Төв банк 2018 оны сүүлчээр Бодлогын хүүг өсгөснөөр, оны туршид зөөлөн байсан мөнгөний бодлого хатуу төлөв рүү шилжсэн. ОУВС Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт зургаа дахь шатны үнэлгээ хийж, улмаар мөнгөний бодлогыг хатууруулах нь зөв гэсэн чиглэл өгсөн. Тэгвэл уг арга хэмжээг авахаас өмнө хэрэгжсэн мөнгөний зөөлөн бодлого эдийн засагт ямар үзүүлэлтүүд дагуулсан бэ гэдэг асуудал тавигдана.
Тэгвэл 2018 оны эхний улиралд бодлогын хүү болон зайлшгүй байх нөөцийн хувийг зэрэг бууруулсны нөлөө 2 дугаар улиралд гарч, нэг улирлын дотор зээлийн багц 13 хувиар өссөн бол, 3 дугаар улиралд дээрх өсөлт саарч, зээлийн багцын өсөлт 1.9 хувьтай гарчээ. Ингэснээр банкны системийн зээлийн багц 16 их наяд төгрөгийн босгыг давсан бол харилцах хадгаламж 16 их наяд төгрөгт ойртсон үзүүлэлттэй байна. 3 дугаар улиралд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 90 төгрөгөөр чангарсныг тооцвол банкны системийн зээл хадгаламжийн хэмжээ зөвхөн ханшийн тэгшитгэлийн нөлөөгөөр өссөн байна.
2018 оны 3 дугаар улирлын байдлаар чанаргүй зээлийн багц 1,348 тэрбум төгрөгт хүрээд байсан бол ердөө нэг сарын дотор 600 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 1,950 тэрбум төгрөгт хүрсэн тохиолдол аравдугаар сард бүртгэгдлээ. Ингэснээр чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 12 хувь болж байна. Өнгөрсөн 2 дугаар улиралд банкуудын зээлийн эрсдэлийн сан огцом нэмэгдэж байсан бол аравдугаар сар гарснаар зээлийн чанар огцом муудсан үзүүлэлтүүд хоорондоо холбоотой байх нь дамжиггүй бөгөөд зээлийн ангилал буурсан бүртгэл нь хоцорч хийгдсэн байх магадлал өндөр гэдгийг МБХ-ны Санхүүгийн салбарын судалгаанд дурдсан байна.
Зээлийг ангилахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт ороогүй байхад зээлийн чанар огцом муудсанаас харахад зээлийн чанар нийтээрээ муудаж байгаа гэхээсээ илүү томоохон зээлүүдийн ангиллыг бууруулсантай холбоотой гарсан өөрчлөлт гэж судлаачид харж байна.
Э.БОЛОР
Сэтгэгдэл ( 3 )
доллар өслөө, төгрөг уналаа, юмны үнэ суга дээшээ, амжиргаа доошоо
soliotoi ... zeeliin angilal hiisnees zeeliin chanar buuraad baina u....yu bicheed baina... eruul uu
tugrigiin khansh shuu dee uur yu