1465 монгол хүүхэд гадаадад төржээ

2019 оны 01 сарын 15

  

2018 оны жилийн эцсийн байдлаарх  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


-Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд  өмнөх сараас 0.6 хувь өсч, өмнөх оны жилийн эцсээс 8.1 хувь өссөн байна.


-Улсын хэмжээнд 2018 онд нийт 508.1 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх  оноос 3.1 хувиар буурчээ.


-Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 15.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2.7 их наяд төгрөгөөр өсөв.


-Монгол Улсын хүн ам 2018 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болж, өмнөх оноос 61.6 мянган хүнээр өслөө.


Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 78 993 хүүхэд төрсний 77 528 нь Монгол Улсад, 1465 нь гадаадад төрсөн байна.


Төрсөн хүүхэд өмнөх оноос 3259-өөр, нас барсан хүн 1518-аар тус тус өсчээ. 1000 хүнд ногдох төрөлт Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 1.5-3.4 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.2-12.3 пунктээр доогуур байна.


1000 хүнд ногдох нас баралт Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.1-0.5 пунктээр дээгүүр, харин Архангай, Дархан-Уул, Дорнод, Увс аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-1.8 пунктээр доогуур байна. 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Баян-Өлгий, Говьсүмбэр, Ховд, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 2.0-4.0 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.2-11.9 пунктээр доогуур байна.


-Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны  эцэст 36.2 мянга, үүнээс 25.0 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.2 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.


Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 2018 оны эцэст 25.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 486 хүнээр буурч, өмнөх сараас 782 хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 13.2 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8.3 мянга нь Улаанбаатарт, 5.6 мянга нь Хангайн бүсэд, 4.3 мянга нь Төвийн бүсэд, 4.3 мянга нь Баруун бүсэд, 2.4 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.


Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 437 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 203 нь эмэгтэйчүүд байна.


-Манай улсад 2018 оны эцэст 95 орны 4.5 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа нь өмнөх оноос 3 орноор өсч, ажиллагчид 201 хүнээр буурчээ.


Хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 3.7 мянга нь эрэгтэй, 0.8 мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт гадаадын ажиллагчдын 36.6 хувь нь БНХАУ-ын, 10.5 хувь нь Австрали Улсын, 6.7 хувь нь ОХУ-ын, 6.1 хувь нь БНСУ-ын, 5.9 хувь нь АНУ-ын, 5.3 хувь нь БНСВУ-ын, 3.3 хувь нь Канад Улсын, 3.3 хувь нь Англи Улсын, 3.3 хувь нь Филиппин Улсын,19.0 хувь нь бусад улсын харьяат иргэд байна.


Өмнөх оноос манай улсад хөдөлмөр эрхэлж буй Австрали Улсын иргэд 218, Филиппин Улсын иргэд 57, БНСВУ-ын иргэд 45, Англи Улсын иргэд 31 хүнээр өсч, БНХАУ-ын иргэд 114, АНУ-ын иргэд 69, ОХУ-ын иргэд 43, БНСУ-ын иргэд 32, Канад Улсын иргэд 21 хүнээр буурчээ.


-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2018 оны эцэст 283 бүртгэгдэж, өмнөх оноос 49 -өөр буурсан байна. Эдгээр тохиолдлын 279  нь үйлдвэрлэлийн осол, 4  нь хурц хордлого байна.


Харин үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2018 оны 4 дүгээр улиралд 83 бүртгэгдэж өмнөх улирлаас 7-гоор өссөн байна.


Нийт осолдогчдын 24  нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан шалтгааныг авч үзэхэд голчлон унасан, бүдэрсэн, хальтарсан болон эд зүйлд хавчуулагдсан байна.


-Монгол Улсын хэмжээнд 2018 онд 36.4 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.1 мянга нь бүтэн өнчин хүүхэд, 33.3 мянга нь хагас өнчин хүүхэд байна.


Бүтэн өнчин хүүхэд 2018 онд өмнөх оноос 261 хүүхдээр буурчээ.Нийт өнчин хүүхдийн 3.7 мянга нь 0-4 насны, 9.2 мянга нь 5-9 насны, 12.3 мянга нь 10-14 насны, 4.0 мянга нь 15 насны, 3.7 мянга нь 16 насны, 3.5  мянга нь 17 насны хүүхэд байна.


-Өрх толгойлсон эх 2018 онд 72.0 мянга болж, өмнөх оноос 4848- аар, буурсан бол өрх толгойлсон эцэг 19.9 мянга болж, өмнөх оноос 712-оор буурчээ. Өрх толгойлсон эхчүүдийн 40.0  мянга нь 3 хүртэлх, 25.6 мянга нь 3-5 хүртэлх, 6.4 мянга  нь 6, түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.


-Ганц биеэрээ амьдарч буй өндөр настай хүн 2018 оны эцэст 39.6 мянга болж, өмнөх оноос 4.6 хувиар өссөн байна. Ганц биеэрээ амьдарч буй өндөр настай хүний 10.3 мянга нь 60, түүнээс дээш насны эрэгтэйчүүд, 29.3 мянга нь 55, түүнээс дээш насны эмэгтэйчүүд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top