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлж, үргэлжлүүлэх түүхэн үүргийг бидэнд ногдуулсан хариуцлагатай жил болж өнгөрлөө.

Бид 2018 онд компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдлыг бий болгох хүрээнд багагүй ажлыг амжууллаа. Төрийн өмчит компаниудаас анх удаа дэргэдээ эрдэмтдийн зөвлөл, олон нийтийн зөвлөлийг байгуулж, мэдээллийн нээлттэй байдлыг бий болголоо. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээг байгуулж, шинээр сургууль, цэцэрлэг барих, зам талбай тохижуулах, ногоон хэрэм, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна.

Компани 2018 онд 2.511.000 иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэснээр албан ёсоор хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани болсон төдийгүй иргэдийг байнгын мэдээллээр хангах 1072 хувьцаа мэдээллийн төвийг байгуулж, 9 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт ажиллан, давхардсан тоогоор 1.25 сая иргэнийг мэдээллээр хангаж, зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа.

2019 оныг бид “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж байна.

2019 онд олон улсын зах зээлээс хөрөнгө босгож, төмөр зам, авто зам барьж, нүүрс угаах үйлдвэр, конвейрийн систем, усан хангамжийн төслөө үргэлжлүүлж, Эрдэнэсээр овоглосон шинэ хотыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлж, Монгол хүн бүрийн санхүүгийн нэрийн хуудас болох алхмаа урагшлуулна.

Түүнчлэн олборлолт хүчин чадлаа 18 сая тонн-д хүргэж, уурхайн ажилчдын хотхон, оффиссын барилга, зам талбай, сургууль, цэцэрлэг шинээр барьж, өөрсдийн техник, тоног төхөөрөмжтэй болж, Говийн ногоон хэрэм төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын утааг бууруулахад эрс өөрчлөлт авчрах шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөн байгуулж, нүүрс тээврийн жолооч нарт зориулсан төвүүдийг бий болгож, бизнесийн бүхий л салбарыг дэмжсэн олон ажлуудыг ирэх онд төлөвлөн зохион байгуулна.

2019 он “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд их бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, шинэ түүхийн хуудсыг нээсэн жил байх болно. Хамтдаа сайхан түүх бүтээцгээе.

Монгол эх орон минь ямагт “сайн мэдээний уурхай” байх болтугай. Шинэ оны мэндийг дэвшүүлье.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН,

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ

Top