Махны нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлтэд анхаарал хандуулна

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

Махны нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тус салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хүргэж байна.


ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛД ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГЧ, САНАЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА


Дотоодын зах зээлд махны нийлүүлэлт багасч, үнэ нэмэгдсэн нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Үүнд улирлын хамаарал, ханшийн савлагаа, шатахууны үнэ, цаашлаад мал, мах бэлтгэлийн тогтолцоо сул, махны нөөц бүрдүүлэх арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр, цаг хугацааны хувьд оновчгүй зэргийг дурдаж болох бөгөөд махны экспорт голлон нөлөөлөөгүй гэж үзэж байна. Үүссэн нөхцөл байдал болон үүнтэй холбоотой тодорхой арга хэмжээ авах тухай Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас "Махны нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлт, хангамжийн талаар авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг"-ийг Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А-11 дугаар тушаалаар байгууллаа.

 


ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын махны холбоо, Мах импекс ХК, Мах маркет ХХК, Дархан меат фүүдс ХХК зэрэг төрийн болон төрийн бус байгуулага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтсан бөгөөд тус ажлын хэсэг тодорхой санал боловсруулан, Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.

 

Богино хугацаанд, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хурлыг яаралтай зохион байгуулж, 2019 онд экспортлох махны квотыг хүн амын дотоодын хэрэгцээтэй уялдуулж тогтоох, экспортын махны квотыг аж ахуйн нэгжүүдэд олгохдоо, хүсэлт гаргасан тоо хэмжээний 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах талаар гэрээ байгуулж ажиллах саналыг дэвшүүлж байгаа юм.


Мөн арилжааны банкны эх үүсвэрээр мах бэлтгэх үйл ажиллагаанд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар махны нөөц бүрдүүлэх, зөвхөн Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээнд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, мал бэлтгэл, махны нөөц бүрдүүлэлт, мах, махан бүтээгдэхүүний экспортын асуудлыг зохицуулан зохион байгуулах салбар дундын ажлын хэсгийг томилж ажиллуулах, зөвхөн мах, махан бүтээгдэхүүн гэлтгүй малын гаралтай, дайвар бүтээгдэхүүнийг бүрэн ашиглаж, үнэ цэнийг нэмэх, аймаг, сумдын нөөцөлсөн махны судалгааг гаргаж, орон нутгаас нийслэл хот руу оруулж ирж буй мал, маханд хяналт тавих зэрэг тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж байна.


Дунд болон урт хугацаанд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Махны үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг батлуулж хэрэгжүүлэх, Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд зах зээлд давамгай худалдааны зах, төвүүдийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх зэргээр хууль эрх зүйн орчныг шинэчлэх, өөрчлөх шаардлага бий.


Түүнчлэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэх журмыг шинэчилж батлуулах, мэдээллийн санг бүрдүүлж ашиглах, Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, дотоодын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих, махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг улсын төсвөөс биш Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөөр санхүүжүүлдэг байх нь зүйтэй гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзэж байна.


Ингээд хүнсний тэр дундаа махны салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулъя.


МАХНЫ САЛБАРТ ОЛОН ТӨРЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА


Үндэсний статистикийн газраас явуулсан мал тооллогын дүнгээс харахад Монгол Улс 2013 онд 45,1 сая, 2014 онд 51,9 сая, 2015 онд 55,9 сая, 2016 онд 61,5 сая, 2017 онд 66,2 сая мал тоолуулж, мал сүргийн тоо жил тутамд дунджаар 5 саяар өсчээ. Манай улсын нийт мал сүргийн 5,9 хувь нь адуу, 6,5 хувь нь үхэр, 0,6 хувь нь тэмээ, 45,4 хувь нь хонь, 41,2 хувь ямаа эзэлж байна. Мал сүргийн тоо сүүлийн таван жилд тасралтгүй өссөн нь нэг талаар эерэг мэдээ боловч бэлчээрийн даац хэтрэх, сүргийн бүтэц алдагдах, малын аливаа өвчин болон байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэх, нэгж малаас авах ашиг шим буурах, өвс, тэжээлийн нөөц хүрэлцэхгүй байх, малчдын амьжиргаа муудах, улмаар мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг сааруулах зэрэг сөрөг тал, эрсдэлийг дагуулж байгаа юм.


Тиймээс УИХ, Засгийн газрын бодлого, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаа нь бэлчээрийн даацад тохирсон, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой мал аж ахуй эрхлэх, сүргийн зохистой түвшинг хадгалах, малын эрүүл мэндийг хамгаалах, үүлдэр угсаа, ашиг шишийг сайжруулах өвс, тэжээлийн нөөцийг сайтар бүрдүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, улмаар мал аж ахуйн салбарын улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх зэрэгт чиглэж байна.


2018 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 66 сая 463.7 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 244.7 мянгаар өсөж, өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өсөлтийн хувь хэмжээ буурсан нь малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дотоодын хэрэгцээнээс давсан махаа нэмүү өртөг шингээн экспортолсны үр дүнд малын тоог тогтвортой хадгалж чадсан үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, малын тоо биш чанарт анхаарах ёстой гэж олон жил ярьсан асуудал биеллээ олж буй илрэл гэж тайлбарлаж болохоор байна. Нөгөөтэйгүүр нийт сүргийн 86,6 хувийг эзэлж буй бог малын мах бэлтгэлд хязгаарлалт тогтоохгүйгээр үхэр, адууны мах бэлтгэхэд квот тогтоож байгаа нь сүргийн бүтцийг харгалзан үзэж байгаа хэрэг юм. 


Манай улс хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 10-12 сая толгой мал хэрэглэдэг. Бид дотоодын махны хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй цаашид жил бүр 9 сая толгой мал буюу 180 гаруй мянган тонн мах экспортлох боломжит нөөц бийЭнэ ч утгаараа 2018 оны экспортын гүйцэтгэлээр 70,4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлоод байна. Энэ нь мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг 50 мянган тонн хүргэнэ гэсэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэгдсэн үзүүлэлт бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 4,4 сая малыг экспортод гаргаж, 154.1 сая ам.доллар буюу 400 орчим тэрбум төгрөгийн орлого олжээ.


Махны төрөл, экспортолсон улсаар нь авч үзвэл, өнгөрсөн онд Азербайжан, БНАСАУ, БНХАУ, Вьетнам, Иран, Испани, Казакстан, Катар, Киргизстан, Малайз, Арабын нэгдсэн Эмират улс, ОХУ, Хонконг, Узбекстан, Япон гэсэн 15 улс орон руу хонь, ямаа, үхэр, адууны мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна. Үүнийг өмнөх онуудтай харьцуулахад экспортын мах, махан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, дулааны аргаар боловсруулсан махны экспорт өссөн үзүүлэлт юм. 

 

Экспортод чиглэсэн бодлого, үйл ажиллагаанаас гадна дотоодын махны хангамжийг тогтворжуулах арга хэмжээний хүрээнд мал, мах бэлтгэхэд зориулан өнгөрсөн онд арилжааны банкны зээлийн хүүгийн хөнгөлөлтөөр Улаанбаатар, Дархан хотын иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан тухайн жилийн 4-6 дугаар сард нийт 12.8 мянган тонн махыг зах зээлийн үнээс 10-30 хувийн хямд үнээр 100 гаруй худалдааны цэгээр худалдаалж, хэрэглэгчдэд нийлүүлсэн байдаг.


Уг ажлыг үргэлжлүүлэн, Улаанбаатар хотын хүн амын 2019 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлийн эх үүсвэрт хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар аж ахуйн нэгжүүдтэй хамтран махны нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Тус арга хэмжээг санхүүжүүлэхээр 2019 оны улсын төсөвт 4.6 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр бүхий 7 аж ахуйн нэгжээс нийт 10 мянган тонн мах бэлтгэж нөөцлөх талаар хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн байна. Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээ дунджаар 12.2 мянган тонн байдаг. Ингээд үзэхээр уг арга хэмжээг хэрэгжүүлснээр нийслэл хотод хаврын улиралд махны хомсдол үүсэх, үнийн хэт хэлбэлзлээс сэргийлэх нөхцөл, боломж тодорхой хэмжээнд бүрдэнэ гэж үзэж байна.


Энэ бүхэн нь өнгөрсөн оны 6 дугаар сараас Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны тухай хуулийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны 42 дугаар тогтоолоор батлагдсан "Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-д хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх, эрүүл аюулгүй, шим тэжээллэг хүнсээр иргэдээ хангах, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг биелүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаагийн үр дүн юм. 


Мөн "Мах, сүүний анхдугаар аян"-ыг үндэсний хэмжээнд өрнүүлж, мах, сүүний хангамжийг сайжруулах хууль эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх, энэ чиглэлийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог оновчтой болгох, боловсруулах салбарыг хөгжүүлэх, мах, сүүний дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр тодорхой арга хэмжээ авч байна.


Улсын хэмжээнд мал төхөөрөх 52 үйлдвэр, мах боловсруулах 110 үйлдвэр байгаагаас 103 үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Салбарын хэмжээнд нядалгааны 100 хоногт нийт 2.6 сая толгой бог, 608 мянган толгой бод төхөөрөх хүчин чадал суурилагдсан. Гэвч мал төхөөрөх үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлын 10-20 хувийг ашиглаж байна. Энэ нь мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүй, үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө дутагдаж байгаа зэрэгтэй холбоотой. Тиймээс түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэхэд малчдыг хоршоо хэлбэрт шилжүүлж, дотоодын үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, менежментийг нь сайжруулж, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулж арилжаа хийдэг байх нь зүйтэй гэж үзэн, 2019 онд жишиг хоршоо байгуулах чиглэлд ажиллана.


Энэ ажилд жижиг, дунд үйлдвэр, хоршоо, малын эрүүл мэнд, үржил, бүртгэл зэрэг яамны бүтцийн нэгж, харьяа байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөртэй нягт уялдаатай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Үүний эхлэл болгож, эрүүл, чанарын баталгаатай махыг хэрэглэгчдэд, гэмтэлгүй арьсыг үндэсний үйлдвэрүүдэд хүргэх зорилготой "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоо" арга хэмжээг энэ оноос улс орон даяар хэрэгжүүлэхээр боллоо.


Түүнчлэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжих, боловсруулах үйлдвэрт нийлүүлэх зарим түүхий эд, бүтээгдэхүүний улирлын хамаарлыг багасгах, мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний валютын гадагш урсгалыг дотоодын үйлдвэрлэл рүү чиглүүлж, импортыг үе шаттай бууруулах зорилготой "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөр оны эхнээс хэрэгжиж эхлээд байна.


Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.42.11) 2019 оны 01 сарын 12

Цаг алдсанч арга хэмжээ оротойгүйээ. Энэ ярингдаад байгаа хятадуудын мах хадгалж байгаа газруудад шалгалт хийж, эрүүл ахуйн шаардлага тавих, тээвэрлэлтэнд нь анхаарах, цаашид Хятад хүмүүс монголд мах зарахыг хориглох, тэдэнтэй хамтран ажилладаг монгол иргэдийг ч анхааралдаа авч эрүүл хүнсний асуудлаа цэгцлээрэй.

0  |  0
Top