Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ангел Гурриа Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр илгээсэн захидлыг албан бус орчуулгаар толилуулж байна.
Уг захидалд,
Хүндэт Ерөнхий сайд танаа,
Миний бие 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD)-ын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний хурлын үеэр батлагдсан Монгол Улсын авлигын эсрэг тэмцлийн талаарх мониторингийн тайланг танд хүргүүлж буйдаа баяртай байна.
Тайлан нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газар (IAAC) - ын үйл ажиллагаа эрс сайжирсныг сайшаан хүлээн авч байна. Үүнтэй зэрэгцэн Авлигатай тэмцэх газрын өдөр тутмын үйл ажиллагаанд олон төрлийн асуудал тулгарч буйг тэмдэглэж байна. Сүүлийн үед Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдалд заналхийлж, хуулиар олгогдсон эрх, үүргээ биелүүлэхэд нь хөндлөнгөөс саад учруулах оролдлогуууд гарч буй нь Монгол улс авлигаас ангижрах зорилгодоо хүрэхэд санаа зовниход хүргэж байна. Тайлан нь Авлигатай тэмцэх газар өөрийн эрх үүргээ аливаа зүй бус нөлөөллөөс ангид гүйцэтгэх боломжоор хангагдах ёстой гэж дүгнэж байна. Монгол Улс нь Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаа хаших хугацаа зэрэг хараат бусаар бие дааж ажил үүргээ гүйцэтгэх баталгааг хатуу баримтлах ёстой. Мөн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шударга, ил тодоор сонгон шалгаруулж, хариуцлагатай ажиллуулахыг зөвлөж байна.
Тайлан нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигын эрсдэлтэй салбаруудыг зорилгоо болгосон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдсаныг сайшаан хүлээн авч байгаа бөгөөд хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд нь авлигын эсрэг шинэтгэлийг ахиулахад Авлигатай тэмцэх газрыг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна. Цаашлаад Монгол Улсын Засгийн газрыг иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг зөвлөж байна.
Монгол Улс цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж, хөрөнгө орлогын мэдүүлгийн системээ сайжруулсан нь магтууштай үйл явдал юм. Гэвч Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн хамрах хүрээг хязгаарлаж, өрсөлдөөнгүй худалдан авах ажиллагааны тоо өссөн асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэж байна. Түүнчлэн төрийн албаны улс төржсөн байдал, томилгоонд гардаг хууль бус үйлдлүүд болон улс төрийн өөрчлөлт гарах бүрт албан хаагч нар өөрчлөгддөг асуудлууд санаа зовоосон хэвээр байгааг онцолж байна.
Тайлан нь Монгол Улсын Эрүүгийн хуульд хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг шинэ ойлголтуудыг оруулсныг эерэг дэвшил гэж үзэж байгаа бөгөөд цаашид олон улсын авлигын эсрэг стандартад нийцүүлэн, илүү сайжруулахыг зөвлөж байна. Монгол Улс шүүгч, прокуроруудын хараат бус, шударга байдлыг хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд улс төрийн болон гадны аливаа хэлбэрийн нөлөө оруулахгүй байх орчинг бий болгохын тулд шүүх, хууль сахиулах байгууллагын шинэтгэлд төвлөрч ажиллах ёстой.
Монгол Улс хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтны авлигын том хэргүүдийг шийдвэрлэж, олон тооны эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж буй нь хууль сахиулах их хүчин чармайлтынх нь илрэл мөн. Гэвч Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн системчилсэн хяналт шалгалт, үүссэн байж болзошгүй зөрчлийг үргэлжлүүлэн шалгах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Түүнчлэн авлигын том хэргүүд, өргөн тархсан ашиг сонирхлын зөрчлийн асуудлуудыг анхаарч авч үзэх, олон төрлийн эх сурвалж, задлан шинжилгээний арга хэрэгслүүд ашиглан өндөр түвшний, авлигын хэргүүдийг илрүүлэх, мөрдөх, яллах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Тайлан нь мөн улс төрийн түвшний авлигын өндөр эрсдэлүүдийн талаар зөвлөмжүүд өгсөн бөгөөд Монгол Улсыг нэн яаралтай улс төрийн намын санхүүжилтийг зохицуулах эрх зүйн цогц орчныг бий болгож, үр дүнтэй хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг шаардаж байна.
Миний бие Монгол Улсын холбогдох байгууллагууд ялангуяа тус мониторингийн Үндэсний зохицуулагчаар ажилласан Авлигатай тэмцэх газарт энэхүү тайланг бэлтгэхэд хамтран ажилласанд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага цаашид Монгол Улстай үр дүнтэйгээр хамтран ажиллахдаа баяртай байх болно.
Хүндэтгэсэн,
Ангел Гурриа
Сэтгэгдэл ( 2 )
Тусгаар Монгол улс өөрөө бие даагаад асуудлаа шийдээд явчихна. Харин ч одоо л жинхэнэ авилгачдаа цэвэрлэж эхэлж байна. Салаавч өг наад авгайдаа.
Энэ хүний юм хийнэ гэж юу байхав дээ. Монголчуудаар өөрсдөөр нь л хийлгэсэн байгаа ш дээ. Үүнийг мэдээж АТГ - ийн хүмүүс бичсэн байгаа даа. АТГ - ийн байцаагчид нь албан тушаалтнуудын нэгнээсээ өшөө авах, дарамталж эрхэндээ оруулах хүслийг нь хангаж өгдөг юм. Эрх мэдэлтнүүдийн авлигыг илрүүлчихсэн юм юу байна? Туул голын голдрилд авлигчид л барилга барьсан шүү дээ. Хүүхдийн паркийн талыг авлигад гаршсан хн л авсан. Нөгөө С. Баяр тэргүүтэй Оюунтолгойн хахуульчид хааччихав?