АТГ: Л.Бямбааг Салхитын ордтой холбогдуулан шалгаж байсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 25

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн бага хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч байна.


ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дээрх хэргийг АТГ-аас тодруулахад "Салхитын мөнгөний орд газартай холбоотой хээл, хахууль өгч, авсан хэрэг гарсан. Талийгаач Л.Бямбаагийн гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж, нотлох баримтыг хурааж авсан. Улмаар 48 цагийн хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргаад, саатуулан шалгаж байсан. Мөрдөн шалгалтын явцад талийгаач хээл, хахууль авахад хамтран оролцогчоор оролцсон гэж нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс цагдан хорьж, шалгаж байсан. Хэргийг одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа" гэх тайлбарыг өглөө.

***

АТГ-аас өнгөрсөн баасан /2019.02.22/ гарагт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудаж, мэдүүлэг авсан билээ. Түүнийг тавантолгойг тойрсон хэрэгт холбогдуулан гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Тэгвэл эл хэргийг АТГ-аас тодруулахад "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокурорт хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгах хүсэлтийг хүргүүлсэн. Тухайн асуудал нь өмнө нь АТГ-т шалгагдаж байсан, хэрэг бүртгэлийн хэрэг нээчихсэн байсан. Энэ хэрэгт хамтатган шалгах материал ирүүлсэн байдаг. Энэ материалыг нь хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийг дуудаж, гэрчээр мэдүүлэг авсан. Хэдэн хүн шалгагдаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өгч байна. 

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөртөө нь холбоотой 178 хуудас баримт, материалыг олон нийтэд ил болгохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байгаа юм.  

***

"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг гадны "Стандарт" банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр "Жаст"-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан, шалгаж байгаа билээ. Тэгвэл эл хэрэгт Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Д.Сугарыг холбогдуулан өнгөрсөн оны зургадугаар сард АТГ-аас дуудаж, байцаалт авсан байдаг. Тэгвэл АТГ-аас дээрх хэргийг тодрууллаа. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хэлэхдээ "Д.Сугарыг шалгаж байгаа. Удахгүй хэрэг нь шийдэгдэнэ" гэх мэдээллийг өглөө. 

***

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюу толгойн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэднийг өнгөрсөн оны тавдугаар сард хилийн хориг тогтоож, батлан даалтад гарган мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаа ямар шатандаа яваа талаар АТГ-аас тодруулахад "Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнгөрсөн тавдугаар сард батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Нэлээн ахиц гарсан гэж ойлгож болно. Боломжит хугацаанд хэргийг шийдвэрлэх болно" гэх мэдээллийг өглөө. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Хэвлэлийн хурлаар сэтгүүлчдэд өгсөн мэдээллийг товчоор хүргэе. 

Төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр шуурхай ажиллаж байна

Иргэдийг төрийн үйлчилгээ авахад учирч буй хүнд суртал, чирэгдлийг арилгах, шат дамжлага, авлигын эрсдлийг бууруулах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилтуудыг хангах чиглэлээр Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд салбар, яам, агентлагуудад ажиллаж байна. Ажлын хэсгүүд төрийн байгууллагуудын авлигад өртөх эрсдэл өндөртэй үйлчилгээ буюу тусгай зөвшөөрөл, эрх олгох зэрэг үйлчилгээний нөхцөл байдлыг газар дээр нь тодорхойлж, эрсдлийг бууруулах үйл ажиллагааг нь ил тод болгох, иргэд олон нийтийн хяналтад оруулах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, давхардал, хийдлийг арилгах ажлыг яам, агентлагтай хамтран шийдвэрлэхийн зэрэгцээ үйлчилгээ авахтай холбоотой тулгарч байгаа хүндрэл, чирэгдлийн талаар иргэд, олон нийтийн дуу хоолойг сонсож уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, түүний мөрөөр тодорхой тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал,

 

  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас үзүүлж буй гадаадын иргэн авч ажиллуулах зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах, урилга олгоход аж ахуйн нэгжүүд улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, нийгмийн даатгалын НД-7, НД-8 маягт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, иргэний лавлагаа зэрэг долоон төрлийн материалыг давхардуулж авдаг. Ингэснээр зөвхөн 2018 онд гадаадаас ажиллах хүчин, мэргэжилтэн авах зөвшөөрлийг олгох, сунгах, цуцлах болон урилга олгосон 943 боть архивын материал үүсчээ. Энэ нь тус салбарын ажилтнуудад зохиомол ажлын ачаалал үүсэх, иргэн, аж ахуйн нэгжид шат дамжлага ихтэй, хүндрэлтэй үйлчилгээ болж авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж байна. Иймд уг үйлчилгээг тодорхой үе шаттайгаар цахимжуулах, цаашлаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам түүний харьяа агентлагуудын үзүүлж буй төрийн үйлчилгээг төрийн мэдээллийн нэгдсэн системд холбох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүдийн дунд уулзалт зохион байгуулж, гарц шийдлийн талаар хэлэлцэв. Үүний үр дүнд Сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны эхний хагас жилд багтаан зарим мэдээллийн цахимаар авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
     
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл” олгох үйлчилгээг авсан аж ахуйн нэгж, иргэдийн дунд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын зүгээс дээрх үйлчилгээг авахад журмаар тогтоосон бүрдлээс өөр бичиг баримт шаарддаг, иргэдийн өргөдөл, хүсэлтэд хариу өгөх хугацаа ойлгомжгүй, хариугаа авахын тулд дахин дахин хандахад  хүргэдэг, албан хаагчдын мэдлэг, чадвар муу /тухайлбал, гадаад улсаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүний дагалдах бичиг баримтыг орчуулах шаардлага тавих, бараа бүтээгдэхүүний гарал үүслийн талаар мэдээлэл авч ажилдаа ашиглах ур чадвар суугаагүй/  зэрэг олон асуудлуудыг хөндсөн. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг уг үйлчилгээнд хөндлөнгийн хяналтын тогтолцоо бий болгох, цаашлаад цахимжуулах ажлыг түргэсгэх шаардлагатай гэж үзэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран холбогдох арга хэмжээг авч ажиллаж  байна.
     
  • Шалган бүртгэх товчоодоор нэвтрэхэд төлбөр хураах нэрийдлээр түгжрэл саатал үүсгэдэг тухай иргэдээс гомдол, мэдээлэл байнга ирдэг. Энэ нь нэг талаас төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, зохион байгуулалтаас шалтгаалдаг. АТГ-аас Нийслэлийн Авто замын газар, Замын хөгжлийн төв, Зам тээврийн яам зэрэг төрийн байгууллагуудтай хамтран газар дээр нь ажиллаад хоорондоо ойрхон байрладаг Баруунтурууны ба Рашаантын буюу 361 дүгээр гармын товчоог нэгтгэж, Баруунтуруун дахь 9 эгнээгээр зорчих цэгт төвлөрүүлэн тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүллээ. Цаашид бусад товчоодыг нэгтгэх, төлбөр хураалтыг цахимжуулж орчин үеийн ухаалаг техник технологиор шийдвэрлэх, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх үйлчилгээг сайжруулах, хүнд суртлыг халах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана.
     
  • АТГ жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, эрх сэргээх, ангилал ахиулах, үнэмлэхний лавлагаа өгөх, тусгай дуут дохио болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгож буй үйл явц болон мэдээллийн ил тод байдалд хяналт тавьж ажиллалаа. Жолоодох эрхийн үнэмлэх, солих нөхөн олгож байгаа үйл ажиллагааны нөхцөл байдал, хууль, тогтоомж зөрчиж байгаа эсэх, түр үнэмлэх олгож байгаа асуудалд хяналт тавих, зарим  үйлчилгээ олгож байгаа явц байдалтай газар дээр танилцаж ажилласан ба цаашид үйл ажиллагаагаа сайжруулах, иргэдэд чирэгдэлгүй, нээлттэй, ил тод үйлчлэх, гарч буй зөрчил дутагдлыг арилгах, үйл ажиллагаандаа мөрдөж буй дүрэм журамд өөрчлөлт оруулах, шинэчлэн сайжруулах чиглэлээр холбогдох зөвлөмжийг хүргүүлэхээр ажиллаж байна.

Дүнжингарав худалдааны төв, Драгон, Мишээл экспо, 6 буудал дахь нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд “ИРГЭНИЙ ХЯНАЛТЫН ТӨВ”-ийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Иргэний хяналтын төвд АТГ-ын албан хаагчид болон Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд төвлөрөн сууж ажиллаж байна. Иргэний хяналтын төвүүдэд ажиллах явцад иргэдээс төрийн үйлчилгээний талаар, мөн төрийн албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг хүлээн авч, арга зүйн зөвлөгөө өгч, ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг шуурхай шийдвэрлэж байна.

Орон нутагт ажилласан дүнгээр илэрсэн зөрчил, дутагдалд тулгуурлан авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, орон нутагт давтагдан гарсаар байгаа зөрчлүүдийг дахин гаргуулахгүй байх, таслан зогсоох арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон зөвлөмжийг аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт гардуулан өглөө. Түүнчлэн буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцож, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
 

Орон нутагт давтагдан гарсаар байгаа нийтлэг зөрчлүүд

  • Хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг,
  • Худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, танил тал, хамаарал бүхий этгээддээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог,
  • Төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас төсөвт хохирол учруулдаг,
  • Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулж, нөхөн сэргээлт нэрээр гэрээ байгуулан ашигт малтмалын олборлолт явуулдаг,
  • ИТХ-ын даргын нөөц хөрөнгө гэх төсвийн эх үүсвэрийг зарим аймагт бий болгосон,
  • Албаны үйл ажиллагаандаа улстөржсөн байдлаар ханддаг, төрийн үйлчилгээнд хүнд суртал үүсгэдэг

 

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхээр байгуулсан Иргэний хяналтын зөвлөлийн 21 аймаг дахь гишүүдийг чадавхижуулах сургалт хийлээ. Эдгээр Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд нь төрийн бүх шатны байгууллагад иргэдийн хяналтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 126 гишүүн 21 аймаг, яам, агентлаг, нийслэл, дүүргийн хэмжээнд АТГ-тай байгуулсан гэрээний дагуу ажиллаж байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах төрийн байгууллагуудад ажиллаж, хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал,

 

  • “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-д 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр “байгууллага, иргэдээс тавьсан хүсэлтийг шийдвэрлэх”, “шагнал, урамшуулал, нэг удаагийн буцалтгүй тусламж, дэмжлэг”-т Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулж болохоор журамласан нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсч болох, мөн орон нутагт Засаг даргын нөөц хөрөнгөтэй холбоотой зөрчил дутагдлыг өөгшүүлсэн зохицуулалт болсон гэж үзэн саналыг холбогдох байгууллагад хүргүүлэхэд бэлдэж байна.

 

  • Урьдчилан сэргийлэх чиглэлээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт дараахь чиглэлээр ажиллаж байна. Үүнд: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг хуульд зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлөх хуультай. Гэтэл 2017 онд Засгийн газраас тогтоосон хэмжээнээс илүү гарсан гадаадад ажиллах хүчний зөвшөөрлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын шийдвэрээр олгож байсан бөгөөд дээрх хуульд заасан татварыг төлүүлэлгүй зөвшөөрөл өгч, давуу байдал бий болгосон байж болзошгүй асуудлыг хянан үзэж байна.

 

  • Хуулиар эрх олгоогүй байхад татвар, төлбөр, хураамжийн хувь, хэмжээг тогтоох улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр иргэд, аж ахуйн нэгжээс төлбөр, хураамж авч Төрийн санд бүртгэлгүй дансанд төвлөрүүлэх зэрэг зөрчлүүд аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд түгээмэл байна. АТГ дээрх хууль бус тушаал, шийдвэрүүдийг хянан үзэж, авлига гарах нөхцөл, боломж бүрдүүлсэн гэж үзэн хүчингүй болгуулах арга хэмжээг шат дараатай авч буй юм. Тухайлбал, Хэнтий, Сүхбаатар аймгууд руу зарим тогтоол, шийдвэрийг хүчингүй болгож хуульд нийцүүлэхээр явуулсан албан бичгүүдийн хариу ирсэн байна.

 

  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд төрийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ашиглан Замын-Үүд-Эрээний боомтоор дараалалгүйгээр зорчигч, ачаа тээвэрлэж хууль бус ашиг, орлого олж байгааг таслан зогсоох үүргийг Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа А.Энхтөрд өгсөн. Үүргийн дагуу Замын-Үүд боомтын зөвлөл хуралдаж, дээрх хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шийдвэр гаргаж, төрийн байгууллагуудад албан бичгээр хүргүүлж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Авлигатай тэмцэх газарт хариу ирүүлсэн байна.

 

  • Эрчим хүчний яамнаас зарласан “Эрдэнэтийн дулааны цахилгааны станцын шинэчлэлт” төслийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтын шаардлагыг дур мэдэн өөрчилсөн болохыг АТГ авлигаас урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд тогтоож, энэ зөрчлийг арилгаж, сонгон шалгаруулалтыг хууль, тогтоомжид нийцүүлэн явуулах зөвлөмж, чиглэлийг яаманд хүргүүлэв. Шалгалтаар сонгон шалгаруулах ажлын хэсэг нь зарын дагуу материалаа ирүүлсэн 3 иргэний материалыг хэлэлцээгүй атлаа уг ажлын байранд тавигдах шаардлагыг үндэслэлгүйгээр өөрчилсөн нөхцөл байдал тогтоогдов.

 

  • АТГ шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн. Уг ажлын хүрээнд шинээр боловсруулсан сургалтын хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан, сургалтын менежер зэрэг албан тушаалд ажиллаж буй 40 албан хаагчид зааж, тэдгээрийн санал, хүсэлтийг хүлээн авав.

 

  • Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагын удирдах албан тушаалтны зөвлөгөөн, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд оролцож тухайн салбар, байгууллагын хэмжээнд гарч буй авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь авлигын эрсдэл, түүнээс хамгаалах механизм” сэдвийн хүрээнд товч мэдээлэл боловсруулсан ба уг мэдээллийг 2019.02.21-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй удирдах ажилтны зөвлөгөөний үеэр орон нутгийн Хөдөө аж ахуйн газрын дарга нарт зориулсан салбар сургалт-семинарт оролцож, мэдээлэл хийлээ. Сургалт, мэдээлэлд 17 аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зарим албан тушаалтнууд хамрагдсан болно.

 

  • Сайн туршлага: Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн Авлигатай тэмцэх газраас баталсан “Авлигын эрсдлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу өөрсдийн үйл ажиллагаанд эрсдлийн үнэлгээ хийж, уг эрсдлийг бууруулах ажлын төлөвлөгөө гаргасан. Түүнчлэн Авлигын эсрэг хуульд заасан авлигаас урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлэх зорилгоор байгууллагын хэмжээнд “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх төлөвлөгөө” гарган ажиллаж байна.

АТГ-ын Судалгаа шинжилгээний албанааc зарим төрийн байгууллагуудын авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж байна.

Авлигын эрсдлийг үнэлэх төрийн байгууллагууд:

  1. Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг
  2. Нийслэл Өргөө амаржих газар
  3. П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг
  4. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  5. Халдварт өвчин судлалын үндэсний төв
  6. Гэмтэл согог судлалын үндэсний төв
  7. Монгол Улсын Их сургууль
  8. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
  9. Монгол Улсын Боловсролын их сургууль
  10. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  11. Авто тээврийн үндэсний төв
  12. Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл
  13. МИАТ ТӨХК
  14. Монгол шуудан ТӨХК
  15. Хөдөө аж ахуйн бирж ТӨХК

 

Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт нарийвчилсан шалгалт хийв

Төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт нарийвчилсан хяналт шалгалтыг явуулж байна.

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгасан байна.

Үүнээс:  

 

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежер Д.Даваасүрэн,
  • Мөн сургуулийн сургалтын менежер Ц.Цэрэнхүү,
  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл,
  • Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарын 4 этгээдийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасны дагуу тус тус албан тушаалаас чөлөөлсөн.

Мөн:

 

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежер Н.Манлай,
  • Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын ерөнхий зураач Г.Ганбаатар,
  • Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат,
  • Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хөдөлмөр эрхлэлтийн тасгийн дарга Г.Ганзориг,
  • Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Я.Оюунсүрэн
  • Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр,
  • Нийслэлийн соёл урлагийн гаүрын дарга Ж.Дамдинцэрэн,
  • Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ,
  • Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хууль, хяналтын хэлтсийн дарга Г.Мөнхнасан
  • Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Амарбаяр нарын 10 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-т заасны дагуу цалингийн хэмжээ бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.

Нийтийн албанд томилогдох 944 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянав

Тус хэлтэс тайлант хугацаанд Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 944 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүллээ. Түүнчлэн гомдол, мэдээлэлтэй холбогдуулан 1 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нарийвчлан шалгаж энэ талаарх хариуг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэж, хяналт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 5 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хянан үзэхэд тэдгээр нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсгэх тул мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэн ажиллах талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хариуг хүргүүлсэн.

Үүнд:

 

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харъяа Хэнтий аймгийн шинжилгээний албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Адилбаяр
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Ө.Сумъяабаатар
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн О.Хуягтцогт
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Д.Бямбасүрэн
  • Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн К.Хавдилмалик нар тус тус байна.

Шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам” болон хуульд заасан болзол шаардлагыг хангахгүй албан тушаалтнууд томилогдохоор нэр дэвшиж байгаа тохиолдол гарч байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газраас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.

Иргэдээс ирүүлсэн 41 гомдлыг хянан шийдвэрлэсэн

Тайлант хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 41 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд дараахь албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна. Үүнд:

Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга нь тус сумын Засаг даргын Тамгын газрын Хурлын танхим тохижуулахад зориулж мөн суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинь Шинь” ХХК-иас 29,591,502 төгрөгийн хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж заасан хязгаарлалтыг зөрчсөн байна. Б.Баттулгад хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаарх хариу ирүүлэхийг Дорнод аймгийн Засаг даргад хандаад байна.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Төрмөнх, мөн сумын Могойн гол багийн бага сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг нарт албан тушаалын цалингийн хэмжээг нэг сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан.

Хэрэг бүртгэлтийн 280 хэрэг шалгаж байна

Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 2 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 13 гомдол, мэдээлэл буюу 39.4 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 10 гомдол, мэдээлэл буюу 30.3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 1 гомдол, мэдээлэл буюу 3.0 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 9 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 72.8 хувьтай байна.

Хүлээн авч шалгасан 33 гомдлын 18 буюу 54.5 хувийг Улаанбаатар, 15 буюу 45.5 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

2019 оны 2 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 377 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 7 буюу шалгасан хэргийн 1.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 23 буюу шалгасан хэргийн 6.1 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 3 буюу шалгасан хэргийн 0.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгаж, одоо 343 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 280 хэрэг, мөрдөн байцаалтын 63 хэрэг байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 9.0 хувийг шийдвэрлэсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top