Гадаад валютын нөөц жилийн өмнөхөөс 50 гаруй хувиар өслөө

2019 оны 01 сарын 02

Монголбанкны гадаад валютын албан нөөц  2018 оны  арваннэгдүгээр сарын байдлаар 3 тэрбум 477 сая 900 мянган ам.долларт хүрчээ. Энэ нь оны эхнээс 15.62 хувь, жилийн өмнөхөөс 51.81 хувиар өссөн үзүүлэлт юм. Тодотгоход, Гадаад валютын албан нөөцийг олон нийтэд 3 сарын хоцрогдолтой мэдээлдэг байсныг өөрчлөн, 2014 оны  долдугаар сараас эхлэн 1 сарын хоцрогдолтой зарлаж байхаар болсон байдаг.


Энэ онд баримтлах Мөнгөний бодлогын Үндсэн чиглэлд “эдийн засгийн өсөлт, түүний үр өгөөжийг тогтвортой түвшинд хамгаалахад инфляцийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай” байгааг тусгаж, батлуулсан билээ. Гадаад эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, улс орны эдийн засгийн дархлааг сайжруулах, гадаад секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, гадаад өрийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд гадаад валютын улсын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж буй. Гадаад валютын орох урсгалыг  нэмэгдүүлэхэд Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх нь нэн чухал байгаа юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top