Хятад, АНУ-ын хэлэлцээ худалдааны дайныг шийдвэрлэх үү?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

БНХАУ, АНУ-ын худалдааны яриа хэлэлцээ мэдэгдэхүйц дэвшилд хүрснийг Хятад улсын тэргүүн Ши Жиньпин шинэ зөвшилцлийг сайшаасан явдал гэрчилнэ. Гэсэн хэдий ч нэг асуулт хариултгүй үлдсээр. Юуны учир Нэгдсэн Улс Азийн гүрний худалдааны зарим арга барилын талаар ижил асуудалтай тулгардаг барууны улс орнуудтай эвсэн Хятадтай хэлэлцээ хийхийн оронд хоёр талын хэлэлцээ хийхийг илүүд үзэв. Энэ асуултын хариулт Хятад, АНУ-ын хэлэлцээр дэлхийн эдийн засгийг нөмрөөд буй худалдааны дайныг шийдвэрлэх шийдэл үү эсвэл богино хугацааны “гал зогсоох” явдал уу гэдэгт үнэлэлт өгөх нь чухал гогцоо. АНУ-ын зүгээс Хятадын худалдааны арга барилын талаар гомдоллож буй асуудлуудын жагсаалтад худалдааны тэнцлийн алдагдал, технологи дамжуулалт, төрөөс үзүүлж буй их хэмжээний дотац, оюуны өмчийн эрхийн асуудал орж байна. Трампын засаг захиргаа эдгээр бүх салбарт Хятад улстай зөвшилцөлд хүрэхийг чухалчилж байгаа бөгөөд энэхүү худалдааны дайн Хятад улсад илүү хохирол учруулна гэдэгт итгэлтэй байгаа.

Хэдийгээр АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт, шахалтад бууж өгөх нь Хятадын хувьд ашиггүй ч, удааширсан худалдааны дайнаас арай дээр сонголт. АНУ-ын холбоотнууд АНУ-тай ижил гомдол тавьдаг. Тэр тусмаа, Хятадын экспортод Европын эзэлж буй хувь хэмжээ АНУ-г бодвол илүү их. Тиймээс Европ, АНУ-ын хамтарсан фронт  илүү хүчтэй байх учиртай. Гэтэл нэгдмэл эрх ашиг дээр суурилсан нэгдсэн фронтыг удирдахын оронд АНУ өнөөг хүртэл хувийн тоглолт хийсээр ирлээ.

Хятад улс өөрийн зүгээс эдийн засгийн өсөлт нь буурч буйтай холбогдуулан хариу арга хэмжээ авч байна. 2018 онд тус улсын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 6.5 хувьтай байхаар төсөөлсөн бол бодит өсөлт нь 6.6 хувьд хүрсэн. Энэ нь тус улсын хувьд сүүлийн 30 жилийн хугацаанд байгаагүй бага өсөлт.

Хараат бус шинжээчид Хятадын эдийн засгийн гүйцэтгэл албан ёсны тоо баримттай харьцуулахад хамаагүй муу байсан гэж тооцоолов. Үүнтэй зэрэгцэн, Хятадын импортын хэмжээ энэ жилээс унаж эхэлсэн. Аж үйлдвэрийн салбар ч мөн таагүй үзүүлэлттэй байна. Эдийн засгаа дэмжих үүднээс, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мөнгөний бодлогоо чангатгана гэж мэдэгдэв. Мөн аж үйлдвэр, тээвэр, барилгын салбарын НӨАТ-ыг бууруулахаа мэдэгдсэн. Энэ жил тус улсын Засгийн газар хот, суурин газруудад 11 сая гаруй ажлын байр бий болгох замаар ажилгүйдлийн түвшинг 4.5 хувьд барих зорилго тавин ажиллаж байна. Мөн түүнчлэн, компаниудын зүгээс төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг ч бууруулна. Энэ жил батлан хамгаалах салбарын төсвийг 7.5 хувь буюу 1.2 их наяд юань хүртэл бууруулж, гадаадын компаниудад илүү нээлттэй болох бодлого барьж эхлэв.

Гэхдээ Хятадын эдийн засгийн буурч буй нь өөрөө шинэ мэдээ бус юм. Олон жилийн туршид Бээжин тоо бус, чанарт анхаарна гэж мэдэгдэж ирсэн билээ. Гэсэн хэдий ч энэ нь санаа зовоосон асуудал мөн. Учир нь Хятадын эдийн засаг удааширна гэдэг нь дэлхийн эдийн засгийн өсөлт удааширна гэсэн үг. Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг хангадаг. Ажлын байр, экспорт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл Хятад улсаас хамаарч байна. Хятад улсын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь Хятад улсын олгож буй зээл, өрийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг.

Энд гэхдээ сануулах нэг чухал зүйл бий. Хятадын өгч буй албан ёсны тоо үргэлж давсалсан байдаг гэдгийг санах нь чухал. Бээжингийн мэдээлж буй өсөлт хамаагүй бага байж болзошгүй. Тиймээс зарим шинжээчид Хятад улсын эдийн засгийн өсөлт 5.6 хувиас ч доогуур байх магадлалтай гэж үзэж байна.

АЗИД ЭНЭ НЬ ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ВЭ?

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Хятад улс Азийн ихэнх улс орнуудын хувьд худалдааны томоохон түнш нь болсон. Тус улс цахилгаан эрчим хүч, түүхий газрын тос, төмөр, зэсийн хүдрийн томоохон худалдан авагч. Тиймээс хэрэв Хятад улс эдгээр бүтээгдэхүүний худалдан авалтаа багасгавал, бүс нутгийн эдийн засаг тэр хэмжээгээр буурна гэсэн үг.

Энэ жил Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 6.3 хувиас зургаан хувь хүртэл буурах төлөвтэй байна гэж Дэлхийн банк сануулж байна. Санхүүгийн хямрал эхэлснээс хойш Азийн хөгжиж буй улс орнууд хамгийн бага өсөлттэйг статистик тоо, баримтууд гэрчилж байна. Үүнд АНУ, Хятадын хооронд үүсээд буй худалдааны дайн нэрмээс болж байна.

Хятадын томоохон ний­лүүлэг­чид болох Солонгос, Синга­пур, Малайз, Вьетнам зэрэг Азийн улс орнууд хамгийн хүнд цохилтод орно гэж эдийн засагчид үзсэн бол тоо, баримтууд аль хэдийн үүнийг нотолж байна. Хятадын эдийн засаг удаашрахын хэрээр худалдан авалт буурчээ.

ЭНЭТХЭГ УЛС АМЖИЛТ ГАРГАСААР

Азийн хувьд найдвар төрүүлэх зарим нэг шалтгаан бий. Дэлхий дээр хамгийн хурдацтай өсч буй Энэтхэг улсын эдийн засаг Азийн бусад улс орныг бодвол Хятад улсаас бага хамааралтай гэдгийг Азийн Хөгжлийн банкнаас хийсэн судалгаа харуулж байна. Дэлхийн Банкны мэдээллээс үзвэл, энэ жил тус улсын эдийн засгийн өсөлт 7.3 хувь, ирэх хоёр жилд 7.5 хувьтай гарах төлөвтэй байна.

Энэтхэгийн дундаж давхаргын зарцуулалт өсч буй нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Хэдийгээр тус улсын улс төрийн амьдрал сонгууль зэрэг томоохон үйл явдлаар дүүрэн байх ч эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байх төлөвтэй байна.

БЭЭЖИНГИЙН ДЭМЖЛЭГ

Хятад улс 80 тэрбум ам.долларыг санхүүгийн системд цутгаж, компаниудад зээл олгож буй банкнуудыг дэмжиж байна. Ингэснээр, компаниуд илүү олон хүнийг ажлын байраар хангах, олон тооны шинэ үйлдвэр барих боломжтой болно. Хэдийгээр үүнийг нотлох баримт одоогоор гарч ирээгүй байгаа ч, энэ жилийн сүүлээр эдийн засгийн үйл ажиллагаа сайжирна гэдэгт эдийн засагчид санал нэг байна. Мөн татварын хөнгөлөлт эдийн засгийн өсөлтийг 0.5 нэгжээр нэмэгдүүлэхэд дөхөм болно гэж JP Morgan тооцоолжээ.

Японы Номура банк мөн Хятад улс энэ жилийн хоёрдугаар хагаст сэргэж, Ази тивийн дээр гэрэл асч,  дэлхийн эдийн засгийн зүтгүүр хэмээн хүлээн зөвшөөрөгдөх болно гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ дэлхий дахинд Хятадын эдийн засгийн бууралтад дасахын тулд удаан хугацаа шаардлагатай гэж Capital Economics эдийн засгийн судалгааны төвийн судлаач Марк Уильям онцолж байна. Хятад улс улам бүр баян болохын хэрээр эдийн засгийн өсөлт нь удааширна.

Амжилттай яваа бүх улс орон үүнийг тойрч бус, дайрч гардаг гэж тэрбээр хэлээд ирэх тав, 10 жилд энэ үзэгдэл хүчтэй илэрнэ хэмээв. Тиймээс Хятадын өсөлт удааширч байна гэсэн гарчиг хараад та гайхах зүйлгүй. Харин бэлтгэлтэй бай.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top