БНХАУ-ын улс төрийн хүрээнд жилд нэг удаа “Хоёр чуулган” гэх томоохон арга хэмжээ болдог. "Хоёр чуулган" гэдэг нь Хятадын 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган болон БНХАУ-ын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хоёрдугаар чуулган юм. Түүнчлэн энэ жил Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. 70 жилийн хугацаанд хоёр улсын Засгийн газар болон ард түмний хамтын зүтгэлээр хоёр улсын харилцааны хөгжил асар их амжилтад хүрсэн гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин "Хоёр чуулган"-ы талаарх хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлж байлаа.
Энэхүү 70 жилийн ойг тохиолдуулан талууд хэд хэдэн өндөр дээд хэмжээний харилцан айлчлалыг төлөвлөжээ. Талуудын хамтын хичээл зүтгэлээр Хятад, Монгол хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл илүү бэхжиж, бодит хамтын ажиллагаа илүү гүнзгийрнэ гэдэгт урд хөршийнхөн итгэлтэй байгаа аж. Мөн хоёр улсын ард түмний харилцаа улам ойр дотно болж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөрш орнуудын харилцаанд үлгэр жишээ болно гэв.
Түүнчлэн Хятад улс дундаж чинээлэг нийгмийг бүх талаар цогцлон бүтээж, нэгдүгээр 100 жилийн зорилтоо биелүүлэх онцгой жил болж байгаагаараа энэ жилийн “Хоёр чуулган” олон улсын анхаарлыг ихээхэн татаж байна. Хоёр чуулган”-ы эхлэл болдог Засгийн газрын ажлын тайланг Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян танилцуулж, 2018 онд хийж бүтээсэн ажлаа дүгнэхийн сацуу 2019 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Хятадын хот, хөдөөгийн иргэдийн амьжиргааны түвшин мэдэгдэхүйц сайжирсан
Өнгөрөгч 2018 он Хятадын нийгэм, эдийн засагт маш чухал ахиц дэвшилтэй байжээ. Эдийн засаг нь тогтвортой өсч, ард түмний аж амьдрал тасралтгүй сайжирсан байна. Эдийн засгийн өсөлт 6.6 хувьд хүрч, ДНБ-ий нийт хэмжээ 90 их наяд юань болжээ. Хот суурин газарт 13.6 сая хүн шинээр ажлын байртай болж, 13.8 сая иргэнийг ядуурлаас гаргасан байна. Хот, хөдөөгийн иргэдийн амьжиргааны түвшин мэдэгдэхүйц сайжирчээ.
Мөн нийлүүлэлтэд тулгуурласан бүтцийн шинэчлэл гүнзгийрч, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсээр байгааг Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян тайландаа дурджээ. Ган, төмөр болон нүүрсний салбарын үйлдвэрлэлийн илүүдлийг арилгах ажил ахицтай байж, үйлдвэрлэлийн бүтцийг эрчимтэй шинэчилсэн байна. Урд хөршийн Засгийн газар энэ онд Татварыг бууруулах бодлого хэрэгжүүлж, аж ахуйн нэгж болон хувь хүний албан татварын зардлыг 1.3 их наяд юаниар бууруулж, банк санхүүгээр үйлдвэрлэлийг дэмжжээ.
Гадаад улс орнуудад нээлттэй байх төрийн бодлогоо үргэлжлүүлнэ
Хятад улс гадаад улс орнуудад нээлттэй байх төрийн бодлогоо үргэлжлүүлж, Хятадын хөгжил дэлхийн эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан гэдгийг онцолж байлаа. Хятадын анхдугаар Олон улсын импортын Экспог амжилттай зохион байгуулж, Хайнаны чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, гаалийн татварын ерөнхий түвшин 9.8 хувь байснаас 7.5 хувь хүртэл буурснаар бараа бүтээгдэхүүний экспорт, импортын нийт дүн 30 их наяд юаниас давжээ. Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компани 70 хувиар нэмэгдсэн байна. Бодитоор ашигласан гадаадын хөрөнгийн хэмжээ 138.3 тэрбум ам.доллар байж, Хөгжиж буй орнуудын дунд тэргүүлжээ.
70 жилийн ойгоо онц дүнтэйгээр тэмдэглэнэ
Хятадын Засгийн газар болон ард түмэн нийгэм, эдийн засгийн тасралтгүй эрүүл хөгжлийг хадгалахаар хичээхээ мэдэгдэв. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо онц дүнтэйгээр тэмдэглэх болно гэдгээ БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэлж байлаа.
Хятад улс 2019 онд эдийн засгийн өсөлтийг 6-6.5 хувь байлгах, 11 саяас дээш хүнийг шинэ ажлын байраар хангах, хот суурин газрын бүртгэлтэй ажилгүйдлийн түвшинг 4.5 хувь дотор байлгах болон 10 саяас дээш иргэдийг ядуурлаас гаргах зорилт тавьжээ. Зорилтуудаа биелүүлэхийн тулд энэ удаагийн “Хоёр чуулган”-аар гурван бодлого тогтоосон байна. Нэгт, “Гадаадын хөрөнгө оруулалтыг татах”. Хоёрт, “Эрч хүчийг нэмэгдүүлэх”. Үйлдвэрлэлийн салбарт өнөөдрийн мөрдөгдөж байгаа 16 хувийн татварыг 13 хувь болгон багасгаж, хот суурин газрын ажилчдын тэтгэврийн даатгал төлөгч байгууллагын хураамжийг бууруулж 16 хувь болгох боломжтой аж. Ингэж татвар, хураамжийг бууруулснаар ААН-ийн дарамтыг багасгаж, зах зээлийг эрчимжүүлэх гэнэ.
Гуравдугаарт, “ААН-ийн Гадагш гарахыг дэмжих”. Хятад улс гадаад улс орнуудад хөрөнгө оруулах хамтын ажиллагааны эрүүл, дэг журамтай хөгжлийг үргэлжлүүлэн дэмжинэ. ААН-үүд өөрсдийн давуу талаа ашиглан, олон улсын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааг тэлэх юм.
Өнгөрсөн жил Хятад улсын гадаад харилцаа мөн гялалзсан амжилттай байжээ. БНХАУ-ын удирдагч Си Жиньпиний гадаад харилцааны үзэл санааны удирдах байр суурийг баталсан байна. 2018 онд Бо-Ао-гийн Азийн форум, Чиндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний форум, Бээжин хотноо болсон Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум, мөн Анхдугаар удаагийн Олон улсын импортын Экспо зэрэг олон улсын чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ.
“Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг илүү чанартай хөгжүүлнэ
“Нэг бүс нэг зам” санаачилга тасралтгүй үр дүнгээ өгсөн гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэллээ. Тухайлбал, “Бүс ба зам” дагуух орнуудын хамтын ажиллагааны механизм илүү боловсронгуй болж, харилцаа холбоо эрчимжсээр байгаа юм. "Хятад улс дэлхийн тайзны төв рүү өдрөөс өдөрт ойртсоор байна" гэж Си Жиньпин хэлсэн байдаг. БНХАУ дэлхий нийтийн энх тайвныг хамгаалах, хүн төрөлхтний хөгжлийн төлөө илүү их хувь нэмэр оруулна гэж мэдэгддэг.
Хятадын гадаад харилцааны хамгийн томд тооцогдох олон улсын арга хэмжээ болох хоёр дахь удаагийн “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумыг энэ жил зохион байгуулна. “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг илүү чанартай хөгжүүлэх аж.
Сэтгэгдэл ( 1 )
Баярлаа