Шатахууны үнийг 200-230 төгрөгөөр БУУРУУЛАХ чиглэл өглөө

2019 оны 01 сарын 07

Шатахуун импортлогчид 2018 онд түлшний үнийг таван удаа дараалан нэмснээр литр тутамд 350-380 төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Тэгвэл засгийн зүгээс импортлогчдод хандан түлшний үнийг нэмсэн хэмжээгээрээ буулгах шаардлага тавьж байна. Тодруулбал,  Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх  газар өнөөдрийн дотор импортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж шатахууны үнийг бууруулах талаар санал солилцон, эргэж танилцуулахыг үүрэг болголоо.

 

Цаашид шатахууны төлбөрийг рублээр тооцох, урт хугацааны форвард хэлцэл хийж үнийг тогтвортой байлгах боломжийн талаар ОХУ-ын талтай ярилцахыг чиглэл болгов.Судалгаанаас үзвэл өнгөрсөн онд шатахууны үнэ 350 төгрөгөөр өссөн байна. Хилийн үнэ буурсан энэ үед үнэ 350 төгрөгөөр эргэж буурах боломжтой гэж засаг үзэж байна.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ уруудаж байхад манайд дотоодод ч үнэ дагаж буурах ёстой гэж Засгийн газрын зүгээс үзэж байгаа юм. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар /2018.12.04/  нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд түлшний үнийг литр тутамд 200 төгрөгөөр буулгах тохиролцоонд хүрлээ гэж мэдэгдсэн. Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр гэхэд 100 төгрөг, 31-ний өдөр гэхэд дахин 100 төгрөгөөр үнэ буурна гэж байсан.


Тэгвэл 2018 оны сүүлийн өдөр гэхэд нийтдээ 150 төгрөгөөр буурсан мэдээллийг албаныхан өгсөн юм.


2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаарх түлшний үнийн мэдээлэл:


 “Дизель түлш” 2350-2385 төгрөг,

 “Аи-76, 80” шатахуун 1780-1850 төгрөг

 “Аи-92, 93” шатахуун 1840-1890 төгрөг

 “Аи-95”  шатахуун 2295-2340 төгрөг

 “Газ” 1,300 төгрөгийн үнэтэй байв.


Өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газраас импортлогчдод түлшний үнийг буулгах шаардлага хүргүүлснээр түлшний үнийг  дахин 200-230 төгрөгөөр бууруулах үүргийг тэд хүлээж байна.

 

Тодотгоход, арванхоёрдугаар  сарын 25-ны өдрөөс шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан. Аи-80, Аи-92 автобензиний жижиглэнгийн үнэ Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаас бусад аймаг, хотуудад 45-50 төгрөгөөр тус бүр буурч,  Аи-92  шатахууны үнэ нийтдээ 150 төгрөгөөр буурлаа гэж УУХҮЯ-наас мэдэгдсэн юм. 2019 оны нэгдүгээр сарын хилийн үнэ буурсантай холбогдуулан шатахууны жижиглэнгийн үнэ үе шаттайгаар буурах бололцоо бүрдлээ гэж мөн мэдэгдсэн.

 

ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны нэгдүгээр сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа  86-107 ам.доллароор буурч, Аи-92 автобензин 531 ам.доллар/тн, дизелийн түлш 599 ам.доллар/тн болсон байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top