Энэ жилийн хувьд шинэ жилийн баяр монгол түмний уламжлалт баяр цагаан сартай тун ойрхон болж байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 05-нд цагаан сар болох гээд хүн бүхэн л эрвийх дэрвийхээрээ хичээж байна. Жилд ганц болдог ураг төрлийн баяр болох цагаан сарыг хүний дор орохгүй тэмдэглэчих санаатай хүн бүхэн хэрэндээ л бэлтгэлээ хангаж байгаа гэхэд хилсдэхгүй.
Гэтэл саяхан болж өнгөрсөн шинэ жилийн баяраар НӨАТ-ын буцаан олголтоо банкны үйлчилгээ ашиглан зээлээр авсан иргэд цөөнгүй байна. Арга ч үгүй биз, шинэ оноо өр ширгүй угтах гэсэн зорилготой хүмүүст энэ үйлчилгээ их нэмэр болсон гэдгийг хэлж байгаа юм. Тэгэхдээ банк үйлчилгээ үзүүлж байгаа юм хойно үйлчилгээний хураамжаа авч таарах нь мэдээжийн хэрэг. Бид ямар ч газраас зээл авахад тодорхой хэмжээний үйлчилгээний хураамж авдаг гэдгийг мэднэ.
Энгийн ойлгомжтой ийм зүйлийг мэдсээр байж сүүлийн үед иргэдийг төөрөгдүүлэх гэж элдвийн мэдээлэл тараах боллоо, зарим хүмүүс. Хэдийгээр соошл бол хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх талбар мөн боловч ямар нэг баримтгүй, худал мэдээллийг түгээн дэлгэрүүлж, хувь хүний болон байгууллагын нэр төрд халддаг байж болохгүй байлтай. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр "НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувь авч байна" гэх худал мэдээллийг твиттер, фэйсбүүкээр эрчимтэй тарааж, иргэдийг төөрөгдүүллээ. Энэ бол иргэд, олон нийтийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан, худал мэдээлэлд автуулж байгаа хэрэг яах аргагүй мөн биз ээ.
Үнэн хэрэгтээ 2016 оноос иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ цахим төлбөрийн баримт авч, хоёр хувийн буцаан олголт авахын зэрэгцээ сугалаанд оролцох эрхтэй болсон. НӨАТ-ын буцаан олголтыг жил бүрийн нэгдүгээр улиралд буюу 1-3 дугаар сард багтаан олгодог. Тодруулбал, Татварын алба тухайн жилийн буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны дотор албан татвар төлөгч бүрээр нэгдсэн системээс баталгаажуулан гаргасан мэдээллийг хянаж тэмдэглэл үйлдэн, албан татварыг буцаан олгуулах саналын хамт Сангийн яаманд хүргүүлдэг. Сангийн яам түүнийг нь ажлын 45 хоногт багтаан шийдвэрлэдэг журамтай. Ингээд Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн бүртгүүлсэн банкны дансанд шилжүүлнэ. НӨАТ-ын буцаан олголт ийм журмаар олгогддог.
Гэтэл энэ бүхнийг мэдэх учиртай зарим хүн НӨАТ-ын буцаан олголтыг зээлээр өгөх үйлчилгээг санаачилсан банкууд болон иргэдээ бодсон шийдвэр гаргасан төрийн байгууллагын удирдлагыг илтэд буруушааж, хууль бус гэрээ байгуулсан гэсэн ойлголтыг санаатайгаар тарааж, цуцлах болиулах тухай ярьж эхэллээ. Цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд ар хормойгоо авч, өврөө нөхөж, өнөөдрийг болгож байгаа иргэдийн хувьд Сангийн яамыг хэзээ НӨАТ-ын буцаан олголт өгөх бол гэж хүлээж суухын оронд банкнаас авчихаад, ажил төрлөө амжуулж байгаа нь өнөөдрийн хувьд бодит үнэн.
Адаглаад л, цагаан сар дөхөхөөр махнаас эхлээд шинэлэхэд хэрэг болох бүхний үнэ тэнгэрт хадчихдаг болохоор хэд хоногийн өмнө ч гэсэн хямд байгаа дээр нь авахыг бодолгүй яах вэ дээ. Ард түмэн гэж аман дээрээ ярьдаг арчаагүй улстөрчид амьдралаас тасарчихсан шийдвэр гаргадгаа больмоор юм.
Сэтгэгдэл ( 0 )