УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Ажлын хэсэг 2019.05.06-ны өдөр хуралдаж, төсөлтэй холбогдуулан гаргасан саналуудыг нэгтэн томъёолжээ. Тухайлбал, төслийн зарим нэр томъёог Нотариатын тухай хууль болон холбогдох бусад хуулийн нэр томъёотой нийцүүлэх, нотариатын үйл ажиллагаа эрхлэх нотариатчийн насны дээд хязгаарыг 70 байхаар, нотариатч мэдээллийн цахим санд бүрдүүлэхтэй холбоотой цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний архив аюулгүй байдлыг хангах журам, мөн нотариатчийн бүрдүүлсэн архивын баримтыг архивт шилжүүлэх, хадгалахтай холбогдсон журмыг тус тус хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зөвхөн нотариатчдын үйл ажиллагаанд хяналт тавих, судалгаа, хяналт, дүгнэлт хийх, дүгнэлтийг үндэслэн арга хэмжээ авах эрхтэй байх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилдэг байх зэрэг асуудлуудыг тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Хуульчид тэтгэвэрт гарахаараа нотариат дээр очдог. Энэ бол төрийн албан хаагч биш. Туршлагатай хүмүүс алдаа гаргах нь ховор. Тиймээс насны зааггүй болгох хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үл хөдлөх хөрөнгийн хэлцэлтэй холбоотой нотариатыг тухайн үл хөдлөх газрын нотариат батална гэсэн заалт оруулж байгаа юм байна. Олон улсын үл хөдлөхийг хэрхэх вэ. Уг нь мөчлөгч болох гэж байгаа эзний сонголтоор нотариатыг сонгомоор байна. Ингэж зааж өгвөл банкны нотариатчдад асуудал үүснэ. Гэрээтэй нотариат байгаа шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийллээ. Үүнд Х.Нямбаатар гишүүн “Үл хөдлөхийн эрхийг бусдад шилжүүлэх хэлцлийг л тухайн газрын нотариат хийнэ. Харин барьцаа шилжүүлэх зэрэг үйлчилгээг аль ч нотариатаар хийлгэж болно. Тойргоор ингэж харьяалуулахгүй бол хөдөө эрх авчихаад хотод үйлчилгээ үзүүлээд байгаа юм” хэмээн тайлбарлаж байлаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 1 )
нотариатоос нөт авч баймаар байна 100000 төг-р үйлчлүүлсэн боловч өгөнгүй байдаг