Парламентын холбооны ОНЦ НОЦТОЙ дүгнэлтийг ЭРГЭН САНУУЛАХ НЬ

Админ | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

Одоогоос нэг жил хагасын өмнө буюу 2017.09.11-13-ны өдрүүдэд Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хороосон хэрэгт буруудан, ял шийтгүүлсэн гурван яллагдагчийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэсэн ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авах зорилгоор Монгол Улсад албан томилолтоор ажиллаж байдаг. Тэд үүн дараа гаргасан тайландаа Монголын хууль, хяналт, шүүхийн байгууллагыг эрс буруушаасан дүгнэлт гаргасан ба С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаарх тэрхүү дүгнэлт нь тун ноцтой баримтуудыг агуулж байсан юм. 

Zindaa.mn сайт 2018.03.29-нд энэхүү тайлангийн дүгнэлтийн мэдээллийг анх олон нийтэд дэлгэж, Олон улсын парламентын холбооны танилцуулсан үйл ажиллагаа, баримтаас анхаарал татах дүн шинжилгээ, эргэлзээ сэлтийг цувралаар уншигчдад хүргэсэн байдаг.  

2018 оны гуравдугаар сарын 29-нд  www.zindaa.mn сайтад нийтлэгдсэн Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн хэргийн талаар ирүүлсэн дүгнэлтийг энэ хэргээр ял сонссон ялтнуудыг эрүүдэн шүүсэн гэх асуудал хөндөгдөж буй энэ өдрүүдэд дахин нийтэлж байна. Мөн эл тайлантай холбоотой цуврал нийтлэлийг сануулан хүргэх болно. 



ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНООС
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ИРҮҮЛСЭН ОНЦ НОЦТОЙ ДҮГНЭЛТ

 

Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг бүрэлгэсэн хэргийн мөрдөн шалгах, шүүх ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьж, дүгнэлт гаргажээ.

Олон улсын парламентын холбооны хүний эрхийн холбооны ерөнхийлөгч хатагтай Фавзиа Күүфи “Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт найдаж байлаа. Түүний хэргийн талаарх мэдээллийг олох, баримт материалтай танилцахад хүндрэлтэй байсан” гэж хэлжээ.

С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг анх 2000 онд Олон улсын парламентын холбоонд ирсэн байна. Үүнээс хойш тус холбооныхон Монголд гурван удаа ирж ажилласан байдаг. Ингээд хамгийн сүүлд 2017 оны есдүгээр сард ирж ажиллахдаа С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг Монголын шүүх, хууль хүчний байгууллага хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж, судалсан талаараа тайлан гаргаж, дүгнэлтийг Монголын зохих байгууллагуудад илгээжээ. Гэвч энэхүү мэдээлэл нийтэд одоо хүртэл ил болоогүйн зэрэгцээ олон нийтэд тус дүгнэлтийг мэдээлэхээс зайлсхийж, нууцалж байгаа ажээ.

Учир нь тус дүгнэлтэд С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн байдал нь тун эргэлзээтэй бөгөөд тагнуулын байгууллага яллагдагч гурван этгээдийг гүтгэн, дарамт шахалт үзүүлсний улмаас тэд хэргийг хуурамчаар хүлээсэн байх магадлалтай гэжээ. Мөн хэргийн явцад гарсан сүүлийн үеийн ахиц, өөрчлөлт нь жинхэнэ гэмт хэрэгтэн, захиалагчийг нуун дарагдуулах зорилгоор хийгдсэн байх талтай гэдгийг онцолжээ. Түүгээр ч зогсохгүй, хэргийн талаар сонирхсон аливаа этгээдийг айлган сүрдүүлж, дарамталж байсныг олж тогтоосон байна.

Энэ мэт маш ноцтой дүгнэлт, баримт материалийг олон улсын байгууллагаас гаргасан нь Монголын тагнууль, хууль, шүүхийн байгууллагад эргэлзэж буй олон нийтийн эргэлзээг улам бататгалаа.

Олон Улсын парламентын холбоо нь 1889 онд Франц улсын Парис хотноо байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 169 парламент, бүс нутгийн 11 байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ.  Манай улс тус байгууллагад 1962 онд элссэн бөгөөд энэ хугацаанд 29 удаагийн дээд хэмжээний уулзалтанд оролцсон байна. Гэтэл энэ байгууллагаас ирүүлсэн албан ёсны томилолтын тайлан болон дүгнэлтийг өнөөдрийг хүртэл нуун дарагдуулж, олон нийтэд мэдээлэхээс зайлсхийж байгаа нь С.Зоригийн хэргийг тойрсон хардлага, эргэлзээг улам нэмэгдүүлж байгаа юм. Ингээд олныг үл нуршин, онц ноцтой баримт, эргэлзээ, таамаг, дүгнэлтийг өөртөө агуулсан Олон улсын парламентын холбооны тайланг Zindaa.mn сайт бүрэн эхээр нь уншигчдадаа дэлгэж байна.

 

/Албан бус орчуулга/

Олон улсын Парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчдийн Монгол Улсад албан томилолтоор ажилласан тухай тайлан

/2017 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүд/

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ 

1998 онд Санжаасүрэнгийн Зориг агсны (цаашид “Зориг агсан" гэх) амь насыг хороосон хэрэгт буруудан, ял шийтгүүлсэн гурван яллагдагчийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэсэн ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авах зорилгоор Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны Парламентчдын Хүний эрхийн Хорооны төлөөлөгчид (цаашид “Хороо" гэх) 2017 оны 9 дүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Монгол Улсад томилогдон ажиллав. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нууцын зэрэглэлд хамаардаг гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хаалттай явуулжээ.

Хэргийг улсын нууцад авч, улс төрийн шалтгаанаар ил болгохоос татгалзаж ирсэн нь олон улсын шударга шүүхийн тогтсон хэм хэмжээг ноцтой зөрчиж байна хэмээн төлөөлөгчид дүгнэжээ. Хэргийн талаар сонирхсон аливаа этгээдийг айлган сүрдүүлж, дарамталж байсныг мөн олж тогтоосон. Монгол Улсад өгсөн ОУОХ-ны өмнөх зөвлөмжийг холбогдох эрх мэдэлтнүүд огт хэрэгжүүлээгүйд төлөөлөгчид маш ихээр харамссан.

Тагнуулын байгууллага яллагдагч гурван этгээдийг буруутай хэмээн гүтгэн, дарамт шахалт үзүүлсний улмаас тэд уг хэргийг үйлдсэн хэмээн хуурамчаар хүлээсэн байх магадлалтай гэж төлөөлөгчид мөн дүгнэжээ. Тэд хавтаст хэрэгт авагдсан сэжиг бүхий зөрүүтэй мэдүүлгүүд болон цагаатгах нотлох баримтууд зэргээс үзэхэд тэднийг уг гэмт хэрэгт холбогдолтой гэх үндэслэл тун бага байна хэмээн онцлов. Хэргийн захиалагч (д) илрэхгүй, хэрэг мөрдөлтийн явц хууль ёсны дагуу явагдаж чадахгүй байсаар өдий хүрснийг төлөөлөгчид бас тэмдэглэв. Хэргийн явц байдалд гарсан сүүлийн үеийн ахиц, өөрчлөлт нь аллагын жинхэнэ буруутныг (үйлдсэн, зохион байгуулсан, захиалсан этгээдүүд) нуун дарагдуулах зорилгоор хийгдсэн байх бий вий хэмээн төлөөлөгчид ихэд санаа зовниж байна.

Төлөөлөгчид уг хэргийг нууцын зэрэглэлээс нэн яаралтай гарган, хараат бус, шударга шүүхээр оруулан, гадаад, дотоодын ажиглагч нарыг байлцуулан, олон нийтэд нээлттэйгээр дахин хянан шийдвэрлэхийг Монгол Улсын эрх баригчдад уриалсан. Хэргийг шударга ёсонд нийцүүлэн шийдвэрлэхийн тулд зөвхөн Зориг агсны гэр бүлд төдийгүй яллагдагч этгээдүүд болон тэдний ар гэрт ч мөн нэгэн адил шударга хандах ёстой гэсэн байр суурин дээрээ төлөөлөгчид хатуу зогссоор байгаа.

Үүнийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын шүүх засаглалд итгэх олон нийтийн итгэл жилээс жилд алдарч буй өнөө үед улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоос ангид, хараат бусаар, хууль дээдлэх зарчмын дагуу ажилладаг гэдгээ харуулах томоохон боломж юм. Хэрэгт ямар нэгэн ахиц дэвшил гаргахад Улсын Их Хурлын зүгээс хянан шалгах чиг үүргээ шударгаар хэрэгжүүлэх идэвх санаачлага ч бас шаардлагатай.

2018 оны 01 сарын 17, Женев хот

ГАРЧИГ 

 

  • А. Албан томилолтын зорилго, хийсэн ажил
  • В. Хэргийн тойм ба ОУПХ-ноос авсан арга хэмжээ
  • C. Томилолтын үеэр олж авсан мэдээлэл
  • D. Санал дүгнэлт, зөвлөмж
  • Е. Сүүлийн үеийн ахиц дэвшил

А. АЛБАН ТОМИЛОЛТЫН ЗОРИЛГО, ХИЙСЭН АЖИЛ

(I) Албан томилолтын зорилго

1. ОУПХ-ны Удирдах зөвлөл Монгол Улс руу төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээ томилон ажиллуулах тухай Хорооны хүсэлтийг Ассамблейн 136 дугаар чуулганы үеэр (Дакка, 2017 оны 4 дүгээр сар) зөвшөөрсөн юм. Уг томилолтын зорилго нь Зориг агсны хэрэгт холбоотойгоор Монголд үүсээд байгаа сүүлийн үеийн нөхцөл байдал, ахиц өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авахад оршиж байв. Мөн түүнчлэн, Монгол Улсын холбогдох эрх бүхий байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, Хорооны зүгээс анхаарал хандуулан, санаа зовж буй асуудлуудыг хэлэлцэх замаар хэргийн үйл явцад ахиц гаргахад олон улсын хүний эрхийн хэм хэмжээний хүрээнд түлхэц үзүүлэх боломж олдоно хэмээн үзсэн юм. Ярилцаж хэлэлцэхээр дэвшүүлсэн тодорхой хэдэн асуудлуудыг дурдвал, хэргийг улсын нууцад авч, гаргахгүй байгаа байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал алдагдаж буй явдал, аллагын захиалагч болон зохион байгуулагчаар сэжиглэгдэж буй этгээдүүдийг мөрдөн шалгахаар эхлүүлээд буй нууц ажиллагаа, сэжигтэн, гэрчүүдэд эрүү шүүлт тулгасан гэх мэдээллийн мөрөөр авсан арга хэмжээ, Улсын Их Хурлын зүгээс хангалттай хяналт тавьж чадахгүй байгаа явдал, шударгаар шүүлгэх болон мэдээлэл олж авах тухай олон улсын хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор Төрийн нууцын тухай болон бусад холбогдох журмуудыг хянан үзэх хэрэгцээ шаардлага зэрэг болно.

2. Монголын эрх баригчид төлөөлөгчдийг хүлээн авахаа зөвшөөрч буйгаа 2017 оны 5 дугаар сарын 17-нд бичгээр мэдэгдсэн. Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль 6 дугаар сард болох гэж байсан, мөн бүх нийтийн амралт 7 болон 8 дугаар сард зонхилон болох байсан тул төлөөлөгчид 9 дүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд томилолтоор ажиллав.

(II) Албан томилолтын үеэр хийсэн ажил

3. Томилолтын хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд үргэлжилсэн. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Хорооны Ерөнхийлөгч (Афганистан), хатагтай Фавзиа Күүфи болон Хорооны гишүүн (Бахрайн), ноён Али Аларади нар ахалж, ОУПХ-ны нарийн бичгийн дарга нарын газрын ажилтан, хатагтай Гаелл Ларок туслахаар дагалдан ажилласан.

4. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Монголын эрх баригч нарт, ялангуяа тухайн үеийн Улсын Их Хурлын дэд дарга (саяхан Хууль зүйн сайдаар томилогдсон), Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Ерөнхий Прокурорын орлогч нарт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэнд, Тагнуулын ерөнхий газрын дарга анх удаагаа ОУПХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанд ихээхэн талархаж буйгаа илэрхийлж байна. Мөн төлөөлөгчдийг хүлээн авч оройн зоог барьсан УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, томилолтын үерх уулзалт болон бусад арга хэмжээг ямар нэгэн саадгүй явуулахад зохион байгуулалтын туслалцаа үзүүлсэн Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны нарийн бичгийн дарга нарын газар УИХ-ын Тамгын Газрын Гадаад харилцааны хэлтэс/-т тус тус талархал илэрхийлье.

5. Төлөөлөгчид Зориг агсны аллагад буруутай хэмээн яллагдан хоригдож буй гурван этгээдтэй уулзах хүсэлтээ томилолтоор ажиллахаасаа өмнө ч хойно ч удаа дараа уламжилж, ихээхэн хүчин чармайлт гаргасан боловч харамсалтай нь зөвшөөрөл олдоогүй билээ. Хэдийгээр хүсэлтийн хариу хуулийн дагуу байсан чуулзуулах хүсэлгүй байгаа нь төлөөлөгчдөд илт анзаарагдсан. Дээд Шүүхийн шүүгчдийн төлөөлөлтэй уулзах хүсэлтэд шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлнө” гэсэн шалтгаанаар татгалзсан хариу өгсөнд төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ихэд цочирдсон. Учир нь төлөөлөгчдийг томилолтоор ажиллаж байх үед шүүхийн эцсийн шийдвэр аль хэдийн гарчихсан байсан тул уг шалтгаан нь ор үндэсгүй байсан гэж тэд үзэж байна. Төлөөлөгчид уг хэрэгт чухал үүрэгтэй шүүх байгууллагын төлөөлөлтэй уулзаж ярилцах боломжгүй болсондоо тун ихээр харамссан. Шүүх, хууль сахиулахын эрх бүхий байгууллагууд хэрэгтэй мэдээллээр хангахаас зайлсхийхийн тулд шүүх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх гэсэн маш өргөн агуулгатай ойлголтыг санаатайгаар явцуу хүрээнд авч үзэн, ашигласан хэмээн төлөөлөгчид дүгнэж байна.

6. Төлөөлөгчид дараах эрх бүхий байгууллагуудтай уулзав.

 

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
  • Улсын Их Хурлын дарга М.Энхболд
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт
  • Улсын Их Хурлын дэд дарга, МПБ-ийн Гүйцэтгэх хорооны дарга Ц.Нямдорж
  • УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболд
  • УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүн Н.Энхболд,Д.Цогтбаатар
  • УИХ-ын Хүнийн эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар УИХ-ын Хүнийн эрхийн дэд хорооны гишүүн Ж.Батзандан
  • УИХ-ын гишүүн, Үндсэн хуульднэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан нар болно.

Шүүх засаглалын удирдлага:

 

  • Улсын Ерөнхий прокурорын орлогч, хэргийг мөрдөн шалгах хамтарсан ажлын хэсгийн дарга асан Г.Эрдэнэбат

Тагнуулын байгууллага:

 

  • Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц

Хүний Эрхийн Үндэсний Комисс:

 

  • Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж
  • Хүний Эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир

Улс төрийн нам Парламент дахь намын бүлэг болон УИХ-ын зарим гишүүд:

 

  • УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь Ардчилсан намын төлөөлөл
  •  УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хуульч

С.Зориг агсны гэр бүлийн гишүүд болон өмгөөлөгч:

 

  • С.Зориг агсны дүү С.Оюун
  • Гэр бүлийн өмгөөлөгч Л.Энхсайхан

Яллагдагч нарын гэр бүлийн гишүүд:

 

  • Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын гэр бүлийн гишүүд.

НҮБ болон гадаад орны ЭСЯ:

 

  • Төлөөлөгчид НҮБ-ын болон Улаанбаатар хот дахь зарим дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй албан бус уулзалт хийв.

Хүний эрхийн чиглэлээрх ТББ:

 

  • "Эмнести" олон улсын байгууллага

7. Мөн аюулгүй байдлаа хамгаалах үүднээс нэрээ нууцлахыг хүссэн хэд хэдэн хувь хүмүүстэй төлөөлөгчид албан бус уулзалтуудыг бас хийсэн.

В. ХЭРГИЙН ТОЙМ БА ОУПХ-НООС АВСАН АРГА ХЭМЖЭЭ 

(I)  Хэргийн тойм 

8. Монгол Улсад 1990-ээд оны үед өрнөсөн ардчилсан хөдөлгөөний эцэг хэмээн олонд танигдсан, УИХ-ын гишүүн, дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч агсан

Санжаасүрэнгийн Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсан Тухайн үед Монгол Улсад Эвслийн Засгийн газар огцорч, улс төр үймэн, дараагийн Ерөнхий сайдыг сонгох яриа ид өрнөж байжээ. Амь үрэгддэг тэр өдөр нь С.Зоригийн нэрийг уг албан тушаалд дэвшүүлэх талаар яригдаж байсан байна. Үүнээс үүдэн энэхүү аллагыг улс төрийн сэдэлтэй байсан гэх таамаг гарсан ба өөр хувилбарууд ч мөн яригддаг. Гэхдээ эдгээрийн алийг нь ч албан ёсоор үгүйсгэсэн мэдэгдэл хийгдээгүй.

(II) 2000-2015 онд ОУОХ-ноос авсан арга хэмжээ

9. Энэхүү хэрэг нь Парламентчдын Хүний Эрхийн Хороонд анх 2000 оны 10 дугаар сард бүртгэгдсэнээс хойш ОУПX нь холбогдох 50 гаруй тогтоол, шийдвэр гаргасан байдаг. С.Зориг агсны аллагын жинхэнэ буруутан ялаас мултран үлдэхгүй гэсэн баталгаа өгөхийг Хороо болон Удирдах зөвлөл Монголын эрх баригчдаас байнга хүссээр ирсэн. Монголын эрх баригчдад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад нь Хорооны зүгээс шүүх шинжилгээний техникийн туслалцаа үзүүлж байжээ.

10. ОУПХ-ны зүгээс хэрэгтэй танилцах төлөөлөгчдийг хамгийн анх Монгол Улсад 2001 онд томилсон. Тэр томилолтын үеэр төлөөлөгчид мөрдөн шалгах ажиллагааны хамгийн эхний үед маш их алдаа гарсныг (олон хүний хөлөөс хэргийн газрын ул мөр баларсан, цорын ганц гэрчийг цагдан хорьж, эрүү шүүлт тулгасан байх магадлалтай, г.м.) олж мэдсэн. Тухайн үед засгийн эрх солигдож, халаа сэлгээ ихээр хийгдсэн байсан ч Монголын эрх баригчид хэргийг илрүүлнэ гэсэн итгэл найдвараар дүүрэн байлаа. Тэд хэргийн баримт нотолгоо хангалттай бөгөөд холбогдох мэдээллийг олон шугамаар баталгаажуулж байгаа хэмээн мэдэгдэж байв. Хууль, хүчний байгууллагаас хэргийг мөрдөн шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Мөн Монголын парламентын холбогдох дэд хороо мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, ажиглалт хийх чиглэлээр ажилласан. Аллага үйлдсэн этгээдийг олж илрүүлэн, шударга шүүхээр оруулахын төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргаж байгаа хэмээн Монгол Улсын холбогдох эрх мэдэлтэн, албан тушаалтнууд удаа дараа батлан хэлж байсан.

11. ОУПX нь гишүүн орнуудынхаа зүгээс шүүхийн шинжилгээний чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх зэргээр хүчин чармайлт гаргасан боловч 2001-2015 оны хооронд ахиц дэвшил төдийлөн гараагүй. Өнгөрсөн жилүүдэд Монголын эрх баригчдаас өгсөн мэдээлэл ч мөн тун бага байсан. 2015 онд хэрэгт хариуцлага хүлээсэн хүн байгаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа бүхэлдээ нууц хэвээр байсан. Хавтаст хэргийг "төрийн нууц"-д тооцон, тагнуулын байгууллага хянаж байв.

(III)    2015 оны албан томилолт 

12. ОУПХ нь тухайн үеийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, илрүүлэлтэд ахиц дэвшил гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төлөөлөгчдөө 2018 оны 9-р сард Монгол Улсад дахин томилов. Уг хэргийг сайтар халхавчилсан улс төрийн аллага гэдэгт олон хүн итгэдэг хэвээр байна гэсэн нь төлөөлөгчдийн томилолтоор ажилласны үр дүнд хийсэн гол дүгнэлт байв. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд ахиц, үр дүн гарахгүй байгаад нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь улс төрчдийн хөндлөнгийн оролцоо болохыг төлөөлөгчид онцолсон. Мөрдөн шалгах ажиллагааны ил тод байдал Нэмэгдэж, хэрэгт мэдэгдэхүйц ахиц гарсан тохиолдолд л Зориг агсныг хөнөөсөн этгээдүүд)-ийг олж тогтоох улс төрийн чин хүсэл эрмэлзэл Монгол Улсад өнөөдөр ч хэвээр байна гэж үзэх боломжтой хэмээн Төлөөлөгчид дүгнэжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд шинээр томоохон түлхэц өгөх нь энэхүү хэргийг илрүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэж ОУПX үзсэн. Мөрдөн шалгах ажиллагааг зөвхөн ОУПX, С. Зориг агсны гэр бүлийнхэнд гэлтгүй Монголын ард түмэнд мөн илүү нээлттэй болгож, олон нийттэй харилцан мэдээлэл тогтмол солилцож байх нь хууль, хүчний байгууллагын явуулж буй үйл ажиллагаанд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхэд чухал ач холбогдолтой болохыг ОУПХ-ны төлөөлөгчид онцолсон.

13. Улмаар ОУПХ-ны Удирдах Зөвлөлийн зүгээс Монголын эрх мэдэлтнүүдэд хандан хэргийг илрүүлэхэд тавьж буй хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх, холбогдох албан тушаалтнууд зохих арга хэмжээг авч байгаа гэдэгт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор хэргийг нууцын зэрэглэлээс гарган, мөрдөн шалгах ажиллагааны талаар ил тод мэдээлэхийг удаа дараа уриалсан. Мөн түүнчлэн, Улсын Их Хурал уг хэрэгт хяналт тавих үүргээ цаашид ч мөн идэвхтэй хэрэгжүүлэхийг зөвлөсөн.

(IV)   Дараагийн үйл явдлууд

14. Монголын эрх баригчид 2015-2017 оны хооронд хэргийг нууцаас гаргах болон хэргийг илрүүлэх чиглэлээр зохих арга хэмжээг авч байгаа гэдэгт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх тал дээр ямар ч ахиц дэвшил гаргаагүй. Гэхдээ сэжигтнүүдийг баривчилж, цагдан хорьжээ. Мөн аллагад оролцсон гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тэдэнд эрүү шүүлт тулгасан байх магадлалтай. Тэдний дунд Зориг агсны гэргий, хэргийн цорын ганц гэрч, хатагтай Банзрагчийн Булган ("Хатагтай Булган" гэх) байсан. Түүнийг эрүү шүүлт тулгасантай дүйцэхүйц нөхцөл байдалд ганцааранг нь цагдан хорьж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байжээ. Хатагтай Булганд төлөвлөсөн ялыг хэрэгсэхгүй болгож, сулласан хэдий ч гадаад улс руу зорчих эрхийг нь түр хасч, хууль зүйн тодорхой үндэслэлгүйгээр хатуу хараа хяналтад байлгаж байна.

15.  2016 оны 12 дугаар сарын 27-нд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан гурван яллагдагчдад (ноён Амгаланбаатар, хатагтай Чимгээ, ноён Содномдаржаа) 23-25 жилийн хорих ял оноов. Үүний дараа 2017 оны 3 дугаар сарын 14 болон 8 дугаар сарын 4-ний өдрүүдэд тус тус хуралдсан давж заалдах шатны болон хяналтын шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Аллагын захиалагч (д)-ийг илрүүлэх талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй.

16. ОУПХ-ны Ассамблейн 136-р чуулганы (2017 оны 4 дүгээр сар, Дакка хот) үеэр Удирдах Зөвлөл уг асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаагаа илэрхийлээд, Зориг агсны гэр бүл төдийгүй парламентчдын эрх бүхий байгууллагууд, Монголын ард түмэн ч мөн шүүн таслах ажиллагаа шударга явагдсан гэж үзэхгүй байгааг цохон тэмдэглэсэн. Зөвлөл уг ажиллагаа нь дотоодын төдийгүй олон улсын шударга шүүхийн хэм хэмжээг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны хууль ёсны болон шударга байдлыг доройтуулсан явдал боллоо хэмээн дүгнэв. Сүүлийн хориод жилийн туршид мөрдөн шалгах ажиллагаанд үр дүн, ахиц дэвшил гараагүй атлаа, 2016 оны парламентын сонгуулиар улс төрийн эрх мэдэлд томоохон өөрчлөлт гарсан болон 2017 оны 6 дугаар сард ерөнхийлөгчийн сонгууль хэзээ мөдгүй болох зэрэг үйл явдлуудтай давхцан шүүх хурлуудыг гэнэт яаравчлан хийсэн зэргээс дүгнэвэл, хэргийг улс төржүүлж байж болох талтай хэмээн урьдын адил санаа зовниж буйгаа Удирдах зөвлөл илэрхийллээ. Хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж, шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэйгээр дахин явуулахыг Удирдах Зөвлөлийн зүгээс дахин зөвлөж байна.


С. ТОМИЛОЛТЫН ҮЕЭР ОЛЖ АВСАН МЭДЭЭЛЭЛ

(I)  Шүүх хуралдаанд шударга ёс алдагдсан нь

17. Хэргийг шүүн таслах 3 шатны шүүх хуралдаан бүгд хаалттай болсон. Яллагдагчид болон талуудын өмгөөлөгчдийн зүгээс гаргасан нийтийн сонсгол хийх тухай хүсэлтүүдэд уг хэргийг нууцын зэрэглэлд авсан гэх шалтгаанаар удаа дараа татгалзсан хариу өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг маш богино хугацаанд хянан хэлэлцсэний эцэст эцсийн шийдвэр гаргасан. Дээд шүүх 3 яллагдагчдад оноосон олон жилийн ялын хэмжээг ганц, хоёрхон жилээр л бууруулсан. Албан томилолтын өмнө дээрх үйл явдалтай холбоотойгоор ОУПХ-нд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй.

18. Эцсийн шийдвэр буюу шүүхийн тогтоолыг хэнд ч танилцуулаагүй. Төлөөлөгчид шүүхийн тогтоолын хуулбар болон түүнийг юунд үндэслэн гаргасан тухай (мөн өмнөх шатны шүүх хуралдаануудаас гаргасан шийдвэрүүдийн үндэслэлийн тухай) ямар ч мэдээлэл олж авч чадаагүй. Албан томилолтоор ажиллаж байх үед, ялын тогтоол гараад 1 сар гаруй хугацаа өнгөрсөн байсан хэдий ч талуудын хэн нь ч шүүхийн шийдвэртэй танилцаагүй байсан.

19. Төлөөлөгчдийн уулзсан эрх мэдэл бүхий албан тушаалтнууд болон бусад хүмүүс дээрх нөхцөл байдлыг давхар нотолсон. Гэхдээ Ерөнхий прокурорын орлогч болон Тагнуулын ерөнхий газрын даргатай уулзахад "энэхүү асуудлыг шүүн таслах ажиллагаанд эргэлзээ төрүүлэх, шударга ёсыг алдагдуулах, гэмт этгээдүүд ял завших зорилгоор зориуд зохион байгуулж буй мөрдөн байцаагчдын ажлыг албаар гутаан гүжирдэх гэсэн улс төрийн сэдэлтэй оролдлого” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Тэдний бодлоор мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаа бүгд Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журмын дагуу хараат бус, бие даасан байдлаар явагдсан байна. Шүүхийн байгууллагуудад ажил үүргээ гүйцэд сайн хийхэд нь итгэл хүлээлгэх шаардлагатай учир үүнийг асуудал болгох шаардлагагүй гэж тэд мэдэгдэв. Гэхдээ тэд өөрсдийн энэхүү мэдэгдлээ нотлох ямар нэгэн баримт бичиг болон дэлгэрэнгүй Мэдээлэл өгөлгүй, зөвхөн өөрсдөдөө итгэхийг төлөөлөгчдөөс хүссэн. Хэрэгт хамааралтай талууд, гэр бүлүүд, үүнд санаа тавьдаг бусад хүмүүсээс гаргасан гомдол, тавьсан асуудалд “Шүүн таслах ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар явуулсан бөгөөд шүүхийн шийдвэрт итгэх хэрэгтэй” гэсэн цорын ганц хариултыг албан ёсоор өгдөгт тэд гомдолтой байдгийг төлөөлөгчид онцлов.

20. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө буюу 2016 оны 9-12 дугаар сарын хооронд Зориг агсны гэр бүлд хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцах боломж олгосон гэж төлөөлөгчдөд мэдэгджээ. Хэрэв холбогдсон 3 хүний өмгөөлөгчид ч мөн тэр үед хавтаст хэрэгтэй танилцжээ. Гэвч хавтаст хэргийг бүхэлд нь нууцын зэрэглэлд хамруулсан тул холбогдогч талууд болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчдөд тагнуулын байгууллагаас бүрдүүлсэн гэх “нууц нотлох баримт"-ыг бус зөвхөн прокурорын хяналт тавьсан нотлох баримтуудыг л танилцуулжээ. Хэргийн материалтай танилцахын тулд тэд нууц хадгалах тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрээгээр тэднийг хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоо, шүүн таслах ажиллагаа болон шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаарх аливаа мэдээллийг задруулж, санал бодлоо илэрхийлэхийг хоригложээ. Хэрэв тэд мэдээлэл өгвөл төрийн нууцыг гадаадын иргэдэд задруулсан хэргээр хариуцлага хүлээж, баривчлагдан, хэрэгт татагдаж болзошгүй байсан. Шүүн таслах ажиллагаа болон өмгөөлөл явуулах арга барилынхаа талаар ч үйлчлүүлэгчидтэйгээ мэдээлэл солилцохыг өмгөөлөгчдөд зөвшөөрөөгүй байна. Шүүх ажиллагааны талаар өөрсдийн санал бодол, байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлэхийг ч мөн л хоригложээ. Ийм учир шалтгаанаар төлөөлөгчид талуудын өмгөөлөгчдөөс шаардлагатай чухал мэдээллийг авч чадаагүй байна. Өмгөөлөгчид дарамтад байгаа нь мэдрэгдэж байлаа.

21. Шүүх хуралдааны үеэр хууль ёсны төлөөлөгчдөд хэрэгт холбогдсон этгээдүүдээс асуулт асуух боломж олгосон гэж төлөөлөгчдөд мэдэгдсэн. Гэвч хэргийн материалтай урьдчилан бүрэн танилцаагүй нөхцөлд асуулт хариултыг үр дүнтэй болгоно гэдгийг төлөөлөгчид ойлгоход хүндрэлтэй байв. Түүнчлэн, хэргийн цорын ганц гэрч Булган шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгч, оролцох хүсэлтээ илэрхийлж байсан ч түүнийг оролцуулаагүй байна. Булган нь хэрэгт сэжигтнээр татагдаж байсан тул мэдүүлгийг нь шүүх ажиллагаанд ашиглах боломжгүй байсан гэдгийг Ерөнхий прокурорын орлогч төлөөлөгчдөд хэлсэн. Үнэн хэрэгтээ Булганы эсрэг үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэрээр цорын ганц гэрч хэвээр байсаар байхад шүүх яагаад түүнийг мэдүүлэг өгүүлэхээр дуудсангүй вэ гэдгийг төлөөлөгчид ойлгосонгүй.

22. Уулзсан хүмүүсээс хэн нь ч шүүхийн шийдвэрт итгэхгүй байгааг төлөөлөгчид ажигласан. Хэрэв баримт нотолгоо нь маш хүчтэй байсан бол аль ч ардчилсан орны шүүхийн тогтолцоонд байдаг шиг шүүх хуралдаанууд олон нийтэд нээлттэй болж, уг хэрэг ихэнх ердийн хэргүүд лугаа адил шийдэгдэх байсан болов уу. Нөхцөл ийм байхад ял авсан 3 этгээд магадгүй гэм буруугүй байж, бусдын төлөөс болсон байхыг хэн ч үгүйсгэхгүй.Уулзсан хүмүүсийн ихэнх нь ийм нөхцөлд шүүх шударга бус ажилласан байх эрсдэл өндөртэй тул хавтаст хэргийг нийтэд ил болгох, улмаар алдааг залруулах нь ихээхэн чухал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Хэдийгээр Ерөнхий прокурорын орлогч эрүүгийн хуульд шүүх хуралдааныг сэжигтнүүдийг цагдан хорьсноос хойш жилийн дотор хийхийг заасны дагуу товыг зарласан гэж хэлсэн боловч, шүүх хурлуудыг хугацааны хувьд сонгуулийн өмнө яаравчлан хийсэн нь асуудал дагуулсан. Хэрэв яллагдагчаар татагдсан этгээдүүд ял шийтгэл аваагүй бол тэд 2017 оны дундуур суллагдах байсан.

23. Эцэст нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн байдал нь авилгын хэд хэдэн томоохон хэргүүд болон шүүгчдийн томилгооны тогтолцоотой холбоотойгоор сүүлийн хэдэн жилийн турш шүүх эрх мэдэл болон хууль сахиулах салбарт улс төрийн нөлөө, оролцоо ихээр нэмэгдсэн хямралт байдлын нэгэн илэрхийлэл болж байгааг төлөөлөгчид ажиглав. Шүүгчдийн томилгооны асуудал нь Үндсэн хуулийн асуудал тул одоо явагдаж буй Үндсэн хуулийг шинэчлэх үйл явцын нэгэн хэсэг болж, өөрчлөгдөхөөр байна. Энэ нь 2015 оны албан томилолтын үеэр ажиглагдаагүй, шинэ асуудал байсан.

(II)  Нотлох баримтуудыг нууцалсан нь

24. Хэргийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн нууцын зэрэглэлд хамруулсан тул энэ нь бүхэлдээ хуулийн дагуух ажиллагаа гэж Ерөнхий прокурорын орлогч болон Тагнуулын ерөнхий газрын дарга мэдэгдсэн.

25.Гэвч нууцын зэрэглэлд хамруулах болсон үндэслэл, үйл явцыг төлөөлөгчид бүрэн дүүрэн ойлгож чадаагүй. Угтаа бол энэ хэргийг Зориг агсныг амь үрэгдэх үед түүний эрхэлж байсан төрийн ажил болон улс төрийн аллагын гэмт хэрэгт хүлээх хариуцлага, шийтгэлтэй холбоотойгоор “Төрийн нууц"-ын ангилалд хамруулсан. Гэвч яллагдагчаар татагдсан 3 этгээд улс төрийн аллагад бус, энгийн хүн амины хэрэгт буруутгагдан, яллагдсан (захиалагч нь байхгүй, тогтоогдоогүй). Баримт нотолгоонуудын ихэнх нь нууцын зэрэглэлд хамаарсан хэвээр байгаа. Учир нь эдгээрийг тагнуулын байгууллагын ажилтнууд гүйцэтгэх ажиллагааны шугамаар цуглуулсан гэж холбогдох эрх мэдэлтнүүд төлөөлөгчдөд мэдэгдсэн. Хэргийг үргэлжлүүлэн нууцалж байгаа нь захиалагч (д)-ийг илрүүлэх зорилгоор явуулж буй мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гэдгийг бас мэдэгджээ.

26. Хэргийг нууцын зэрэглэлд хамруулах тухай албан ёсны шийдвэр болон үүнтэй холбоотойгоор иргэдэд эргээд зарга үүсгэх эрх зүйн орчин байхгүй болохыг төлөөлөгчид олж мэдсэн. Хэргийг нууцлах шийдвэрийг холбогдох удирдах албан тушаалтан бус нууцлагдсан мэдээлэл хавтаст хэрэгт хэсэгчлэн орсон гэх шалтгаанаар тагнуулын байгууллагын мэргэжилтэн гаргасан болохыг төлөөлөгчдөд мэдээлсэн. Шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй хийх боломжгүй байсан үндэслэл нь 220 хуудастай нотлох баримтын 5 нь маш нууцын зэрэглэлд хамаарсантай холбоотой байсан гэж УИХ-ын дэд дарга хэлсэн. Мөн уулзаж ярилцсан бусад хүмүүсийн хэлснээр 13000 хуудас бүхий хавтаст хэргийн 2-3 хувь нь л нууцын зэрэглэлд багтсан байна. Энэхүү багахан хэсэг нууц мэдээллээс болж хавтаст хэрэг болон уг хэргийг бүхэлд нь олон нийтэд хаалттай болгожээ.

27. Нууц баримт нотолгоог шүүн таслах ажиллагааны аль ч шатанд УлсынЕрөнхий прокурорын газар болон хууль ёсны өмгөөлөлгчдөд танилцуулаагүй. Иймд шүүх хуралдааны үеэр үүнийг дахин хянан шалгах болон үүнтэй холбоотой ямар нэгэн асуулттавих боломжгүй байсан. Тагнуулын ерөнхий газрын дарга болон Ерөнхий прокурорын орлогч нууц нотлох баримтуудыг гагцхүү Улсын дээд шүүхийн шүүгчдэд танилцуулсан ба тэд үүнийг анхааралтай хянан шалгасан хэмээн төлөөлөгчдөд хэлжээ. Дээд шүүхийн шүүгчид төлөөлөгчидтэй уулзахаас татгалзсан тул дээрх мэдээллийг баталгаажуулж чадаагүй. Дээд шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр нууц хэвээр байгаа.

28. Иймд шүүх хуралдааны үеэр эдгээр нотлох баримтуудын талаар хэн ч асуудал тавиагүй болохыг төлөөлөгчид онцлов. Мөн энэ шалтгаанаар яллагдагчдыг цагдан хорих үеэр эрүү шүүлт тулгах, зүй бусаар харьцах, дарамт шахалт үзүүлэх зэрэг аргаар тагнуулын байгууллагын ажилтнуудын олж авсан мэдээлэлтэй холбоотой асуудлыг ямар нэгэн байдлаар шүүхэд хөндөх боломжгүй болсон. Тэр ч бүү хэл Дээд шүүх өөрөө хэргийг шийдвэрлэхдээ үндэслэсэн буруутгах нотлох баримтын үнэн зөв байдлыг шалгахыг хүссэн бол чадахааргүй буюу боломжгүй байсан болов уу хэмээн төлөөлөгчид таамагласан. Учир нь тагнуулын ажиллагааг тойрсон нууцлал хэтэрхий өргөн цар хүрээтэй байснаас гадна энэ салбарт ялаас чөлөөлөгдөх явдал жишиг болоод байсан юм. Дээд шүүх нотлох баримтуудыг хэн, ямар аргаар олж авсан тухай мэдээлэл болон зүй бус аргаар сүрдүүлж байж хэрэг хүлээлгэсэн байхыг нотлох цагаатгах баримтууд зэрэгтэй бус, зөвхөн хавтаст хэрэгт авагдсан хэргээ хүлээж гарын үсэг зурсан мэдүүлэгтэй л танилцсан байх магадлалтай. Хэдийгээр хууль хүчнийхэн сэжигтнүүдийн гэм буруутайг, эсвэл гэм зэмгүйг илтгэх бүхий л баримт нотолгоог шударгаар олж авч, мөрдөн шалгах үүрэгтэй ч албан тушаалтнууд цагаатгах буюу зөвтгөх талын нотлох баримтуудыг огт дурдаагүйг төлөөлөгчид онцлов.

29. Төлөөлөгчид хавтаст хэргийг бүхэлд нь нууцад авах болон хэргийг олон нийтэд хаалттай байлгах тухай шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон олон улсын хэм хэмжээнд үл нийцсэн гэсэн дүгнэлтэд хүрэв. Үүнийг хуулийн зүйл заалтаар дэмжигдээгүй, хууль бус (пропорциональ бус), шаардлагагүй шийдвэр байсан гэж төлөөлөгчид үзсэн. Захиалагч(д)-ийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагаа болон хэсэгхэн баримт нотолгоог нууцлах гэсэн хэрэгцээ шаардлага болон ард иргэдийн үнэнийг мэдэх, мэдээлэл авах, шударгаар шүүлгэх эрх хоёрын тэнцвэрийг хангах хэрэгтэй байсан. Гэвч үүнийг дэнслэн үзсэн гэх ямар ч илрэл байхгүй байна. Үүнээс харахад Төрийн нууцын тухай хууль зохих ёсоор хэрэгжээгүй гэж төлөөлөгчид үзэв. Төрийн нууцын тухай хуульд хэргийг нууцад авах, нууцаас гаргах зохицуулалт тодорхой бусаас гадна Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчөөгүйг нотлох хяналтын механизм болон хяналт-тэнцвэр дутагдалтай гэсэн ОУПХ-ны Парламентчдын Хүний эрхийн хорооны өмнөх дүгнэлтийг төлөөлөгчид дахин бататгав. Төрийн нууцын тухай хуульд саяхан нэмэлт өөрчлөлт оруулсан талаар төлөөлөгчдөд мэдээлж, хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хуулбарыг өгсөн. Харамсалтай нь хуулбар англи хэлний орчуулгагүй байсан тул төлөөлөгчид нэмэлт өөрчлөлтийн агуулгыг ойлгож, дүгнэх боломжгүй байлаа.

(III)  Хэрэг хүлээлгэхийн тулд эрүү шүүлт, зүй бус арга ашигласан нь

30. Уг хэрэгт шударга ёсыг гажуудуулах эрүү шүүлт болон бусад зүй бус аргуудыг хэрэглэсэн тухай баттай мэдээлэл албан томилолтын үеэр болон өмнө нь хэд хэдэн удаа төлөөлөгчдөд ирсэн. Хууль хяналтын байгууллагынхан эдгээрийг худал мэдээлэл хэмээн мэдэгдэж байсан ч үнэн хэрэгтээ өөрсдөө эдгээрийг шалгах ажиллагааг хараат бус, ил тодоор явуулаагүйг төлөөлөгчид тогтоосон. Төлөөлөгчид уулзсан ихэнх хүмүүсээс уг асуудлыг хөндөн асууж, тэдний хариултыг дахин нягталж, одоо үйлчилж буй хууль, эрх зүйн зохицуулалт болон НҮБ-ын Хүний эрхийн механизмаас гаргасан зөвлөмжийг мөн давхар судалсан. Мөн төлөөлөгчид өмнө гарч байсан ижил төстэй мэдээллүүдтэй холбоотой хэргийн архивын баримт бичгийг нягтлан шалгасан.

31. Төлөөлөгчид Зориг агсныг амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон 3 этгээдийн тухай дараах мэдээллийг гэр бүлийн гишүүд, парламентын гишүүд, Төрийн бус байгууллага болон сэтгүүлчдээс олж авсан. Хавтаст хэрэг болон шүүхийн шийдвэрүүдтэй танилцах боломжгүй байсан учир эдгээр мэдээллийг мөрдөн байцаагчид болон шүүх зохих ёсоор авч хэлэлцэн, харгалзсан эсэхийг баталгаажуулж чадаагүй.

32. Аллага болох үед сэжигтнээр татагдсан 3 этгээд бүгд маш залуу байсан бөгөөд Эрдэнэт хотын гэр хороололд амьдардаг байжээ. Тухайн үед тэдний боловсролын түвшин багаас гадна улс төрийн мэдлэг, оролцоо огт байгаагүй. Мөн тэд Улаанбаатар хотод очиж үзээгүй байсан. Амгаланбаатараас бусад нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна.

 

  • Аллага болох үед Амгаланбаатар 16 настай байсан. Тэрээр түүнийг үрчилж авсан гэр бүлтэйгээ амьдарч байсан бөгөөд сургуулиа хаясан, ажил хөдөлмөр эрхэлдэггүй байв. Амгаланбаатар нь Содномдаржаагийн хөрш, Чимгээгийн хамаатан байжээ.
  • Содномдаржаа нь хэдэн насаар ахмад байсан бөгөөд хөдөө малчин байжээ. Тэрээр Амгаланбаатарын хөрш байсан ба тэд бие биенээ олон жилийн турш
  • мэддэг байжээ.
  • Чимгээ нь тогоочийн ажил эрхэлдэг байсан ба бага насны хүүхдүүдээ гэртээ асарч байв.

33.  Содномдаржаа, Чимгээ нарын нэр хэдийд нь мөрдөн шалгах ажиллагаанд гарч ирсэн нь тодорхой бус байна. Гэвч үйл явдлын дараалал дараах байдлаар өрнөсөн нь харагдаж байна. Үүнд: Амгаланбаатар нь таксины жолоочийн амь насыг бүрэлгэсэн хэргээр баривчлагдан, гэм буруутай нь тогтоогдож, цаазын ял авсан байсан. Амгаланбаатар 8 гаруй жил хоригдсоны дараа гэнэт тагнуулын байгууллагын ажилтнуудад бусадтай нийлж, Зориг агсны амь насыг хөнөөсөн хэмээн мэдүүлэг өгчээ. Улмаар түүнд оногдуулсан байсан ял 25 жилийн хорих ял болон хөнгөлөгдсөн. Тэрээр өөр бусад олон хэрэг дээр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, бусад хүмүүсийг бас давхар нэрлэсэн ижил төстэй мэдүүлгүүдийг удаа дараа өгч байжээ. Хууль сахиулахын ажилтнууд түүнийг бусдыг гэмт хэрэгт буруутгахад ашигладаг нь нэгэнт ил байсан. Тэрээр ялаа бууруулж, шоронгоос гарахын тулд юуг ч хүлээн зөвшөөрөхөд бэлэн байсан. Түүний буруутайгаа хүлээсэн бусад гэмт хэргүүдийн талаар өгч байсан мэдүүлгүүд нь үнэн зөв, итгэл үнэмшилтэйд тооцогдож байгаагүй нь тодорхой байна. Зоригийн хэрэг дээр энэ нь эхэндээ мөн л ялгаагүй байв. Учир нь Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэн Содномдаржаа, Чимгээ нарыг 2015 онд баривчилж, байдал гэнэт өөрөөр эргэх хүртэл түүнийг тухайн үед Зоригийн аллагад буруутгаагүй байжээ.

Эдгээр 3 этгээдийгяллахад ашигласан нотлох баримтуудын ихэнх нь эргээд Амгаланбаатарын анхын мэдүүлэг бүхий нууц баримт нотолгоонуудтай холбогдож байгааг төлөөлөгчид ойлгосон. Гэвч үүнийг баталж чадаагүй.

34. Амгаланбаатарын худал мэдүүлэгт үндэслэн тагнуулын байгууллага Содномдаржаа, Чимгээ нарыг үндэслэлгүйгээр буруутгасан бөгөөд ямар ч утгагүй нөхцөл байдал, таарч тохирохгүй олон зүйлүүд байгааг төлөөлөгчид мэдсэн. Эдгээр 2 хүний хувийн хэргийг харахад тэднийг уг хэрэгт оролцсон болохыг батлах ямар ч сэдэл, үндэслэлийг төлөөлөгчид тогтоож чадсангүй. Хэргийг мөрдөх шинэ мөрдөн байцаагчдыг томилсны дараа буюу 2014 оны үед эхлүүлсэн байх магадлалтай улс төрийн зохиомол хэргийн нэг хэсэг болгон нотлох баримтуудыг зохиомлоор үйлдсэн байх боломжтой гэж хэлснийг төлөөлөгчид онцлон тэмдэглэлээ.

35. Хэргийг мөрдөж шалгаж, хянан шийдвэрлэх үеэр хариулт авч чадаагүй, маш олон асуулт, асуудал дагуулсан мэдээллийн дотор:

-Нэг хэсэг үеэс Амгаланбаатар нь Содномдаржаа, Чимгээ нарт шоронгоос зурвас, текст мессэж илгээж эхэлсэн байна. Эхэндээ Амгаланбаатар өөрийг нь эргэж ирэх болон мөнгө авчирч өгөхийг хүсдэг байжээ. Улмаар тэрээр тэднийг болон гэр бүлийнх нь гишүүдийг сүрдүүлж эхэлсэн бөгөөд Зориг агсны аллагын хэргийг байнга дурдах болжээ. Энэ тухай гомдол ирүүлсээр атал энэхүү үйлдлийг зогсоох болон шалгах чиглэлээр юу ч хийгдээгүй байна. Амгаланбаатар нь уншиж, бичиж бараг чаддаггүй байсныг бодоход түүний утсыг тагнуулын ажилтнууд ашиглаж, утасны цаанаас сүрдүүлэг явуулдаг байсан гэж үзэхээр байна. Мөн хамаатнууд нь утасны байршлыг тогтоох оролдлогуудыг хэд хэдэн удаа хийхэд байршлыг нь шоронд биш, Эрдэнэт хотод зааж байжээ.

-Содномдаржаа, Чимгээ нарыг баривчлахаас өмнө хэд хэдэн хачин жигтэй үйл явдлууд болжээ. Магадгүй эдгээр нь өөр бусад шалтгаанаар тэдэнд зохиомол хэрэг тохох гэсэн оролдлогууд байсан байж болзошгүй. Тухайлбал, 2015 оны эхээр нэгэн дэлгүүрт тагнуулын нууц ажилтан Содномдаржааг өдөж, зодоон эхлүүлсэн; Чимгээг эмнэлэгт байхад нь түүний гэрийн гадаа цогцос авчирч хаясан гэх мэт. Аллага болсноос 8 жилийн дараа Содномдаржаа, Чимгээ нарын хөрш айл түймэрт шатаж, ослын шалтгааныг цахилгааны доголдлоос үүдэлтэй гэсэн дүгнэлтийг албаны хүмүүс гаргасан байхад тэднийг уг гал түймрээр далимдуулан аллагын хэргийн ул мөрөө устгасан хэмээн мөн буруутгасан. Эрдэнэт хотын Цагдаагийн газар олигарх бүлэглэлийн хяналтад, хараат байдгаараа алдартай гэсэн мэдээллийг төлөөлөгчид мөн олж авчээ.

-2015 оны 8 дугаар сард Содномдаржаа, Чимгээ нарыг ямар нэгэн анхааруулга, урьдчилж мэдэгдсэн зүйлгүйгээр маск зүүсэн тагнуулын ажилтнууд хүч хэрэглэн баривчилжээ. Тэдний гэр орныг бүрэн нэгжин онгичсон мөртлөө гэр бүлийнхэнд нь баривчилсан тухай ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Гэр бүлийнхэн нь тэднийг олон өдрийн турш эрж хайсан байдаг ба цагдан хоригдож байх эхний үед нь уулзахыг хүссэн ч чаддаггүй байжээ.

-Хэргийн хариуцлагыг үүрэхийг хүлээн зөвшөөрүүлж, мэдүүлэгт гарын үсэг зуруулахын тулд тагнуулын ажилтнууд Содномдаржаа, Чимгээ нарт асар их дарамт шахалт үзүүлжээ.

 

  • Содномдаржааг баривчлагдах үед түүнд зориулж тусгай камер бэлдсэн байжээ. Тагнуулын ажилтан түүний хоригдож байсан камерт байн байн ирж, түүнд хэргээ хүлээ, эс бөгөөс хүүхдүүдээ дахин харахгүй шүү гэж хэлдэг байв. Мөн тагнуулын ажилтан Амгаланбаатарыг түүний камерт оруулж, удаа дараа зодуулсан байна. Байцаалтын үеэр Содномдаржаад хэд хэдэн удаа мансууруулах бодис өгсөн ба улмаар түүний эрүүл мэнд доройтсон байна. Нэгэн удаа тагнуулын ажилтан Содномдаржааг Улаанбаатар хотын нэгэн орон сууцанд авчирч, түүнийгээ Зориг агсны гэр гэж хэлэн, байрыг дүрслэхийг түүнээс шаарджээ.
     
  • Чимгээг мөн адил хэрэг хүлээхийг шаардан, байнгын дарамтад байлгаж байжээ. Амгаланбаатар Чимгээгийн хоригдож байсан камерт шөнийн цагаар орж ирэн, түүнийг хэл амаар доромжилдог байв. Түүний гэр бүлийн гишүүд тэдэнд учруулсан болон учруулсаар байгаа заналхийлэл, айлган сүрдүүлэлт, дарамт шахалтын маш олон жишээг төлөөлөгчдөд ярьсан. Чимгээгийн охин 2016 оны 8 дугаар сард сэжиг бүхий машины ослоор нас баржээ. Хэдийгээр нотлох баримт байхгүй ч гэр бүлийнхэн нь үүнийг зүгээр нэг тохиолдол байсан гэдэгт итгэдэггүй. (Машин замаасаа гарсан. Өөр машин байгаагүй. Жолоо барьж байсан хүн амьд гарсан боловч, Чимгээгийн охин нас барсан. Жолооч ослыг санаатайгаар үйлдсэн, учир нь 2 тэр ослоос хойш тэрбээр ор сураггүй алга болсон гэж Чимгээгийн гэр бүлийнхэн үзэж байв. Жолоочийн цагдаад мэдүүлснээр охин дугуйн доогуур орж, өөрөө осол гаргасан ажээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээгүй байна). Тагнуулын ажилтнууд гэр бүлээс нь урьтаж, охиных нь үхлийн талаар Чимгээд мэдэгдсэн бөгөөд хэрэг хүлээсэн мэдүүлэгт гарын үсэг зурчихсан бол ийм зүйл болохгүй байсан гэж түүнд хэлснийг гэр бүлийн гишүүд нь төлөөлөгчдөд мэдээлсэн. Чимгээг охиныхоо оршуулгад оролцох зөвшөөрөл хүсэхэд түүнийг мөн л хэрэг хүлээхийг шаардан, дарамталсан байх магадлалтай.

-Содномдаржаа, Чимгээ нарын гэр бүлийнхэн нь тэднийг орон гэр, ар гэрийнхнээсээ хол хоригдож байгааг буруу гэж үзэж байна. Тэднийг 24 цагийн хяналтын камертай, хурц гэрэлтэй гянданд ганцаарчлан хорьж байгаа аж. Содномдаржаа камертаа гавтай байдаг байна. Түүний эрүүл мэндийн байдал доройтсон ч түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа аж. Түүнийг зөвхөн 3 сарын туршид нэг л удаа эргэж ирж байхыг гэр бүлийнх нь гишүүдэд зөвшөөрчээ. Түүний гэр бүлийнхэн холбогдох эрх мэдэлтнүүдэд 19 удаа гомдол бичсэн боловч зохих хариултыг аваагүй. Чимгээгийн гэр бүлийнхэнд мөн л түүнийг эргэх боломж хязгаартай ба эргэлтийг 45 хоногт 1 удаа байхаар зөвшөөрчээ.

-Содномдаржаа аллагыг хэрхэн үйлдсэн талаараа тайлбарлаж буй дүрс бичлэг бүхий зарим нэгэн нотлох баримтууд үндэсний телевизээр цацагдсан. Тэрхүү дүрс бичлэгт гар утас (1998 онд ашиглагддаггүй байсан) ашигласнаа дурдсан нь үнэмшилгүй бөгөөд тухайн үеийн байдалтай тохирохгүй өөр зүйлүүд олон байсныг төлөөлөгчид мэджээ. Түүнийг албан шахалтаар уг бичлэгийг хийлгэсэн гэдэгт гэр бүлийнхэн нь итгэлтэй байсан. Чимгээгийн хувьд хатуу, хэрцгий дарамт шахалтыг үл хайхран хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсон гэдгийг өөрийн зүгээс үргэлж үгүйсгэн, няцааж иржээ. Түүнчлэн, Булганы анхнымэдүүлэг дээр үндэслэн зурагдсан сэжигтнүүдийн ам зураг нь саяхан хэд хэдэн удаа шинэчлэгдсэн байна. Шинэ ам зураг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан бөгөөд энэ нь цорын ганц гэрч болох Булганы дүрсэлсэн эрэгтэй, эмэгтэй сэжигтнүүдийн анхны ам зурагтай нас, оврын хувьд зөрж, харин Содномдаржаа, Чимгээ нарын дүр төрхтэй таарч байна.

36. Хэргийг зохион байгуулсан гэх сэжигтнээр татагдан, хэдэн сарын турш хорионд байсан өөр нэгэн хүнтэй төлөөлөгчид уулзсан. Хорионд байх хугацаанд түүнтэй харьцсан байдал болон түүний туулсан зам мөн л ижил байв. Түүнийг Булганы адилаар суллажээ. Монгол Улсад тохиолдох ердийн гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа, цагдан хорих нөхцөлтэй харьцуулахад дээрх үйл явдлууд нь асар өөр, хэвийн бус байгааг албан томилолтын үеэр хийсэн уулзалт, ярилцлагууд нотолсон тул төлөөлөгчдөд хэргийн нөхцөл байдал маш тод харагдаж байна. Төлөөлөгчдийн үзэж байгаагаар шүүн таслах ажиллагаа шударга явагдсан болон ял авсан 3 этгээд гэм буруутай эсэхэд ноцтой эргэлзээ төрүүлэх тодорхойгүй асуудлууд олон байна.

37. Төлөөлөгчдөд өгсөн мэдээлэл ул үндэсгүй бөгөөд 3 сэжигтэнтэй бусад бүх сэжигтэн, хоригдлуудын нэгэн адилаар харьцаж байсан гэж Ерөнхий прокурорын орлогч, Тагнуулын ерөнхий газрын дарга, Хууль зүйн сайд нар баталж хэлсэн. Өмгөөлөгчид болон гэр бүлийнхэнтэйгээ бусдын нэгэн адил уулзаж байгаа, мөн 24 цагийн хяналтын камер, хурц гэрэлтэй хорих өрөө нь тухайн цагдан хорих ангийн хувьд хэвийн болохыг тэд мэдэгдсэн. Ингэснээр хоригдлууд амиа хорлохгүй байх нөхцөлийг хангадаг гэнэ. Эрүү шүүлтийн тухай гомдол ирснийг холбогдох байгууллагын шугамаар шалгаж үзсэн боловч нотлогдоогүй гэдгийг ч тэд мөн хэлсэн. Тус байгууллагууд энэхүү шалгалтыг нухацтай, хариуцлагатай хийсэн (эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр буруутгагдсан албан тушаалтнуудаар удирдуулаагүй, эсвэл хийлгээгүй)-ийг нотлох нарийн, дэлгэрэнгүй мэдээллийг төлөөлөгчид авч чадаагүй байна.

38. Сэжигтнүүдийг цагдан хоригдож байх үед тэдэн дээр очихыг Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК-т/ зөвшөөрч байжээ. ХЭҮК-ийн даргын төлөөлөгчдөд хэлснээр тэд хоригдлуудын өмгөөлөгчид болон гэр бүлийн гишүүдтэйгээ уулзах гэх мэт өчүүхэн зүйлд ч болов эрх нь зөрчигдсөн эсэхийг илрүүлэхээр хөндлөнгөөс хяналт тавьдаг байжээ. Хоригдлуудын ар гэрийнхэн эргэлтээр очих дүрэм, журмыг үл хүндэтгэн, шууд Хэвлэл мэдээллийнхэнд хандан, гомдол гаргадаг байсан нь асуудал болдог байжээ. Хоригдлуудтай уулзсан парламентын цөөн хэдэн гишүүд зөвхөн хоригдлуудын хоригдох нөхцөл байдалтай танилцсан тухайгаа төлөөлөгчдөд хэлжээ.

39. Хэргийг зохион байгуулж, үйлдэхэд өөрөө болон бусад этгээдийг оролцсон гэж худал мэдүүлэг өгүүлэхийн тулд тагнуулын албаныхан ял шийтгүүлсэн 3 этгээдийг дарамталсан байж болзошгүй гэсэн дүгнэлтэд төлөөлөгчид хүрэв. Сэжигтэн болон гэрчүүдийг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор өнгөрсөн 19 жилийн хугацаанд энэ асуудал байнга хөндөгдөж байгаагаас харахад Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт гэм зэмгүй хүмүүс үндэслэлгүйгээр гүтгэн буруутгагдаж байхыг, мөн өөр бусад хэн нэгэн ижил төстэй хувь тавилан эдэлж явахыг үгүйсгэх аргагүй хэмээн төлөөлөгчид мэдэгдэж байна.

40. Дээрх нөхцөл байдлаас харахад, нууц баримт нотолгоо гэж нэрлэгдэж байгаа зүйлүүдийн ихэнхийг тагнуулын албаныхан олон жилийн туршид санаанаасаа зохион хуурамчаар үйлдсэн байх магадлал өндөр байна. Тагнуулын байгууллага шүүхийнөмнө юуг ил болгож, юуг нууцлах тухай шийдвэр гаргах онцгой эрхийг дангаараа эдэлж байгаад эргэлзэх зүйл алга. Хавтаст хэргийг бүхэлд нь нууцлалаас гаргахаас нааш эрх мэдэл, албан тушаалаа ноцтойгоор урвуулан ашигласан байж болзошгүй тагнуул, хууль сахиулах байгууллагын ажилтнууд үүнийхээ төлөө хариуцлага хүлээхгүйгээр үг барам, Монголын ард иргэдийн үндсэн эрхийг зөрчсөн дээрх үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байх болно. Ийм тохиолдолд Зоригийн аллагын талаарх үнэн хэзээ ч илрэхгүй. Төлөөлөгчдийн үзэж байгаагаар эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутай хууль сахиулах байгууллагын ажилтнуудад хариуцлага тооцох хүчтэй, бие даасан механизмыг бий болгох чиглэлээр Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай байна. Мөн эрүү шүүлт тулгасантай холбоотой гомдлуудыг цаг үргэлж маш анхааралтай, юунаас ч хараат бусаар шалгах шаардлагатай бөгөөд ингэж цуглуулсан нотлох баримтуудыг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын дагуу шүүх авч хэлэлцдэг байх ёстой. Урьдчилан сэргийлэх үр дүнтэй, тохирсон механизм байх хэрэгтэй байна.

4. Дотоодод хэрэгжүүлсэн бусад арга хэмжээ болон үүсэж болзошгүй ашиг сонирхлын зөрчил

41. Төлөөлөгчид шүүхийн шийдвэр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эцэслэн гарсан гэдгийг мэдэгдэв. Гэсэн хэдий ч ял шийтгүүлсэн этгээдүүд хяналтын шатны шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах боломжтой байсан. Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш зургаан долоо хоног өнгөрчхөөд байхад түүнийг талуудад гардуулаагүй байсанд төлөөлөгчид ихэд гайхсан бөгөөд хэзээ гардуулахыг ч мэдэх боломжгүй байсан. Тиймээс тэр хэрээр гомдол гаргах хугацаа ч мөн оройтсон гэсэн үг. Бас нэг анхаарал татсан, ер бусын нөхцөл байдал ажиглагдсан нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан ба хуулийн дагуу шүүгдэгчдийн зүгээс өөрт нь гомдол ирүүлсэн тохиолдолд шийдвэр гаргахад ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай явдал байлаа.

42. Төлөөлөгчдийн үзэж байгаагаар одоо авч болох хамгийн тодорхой арга хэмжээ бол шүүх хуралдааныг дахин зарлаж, олон нийтэд нээлттэй хийх явдал юм. Энэ тохиолдолд Улсын Ерөнхий прокурорын газар болон талуудын өмгөөлөгчдийг холбогдох бүх гэрчтэй уулзах, хавтаст хэрэгт авагдсан нууцын зэрэглэлтэй материалыг бүгдийг нь олж авч, шалгах боломжоор хангах ёстой. Энэ шүүх хурал нь хэвлэл мэдээлэл, дотоод болон гадаадын ажиглагчдад, түүн дотроо ОУПХ-нд нээлттэй байх хэрэгтэй. Үүний тулд хэргийг нууцын зэрэглэлээс урьдчилан гаргасан байх шаардлагатай.

43. Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу Үндсэн хуулийн цэц болон Ерөнхий прокуророос түүнд шилжүүлэн олгосон хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрхтэй. Мөн түүнчлэн, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг (эрүү шүүлт тулгахыг хориглох, халдашгүй, чөлөөтэй байх эрх), 14 дэх хэсэг (гэм буруугүйд тооцогдох,шударга шүүхээр шүүлгэх эрх), 17 дахь хэсэг (мэдээлэл хайж, олж авах эрх)-ийг зөрчсөн гэж үзэн, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах боломжтой.

5. Айлган сүрдүүлэлт, дарамт шахалт, залхаан цээрлүүлэлтээс айж эмээх нь

44. Төлөөлөгчид уг хэрэгт анхаарал хандуулж буй бүх хүмүүст шууд (яллагдагчид, тэдний өмгөөлөгчид, магадгүй шүүхийн ажилтан, мөрдөн байцаагчид) ба шууд бусаар (уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар санаа бодлоо олон нийтэд илэрхийлж, эсвэл ОУПХ-ны шийдвэрийг Монголын ард түмэнтэй хуваалцаж байгаа парламентын гишүүд, улс төрчид, иргэний нийгмийн оролцогчид эсвэл жирийн иргэд) учирсан айлган сүрдүүлэлт, дарамт шахалтыг сонсоод ихэд цочирдсон. Тэд мөн уулзаж, ярилцсан зарим нэгэн хүмүүс дарамт шахалтаас айсны улмаас мэдэж буй зүйлсээ хуваалцахгүй байгааг анзаарсан.

45. Ял шийтгүүлсэн этгээдүүдийн өмгөөлөгчид төлөөлөгчидтэй уулзахаас татгалзсан шалтгаан нь үүнтэй холбоотой нь илт байсан. Төлөөлөгчид гурван яллагдагчийг өмгөөлөхөөс татгалзах хэрэгтэй гэсэн “зөвлөгөө”- авсан ихэнх өмгөөлөгчид өмгөөллөөсөө татгалзсаныг сонсоод мөн цочирдсон. УИХ-ын хэд хэдэн гишүүн ямар нэгэн дарамт шахалтгүйгээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд хүндрэлтэй байна гэдгээ илэрхийлж байсан. УИХ-ын дэд дарга Зоригийн хэргийг шийдвэрлэхэд гарсан алдаа дутагдлуудын талаарх санал бодлоо тодорхой илэрхийлдгээ, мөн энэ шалтгааны улмаас хэзээ ч баривчлагдах эрсдэлтэйгээ төлөөлөгчдөд хэлсэн. Тагнуулын ерөнхий газрын дарга: “Бид мөрдөн байцаалтад буй бүх хүмүүсийг гүйцэтгэх ажиллагаа явуулах замаар хянаж, бүх үйлдлийг нь тэмдэглэж авдаг. Үүнд хэргийг олон нийтэд мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг шүүмжилдэг парламентын гишүүд ч мөн багтдаг" хэмээн нуулгүй хэлсэн нь төлөөлөгчдийг ихэд гайхахад хүргэжээ.

46. Энэ нь шударгаар шүүлгэх болон парламентын гишүүд, энгийн иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй зөрчилдөж байна. Яллагдагчдын эрх болон хэргийн талаар чөлөөтэй ярих иргэдийн эрхийг хүндэтгэх ёстой. Хэрэв хууль ёсны хязгаарлалт тавих шаардлагатай бол тэр нь олон улсын хүний эрхийн хууль тогтоомжид нийцсэн байх шаардлагатай.

47. Эцэст нь хэлэхэд, өнөөдөр Монголд "Зоригийн хэрэг шиг юм болов оо" гэх мэт хэллэгүүд ихээхэн хэрэглэгдэх болсныг төлөөлөгчид онцолжээ. Эдгээр нь "чи алга болно, хэн ч үүнийг хэзээ ч мэдэхгүй" гэсэн утгатай аж. Төлөөлөгчид Зориг агсны хэргийг алдаа мадагтай шийдвэрлэсэн нь Монголын ирээдүйд аюултай жишиг тогтоож буй тул үүнийг нэн яаралтай шийдвэрлэх ёстой хэмээн үзэж байна.

6. Захиалагчийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагаа

48. Төлөөлөгчид Зориг агсны хэргийг (i) ял шийтгүүлээд байгаа гүйцэтгэгчид болон(ii) мөрдөн шалгагдаж буй зохион байгуулагч (д) болон захиалагч (д) гэсэн хоёр хэсэг эрүүгийн хэрэгт хуваасныг тодорхой болгосон.

49. Улсын Ерөнхий прокурорын орлогчийн удирдаж, хэргийг мөрдөн шалган анхан шатны шүүхэд шилжүүлсэн Зоригийн хэргийг мөрдөх хамтарсан ажлын хэсгийг татан буулгасан. Одоо явуулж буй захиалагчийг мөрдөн шалгах ажиллагааг Тагнуулын ерөнхий газар дангаараа хариуцаж, бүхэлд нь нууцад авсныг төлөөлөгчид хэлсэн. Төлөөлөгчидтэй уулзсан албаныхан болон бусад хүмүүсийн хэнд нь ч энэ мөрдөх ажиллагааны явц байдлын талаар хуваалцах мэдээлэл байгаагүй. Тагнуулын Ерөнхий Газрын дарга зэрэг хэд хэдэн албан тушаалтнууд энэхүү хэрэгт засгийн эрхэнд одоо ч байсаар буй өндөр дээд түвшний улс төрчдийн оролцоо байх магадлалтай гэж үзсэн учир мөрдөн шалгах ажиллагааг нууцлах шаардлагатай хэмээн тайлбарласан.

50. Захиалагчийг мөрдөн шалгах энэхүү ажиллагаа ямар нэгэн үр дүнд хүрнэ гэсэн итгэл бага байгаа гэдгийг төлөөлөгчид онцолсон. Олон тооны хүмүүс Тагнуулын ерөнхий газар аллагыг илрүүлж, захиалагч (д)-д хуулийн хариуцлага хүлээлгэхийн оронд үнэнийг нуун дарагдуулан, гэмт хэрэгт оролцсон гэж үзэж байгаагаа төлөөлөгчдөд хэлсэн. 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэргийн талаар хэд хэдэн зүйл дурдагдсан. Энэ нь (i) нэг талаас бослогын үеэр иргэдийг буудсан доод түвшний цагдаагийн ажилтнуудынх, (ii) нөгөө талаас буудах тушаал өгсөн гэж сэжиглэгдсэн удирдах албан тушаалтнуудынх хэмээн 2 хэсэгт хуваагдсан улс төрийн оролцоотой бас нэгэн хэрэг юм. Уг хэргийн шүүх хурал бас хаалттай болсон бөгөөд хууль сахиулахын болон улс төрийн өндөр дээд түвшний албан тушаалтнууд ямар нэгэн хариуцлага хүлээгээгүйг төлөөлөгчид хүмүүстэй уулзах үеэрээ олж мэджээ.

51. Уулзсан хүмүүс энэхүү мөрдөн шалгах ажиллагааг бусдад дарамт шахалт үзүүлж, зохиомол хэрэг тулгахад ашиглах бий хэмээн айж байгаагаа илэрхийлсэн. Хэдийгээр нотлох баримт хангалтгүй гэж үзэн, Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч дор хаяж түүнээс гадна бас нэг хүнийг шүүхийн шийдвэргүй, ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр гадаадад зорчихыг хориглосныг төлөөлөгчид мөн олж мэдсэн.

52. Төлөөлөгчид янз бүрийн хүмүүстэй олон уулзалт хийсний дүнд хэргийн талаар дэвшүүлж буй таамаг, хувилбаруудын нэгэнд өмнөх Ерөнхийлөгч зэрэг өндөр түвшний улс төрийн удирдагчид орж, мөн Эрдэнэтийн уул уурхайн компани бас холбогдож байж болзошгүй тухай ойлголт авсан. Франц/Германаас хулгайлагдаж, дараа нь хорих газарт нас барсан Монгол иргэний дуулиант хэргийг зохион байгуулсан гэх Тагнуулын ерөнхий газрын одоогийн даргыг сэжигтнүүдийг хулгайлах, эрүү шүүлт тулгах ажиллагаанд оролцсон байх магадлалтай хэмээн уулзсан хүмүүс төлөөлөгчдөд хэлсэн.

7. Улсын их хурлын оролцоо ба парламентын хянан шалгах чиг үүрэг

53.Зарим нэг УИХ-ын гишүүд хэрэгт холбоотой асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээндалбан бусаар нээлттэй тавьж байсан бол нөхцөл байдлыг засаж залруулан, урьдчила сэргийлэх арга хэмжээ авах чиг үүрэг бүхий институцийнхээ хувьд УИХ-ын албан ёсоор авсан арга хэмжээ нь маш цөөхөн бөгөөд хамрах хүрээ нь хязгаарлагдмал байжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Улсын Их Хурал хөндлөнгөөс оролцох боломжгүй гэдэг тайлбарыг төлөөлөгчид байнга сонсож байв. Үүнийг Улсын Их Хурлын даргаас гадна, Тусгай хяналтын дэд хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүд мөн маш тодорхой хэлж байсан. Зарим асуудлуудыг Ерөнхий сайд гаргаж тавин (цагдаа, тагнуулын албыг удирдан чиглүүлдэг), Тусгай хяналтын ба Хүний эрхийн дэд хороод дээр хэлэлцэж байжээ.

54. Төлөөлөгчид Монголын парламентын хянан шалгах чиг үүрэг болон түүнийг хэрэгжүүлсэн (эсвэл энэ хэрэгт хэрэгжүүлээгүй байдлын талаар зарим нэгэн үр дүнтэй яриаг холбогдох хүмүүстэй өрнүүлжээ. Монгол Улсад парламентын хянан шалгах чиг үүрэг сул хэвээр байгаа тухай төлөөлөгчид мэдээлсэн. УИХ-ын гишүүдэд хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олж авахад хүндрэл бэрхшээл тулгарсаар байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц болон парламентын хяналтын чиг үүргийг бэхжүүлэх чиглэлээрх нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар тайлбар өгсөн.

55. Аллага болсноос хойших 19 жилийн хугацааны ихэнхэд нь үйл ажиллагаа явуулсан Зориг агсны хэргийг хянах үүрэг бүхий парламентын тусгай бүтэц /хороо/ татан буугдсан болохыг төлөөлөгчид тэмдэглэсэн. Зориг агсны хамаатан садан нь энэхүү хороо нь мөрдөн шалгах ажиллагааг амьд буюу идэвхтэй байлгахад, мөн энэ талаар шинэ мэдээлэл олж авахад тустай байсан тул татан буугдсанд нь харамсаж байгаагаа илэрхийлжээ. Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо ял шийтгүүлсэн этгээдүүдийн ар гэрийнхэн болон Булганы гаргасан өргөдөл гомдлын мөрөөр холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран ажилласан гэдгийг төлөөлөгчдөд мэдэгдсэн. Гэсэн хэдий ч тэд ч мөн адил уг хэргийг нууцад авсан хэмээх өнөөх л хариултыг авч байжээ.

56. Зориг агсны гэр бүлийн өмгөөлөгчид нууцын зэрэглэлтэй баримт бичгийг хянан үзэх, хэрэгтэй бол нууц шийдвэртэй мөн танилцахыг шаардах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дэргэд байгуулах хүсэлт тавьсан. Тэдний хүсэлтэд албан ёсны хариу өгөөгүй. Шүүн таслах ажиллагаа дууссан байсныг үл харгалзан Тусгай хяналтын дэд хороо эрх нь байсан хэдий ч нууцын зэрэглэлтэй хавтаст хэрэгтэй танилцах боломжийг эрж хайх асуудалд нухацтай хандаагүй байна. Дэд хорооны дарга болон гишүүд шүүхийн тогтолцоо / шүүн таслах ажиллагаанд итгэхгүй байх шалтгаан үгүй гэж үзэж байгаагаа төлөөлөгчдөд хэлсэн.

57. Төлөөлөгчид хууль сахиулах байгууллагын ажилтнуудад хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчны талаар нэлээд өргөн хүрээнд ярилцсан. Тэд Монголын хуультогтоомж, түүний хэрэгжилт энэ тал дээр маш сул байгааг олж мэджээ. Одоог хүртэл Монголын хууль сахиулахын ажилтнууд сэжигтэн, гэрчийг байцаахдаа эрх мэдлээ урвуулан, шударга ёсыг гажуудуулж, эрүү шүүлт тулган, зүй бусаар харьцсаныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээдэггүй хэвээр байна. Энэ байдал улс төрийн шинжтэй хэргүүдэд (ялангуяа авилга авсан, өмч хөрөг шамшигдуулсан) илүү их тохиолдож байгаа бөгөөд Монгол дахь эрүүгийн тогтолцооны нэр хүнд унахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. УИХ-ын зарим гишүүд УИХ-ыг хариуцлага хүлээдэг механизмыг бий болгох хүчин чармайлтыг хаан боогдуулж, хууль сахиулах тогтолцоонд шинэчлэл хийх гэсэн оролдлогуудыг мөн хүчтэй эсэргүүцсэн гэж шүүмжилсэн. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцоор хүлээсэн хараат бус мөрдөн шалгах ажиллагааны тогтолцоог бий болгох, мөн эрүү шүүлтийн эсрэг урьдчилан сэргийлэх дотоодын механизмаа бэхжүүлэх үүргээ Монгол Улс аль алийг нь хараахан биелүүлж чадаагүй байна хэмээн төлөөлөгчид дүгнэсэн.


D. ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖҮҮД

58. ОУПХ-ны Ассамблейн 137 дугаар чуулганы үеэр Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрт тусгагдсан урьдчилсан ажиглалт, зөвлөмжийг дараах байдлаар баталгаажуулсан болно (Санкт-Петербург, 2017 оны 10-р сар).

1. Дүгнэлт 

59. Хорооны төлөөлөгчид Монгол Улсад албан томилолтоор ажилласан 2015 оноос хойших хугацаанд гарсан Удирдах Зөвлөл болон Хорооны зөвлөмжүүдийн алийг нь ч эрх мэдэл бүхий албан тушаалтнууд хэрэгжүүлээгүйд, мөн сүүлийн үед гарсан шийдвэр/өөрчлөлтүүд нь хэрэгт ямар нэгэн ахиц дэвшил авчрах биш харин эсрэгээрээ саад тотгор болж байгаад төлөөлөгчид ихэд харамсав.

60. Хэргийг нууцалсан хэвээр байгаа явдал болон нууцаас гаргахад тулгарч буй улс төрийн эсэргүүцэл нь хэрэгтэй холбоотойгоор гарсан сүүлийн үеийн шийдвэр/өөрчлөлт нь үнэнийг илрүүлэх биш, харин ч аллагын жинхэнэ эздийг (шууд гүйцэтгэгч, зохион байгуулагч болон захиалагч) нуун дарагдуулах зорилготой байсан байж болзошгүй хэмээн төлөөлөгчид санаа зовж байна. Мөн уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 25 жил бөгөөд дуусах 2023 онд дөхөж байгаа нь бас нэг санаа зовох асуудал болоод байгааг төлөөлөгчид хэлэв.

61.  Төлөөлөгчдийн үзэж байгаагаар хэргийг шүүн тасалсан ажиллагаанууд олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон шударга шүүхийн зарчимд нийцэхгүй байгаа учраас шударга ёс, хариуцлагыг бий болгох хууль ёсны, итгэл үнэмшил бүхий ажил болсон хэмээн тооцогдохгүй. Нууцын нотлох баримтуудад үндэслэн нууцаар хийсэн шүүх хуралдаанууд хэзээ ч шударга ёс, хууль дээдлэх ёсонд үл нийцнэ. Энэ хэргийг мөрдөн шалгаж, шийдвэрлэсэн арга зам нь Монгол Улсын шүүх тогтолцооны найдвартай болон хууль ёсны байдлыг доройтуулж байна. Энэ нь шүүхийн шударга болон хараат бус байдалд ноцтой асуудал үүсгэж байна.

62. Тагнуулын байгууллага ял шийтгүүлсэн гурван этгээдийг дарамтлах замаар хуурамч мэдүүлэг өгүүлж, ял тулгасан байх магадлалтай хэмээн төлөөлөгчид дүгнэжээ. Төлөөлөгчид сэжиг бүхий зөрүүтэй мэдүүлэг болон цагаатгах нотлох баримтуудаас тэдгээр этгээдүүдийг уг гэмт хэрэгт оролцсон гэж үзэхэд тун эргэлзээтэй хэмээн дүгнэлээ.

63. Төлөөлөгчид хэргийн захиалагч (д) илрээгүй байгааг баталж, тэднийг илрүүлэх зорилготой хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны хууль ёсны байдалд ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Тагнуулын байгууллагын дангаараа хариуцан явуулж буй энэхүү мөрдөн шалгах ажиллагааны дүнд шударга ёс хангагдана гэдэг төлөөлөгчдийн уулзсан хүмүүсийн хэн нь итгэхгүй байгааг тэд анзаарсан байна. Энэхүү ажиллагааг хүмүүст дарамт шахалт үзүүлэх, гүтгэн буруутгах арга хэлбэрүүдийг ашиглан зохион байгуулж магадгүй гэсэн айдас уулзсан хүмүүст байсныг төлөөлөгчид онцолсон. Эдгээр айдсын зарим нь бодит байсан гэдгийг тэд айлчлалын үеэр батлах боломжтой байснаа мэдэгдсэн.

64. Төлөөлөгчид Зориг агсны гэр бүл төдийгүй ял шийтгүүлсэн гурван этгээд болон Тэдний ар гэрийнхэнд ч мөн шударга ёс адил үйлчлэх ёстой гэдэг дээр хатуу зогсдог. Хараат бус, шударга, нээлттэй шүүх хуралдааныг дахин хийх нь шударга ёсыг хангах цорын ганц арга зам юм. Улс төрийн зорилгоор шударга ёсыг золиослох явдлаас зайлсхийхийн тулд үүнийг хойшлуулж болохгүй. Энэ нь олон нийтийн итгэл жилээс жилд алдарч буй энэ үед Монгол Улсын шүүх засаглал нь улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоос ангид, хууль дээдлэх зарчмын дагуу үйл ажиллагаа явуулдгаа харуулах томоохон боломж болно гэдэгт төлөөлөгчид итгэж байна.

2. Зөвлөмжүүд

65. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнийхээ хувиар Төрийн нууцын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нь уг хэргийг бүхэлд нь нууцын зэрэглэлээс гаргах шийдвэрийг нэн яаралтай гаргах хэрэгтэй. Холбогдох эрх мэдэлтнүүд ямар нэгэн нуух зүйл байхгүй хэмээн мэдэгдсэн нь хэрэв үнэн бол шударга ёсыг хангах, Зориг агсны дурсгал болон гэр бүлийнх нь нэр хүндийг хүндэтгэх үүднээс уг хэргийг нээлттэй болгох ёстой.

66. Гаргасан бүх ноцтой алдаануудаа засч, залруулахын тулд шүүх тогтолцоо өөрийн хараат бус, шударга байдлаа батлан харуулж, ял шийтгүүлсэн гурван этгээдийн эрхийг хүндэтгэн, дотоодын болон олон улсын ажиглагчдыг байлцуулан, шүүх хуралдааныг нээлттэй горимоор нэн даруй дахин явуулах хэрэгтэй.

67. Шүүхийн шударга байдлыг алдагдуулахгүйн тулд шударга, ил тод, нээлттэй байдлаар шүүх хуралдааныг явуулах хүртэл ял шийтгүүлсэн гурван этгээдийг гэм буруугүйд тооцон, суллах хэрэгтэй. Тэднийг суллах хүртлээ энгийн дэглэмтэй шоронд хорьж, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлэн, ар гэрийнхэн, өмгөөлөгчтэй нь чөлөөтэй уулзуулах боломж олгох хэрэгтэй.

68. Хэргийн талуудад учирч буй аливаа дарамт шахалтыг бүгдийг зогсоохын тулд холбогдох арга хэмжээг нэн даруй авч, гэрч, сэжигтнүүдийг албадан шахах, эрүүдэн шүүх, дарамтлахтай холбоотой бүх асуудлыг хараат бус, шударга мөрдөн шалгах ажиллагааны журмаар нэн яаралтай шийдвэрлэх ёстой.

69. Цагдан хоригдоод, нотлох баримт хангалттай бүрдээгүйн улмаас суллагдсан Булган болон бусад бүх хүмүүсийг гэм буруугүйд тооцон, үндсэн эрхийг нь бүрэн сэргээх ёстой. Хуулийн дагуу баттай нотлох баримтад үндэслэсэн шүүхийн хориглосон шийдвэр албан ёсоор гараагүй тохиолдолд тэд Монгол Улс дотор болон хилийн чанадад чөлөөтэй зорчих эрхтэй.

70. Зохион байгуулагч болон захиалагчийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагааг Тагнуулын ерөнхий газраас Прокурорын газарт нэн даруй шилжүүлэх ёстой. Хавтаст хэрэгт буруутгах болон цагаатгах нотлох баримтууд аль аль нь авагдсан эсэхийг, мөн хууль сахиулахын албан хаагчдын хэрэглэдэг мөрдөн байцаах аргууд хүний эрхийн хэм хэмжээ болон хууль дээдлэх зарчимд нийцсэн эсэхийг нарийн сайн хянах хэрэгтэй.

71. Улсын Их Хурал нь энэхүү хэргийн хянан шийдвэрлэхэд шударга ёс үйлчилсэн гэдгийг харуулахын тулд эрх мэдлийн хуваарилалтын зарчмыг хүндэтгэхийн зэрэгцээ хянан шалгах чиг үүргээ тууштай хэрэгжүүлэх ёстой. Мөн Улсын Их Хурал нь уг хэрэгт цогц үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд хэргийн материал болон нууцын зэрэглэлтэй бүхий л нотлох баримтуудтай танилцах эрх бүхий түр хороог парламентын дэргэд нэн даруй дахин байгуулах асуудлыг судлах хэрэгтэй. Хүсэлт гаргасан тохиолдолд ОУПX нь Парламентын хяналт шалгалтыг бэхжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх боломжтой.

72. Улсын Их Хурал бүх хууль тогтоомжийг, ялангуяа Төрийн нууцын тухай хууль, Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хариуцлагатай холбоотой хуулиудыг Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын хууль тогтоомжийн хэм хэмжээнд нийцүүлэн тууштай, системтэйгээр хэрэгжүүлэхийн тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулиар тогтоосон парламентын хяналтын чиг үүргээ бэхжүүлэхийг, мөн энэ зорилгодоо ОУПХ-НҮБХХ-ийн хамтарсан “Парламентын 2017 оны тайлан”-г ашиглахыг УИХ-д зөвлөж байна. Хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудын цагдан хорих газруудадгаргадаг сэжигтнүүдэд эрүү шүүлт тулгах, зүй бусаар харьцах хэргүүд мөн. Тэдний авилга авсан болон эрх мэдлээ урвуулан ашигласан бусад хэргүүдийг хараат бус, бие даасан ажиллагаа явуулах замаар шийдвэрлэх тохирсон механизмыг яаралтай бүрдүүлэх шаардлагатай. Төрийн нууцын тухай хуулийн заалтуудыг нягт нямбай хянаж үзэх хэрэгтэй. Иргэний үндсэн эрхийг зөрчин гаргасан хэргийг нууцлах тухай шийдвэрийг эсэргүүцэх эрхийг иргэдэд олгохын тулд Парламент хууль эрх зүйн болон үндсэн хуулийн шинэчлэлийн хүрээнд бие даасан хяналтын механизмыг бий болгох асуудлыг судлах хэрэгтэй.


E. СҮҮЛИЙН ҮЕИЙН АХИЦ

73. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр 2017 оны 12 дугаар сарын эхээр Монголын Засгийн газар Хууль зүйн сайд Ц.Нямдорж (тухайн үеийн УИХын дэд дарга, Монголын Парламентын Байгууллагын Гүйцэтгэх хорооны дарга)- ийн хүсэлтээр Зориг агсны хэрэгтэй холбоотой баримт бичгийн ихэнхийг нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэсэн. ОУПX нь 2017 оны 12-р сарын 5-ны өдөр хэвлэлийн мэдээндээ шинээр гарсан уг ахицыг талархан хүлээж авснаа дурдсан. Гэхдээ зэрэглэлийг өөрчилсөн явдал болон түүнээс гарч болох үр дүн/үр дагавар нь одоог хүртэл тодорхойгүй байна. Гомдол гаргагчийн үзэж байгаагаар, энэ нь хэргийг дахин мөрдөн шалгах эсвэл дахин шүүх хуралдаан хийхэд шууд нөлөө үзүүлэхгүй болно. Монголын эрх баригчид Санкт-Петербург хотноо болсон ОУПХ-ны Ассамблейн 137 дугаар чуулганы үеэр гаргасан шийдвэрийг холбогдох эрх баригчдад хүргүүлснээ батлан, албан томилолтоор ажилласан тухай тайлангийн хуулбарыг хүлээн авахыг хүсч буйгаа 2017 оны арван нэгдүгээр сарын 30-нд бичгээр мэдэгдэв. Тэгэхдээ тэд хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй болно.

Д.ДАМДИНЖАВ (2018.03.29)

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.112.88) 2019 оны 03 сарын 29

Iim um boldog baikh gej.... huuliinkhan uy cha khiij chadna gedeg niagara haragdaj bna.

0  |  0
зочин(202.179.31.242) 2019 оны 03 сарын 28

Жил хагасын өмнө байдлыг нэн тодорхой байдлаар дүгнэж, ирүүлж байсан юм байна ш дээ. Одоо бүх юмыг ил болгох хэрэгтэй, тэгээд гаргасан бүх алдаа завхарлыг засах хэрэгтэй.

1  |  0
Top