Хадгаламж, зээлийн хоршооны /ХЗХ/ зах зээл нь тусдаа бие даасан хуультай бөгөөд төрийн зохицуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага юм. ХЗХ-г гишүүддээ хадгаламж болон зээлийн үйлчилгээ үзүүлдэг, ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд байна гэж хуульчилсан. Мөн ХЗХ нь мөнгөн хадгаламж, зээлийн үйлчилгээнээс гадна хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхэлж болдог. Энэ бүх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах бөгөөд тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог. Тиймээс ХЗХ-г зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлсэн л бол санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж болно гэж ойлгож болохгүй.
ХЗХ-г гишүүд хоорондоо хэлэлцэн, тодорхой хугацаа заан байгуулж болох бөгөөд ийм хоршоодод Хороо тухайн хугацаагаар нь тусгай зөвшөөрөл олгоно. Харин тодорхой хугацаа заалгүй байгуулагдсан ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгож, гишүүдийн хүсэлтээр сунгалт хийнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй 279 ХЗХ байгаагийн 34-ийнх нь тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны нэгдүгээр улиралд дуусахаар байна. Иймд эдгээр ХЗХ-д цааш үргэлжлүүлэн ажиллах бол тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах хүсэлтээ ирүүлэх шаардлагатай гэж СЗХ-ноос мэдэгдэв.
Түүнчлэн, ХЗХ үйл ажиллагаандаа Хорооноос тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд Хороо үүнд тогтмол хяналт тавьж ажилладаг. Хэдийгээр хамтын удирдлага бүхий байгууллага ч ХЗХ гишүүдийнхээ бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй. Мөн ХЗХ-ны бусдын өмнө хүлээх үүргийг төр хариуцахгүй бөгөөд ХЗХ ч бусдын өмнө хүлээх төрийн үүргийг хариуцахгүй гэсэн зохицуулалтыг хуульчилжээ.
Сэтгэгдэл ( 0 )