Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр /2019.04.05/ боллоо. Энэ удаагийн чуулган иргэд, олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн онцгой анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаараа онцлогтой. Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс онцлох 10 эшлэлийг хүргэж байна.
1.
Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харилцаж шийтгэхийн эсрэг конвенц болон түүний нэмэлт протоколоор Монгол Улсын хүлээсэн үүрэг, түүнийг биелүүлэх талаар гарсан холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн асуудал олон нийтэд ил болсон. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах тогтолцооны гажуудал, шүүх эрх мэдлийн тогтолцоонд ноцтой байдал үүссэнийг илтгэж байна.
2.
Ардчилал, хүний эрхийн баталгааг хангах үүргээ төр зохих ёсоор хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ. Шүүх, хууль хяналтын байгууллагад бий болсон алдаа завхрал нь монгол хүний язгуур эрх ашиг, улс орны оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй болтлоо даамжирсан байна. Иймд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний ёсноос гадуур доромжлон харилцаж шийтгэх асуудлыг үндэс язгуураар нь устгахын төлөө Монгол улсын Их хурал хатуу тэмцэх болно.
3.
Ийм ч учраас бид хэдхэн хоногийн өмнө ардчилал, хүний эрхийг хамгаалах урьдчилан сэргийлэх механизм, шүүх эрх мэдлийн тогтолцоонд шинэтгэл авчрах зорилгоор хууль эрх зүйн хяналтын орчныг бүрдүүлсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох, цөөн хүний үзэмжээр асуудлыг шийдэх зорилго огт агуулаагүй гэдгийг онцлон тэмдэглэж байна.
4.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Монгол хүн, Монгол Улсын язгуур эрх ашгийг хохироосон шүүгчийн ёс зүй, үйл ажиллагаатай холбоотой илэрхий буруу үйлдэл, тухайлбал хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандах эрхийг л олгосон. Шүүгч, шүүхийн хараат бус байдлыг хангах зорилготой Шүүхийн ерөнхий зөвлөл нь баримт нотолгоог үндэслэн эцсийн шийдвэр гаргах зохицуулалт хэвээрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
5.
Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох талаарх саналыг хойшлуулалгүй зөвшилцөх, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон бусад холбогдох албан тушаалтны асуудлыг шуурхай шийдвэрлэж хууль шүүх засаглалд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэх бодит ажлуудыг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна.
6.
Энэ хаврын чуулганаас эхлээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээлэлтэй зэрэгцүүлэн мэтгэлцэх зарчмаар нухацтай хэлэлцэж, холбогдох Байнгын хороо төдийгүй Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцүүлдэг болгож байна.
7.
Улсын дээд шүүхийн шүүгчийг хугацаатай томилдог болох, томилгооны сонсголд оруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулах, төрийн албыг улс төрөөс хараат бус байх явдлыг бататган бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тодорхой саналууд тусгасан байна.
8.
Ард иргэдийн санал шүүмжлэл, төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдээс Улсын Их Хуралд ирүүлсэн зөвлөгөө анхааруулгыг нэгтгэж үзвэл 1-рт Шүүх засаглалаа цэгцлэх, 2-рт Улсын Их Хурлын нэр хүнд унасныг засах шинэчлэл хийх, 3-рт Засгийн газар улсаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааг өөд татахад чиглэсэн бодитой, үр дүнтэй, томоохон ажил хийх шаардлагатай байна гэсэн 3 үндсэн дүгнэлт гарч байна.
9.
Төмөр зам, газрын тосны үйлдвэр барих, Тавантолгой болон бусад томоохон төслийг хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих зэрэг бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн төслүүдээ бодитоор хэрэгжүүлж үр дүнд хүргэх, ажлын байр олноор бий болгож, ард түмнийхээ амьжиргааг сайжруулахын төлөө гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц ажлыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
10.
Монгол Улсыг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад хүчээр элсүүлэх гэж байна гэсэн ор үндэсгүй яриа үүний нэг нь юм. Засгийн газар, ҮАБЗ-өөр хэлэлцэж, Улсын Их Хурал гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн үүднээс хэлэлцэн шийдвэрлэх ёстой бодлогын асуудал. Яг ийм зарчмаар нарийвчлан судалж тайлан дүгнэлт гаргасны үндсэн дээр гадаад дотоод бодлогын үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдах болно. Учир нь болоогүйг болсон, яриагүйг ярьсан, шийдээгүйг шийдсэн мэтээр олон улсын харилцаанд сөрөг нөлөөлөх зүйлс ярьж, түүнийгээ улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болгож, нийгмийн оюун санааг хордуулж, үндэсний эв нэгдлийг бутаргах гэж оролдож байгаад харамсаж байгаагаа илэрхийлье.
Сэтгэгдэл ( 2 )
Mash goe
ok