УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл, Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг албан тушаалтан 400 гаруй зөвшөөрөл нийт 1300 гаруй тусгай зөвшөөрөл олгодог байна. Хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх Иргэний хуулийн суурь үзэл баримтлалыг баталгаажуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцаа тодорхой болно хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн зөвшөөрлийг олгох, сунгах цахим хэлбэрээр зохион байгуулж болох зохицуулалт хуульчлагдаж, иргэд чирэгдэл хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэх, зөвшөөрөл олгох харилцаа ил тод, хяналттай болно гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, лицензийн тоог цөөлж, лиценз авдаг олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцаа боловсронгуй болох юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан “Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө. Хэт их зүйлийг хуульчлахаар амьдрал дээр зохицдоггүй. Мөн хууль давсан журам гаргах тохиолдлууд их байдаг. Зөвшөөрөл гэхээс илүү журмаар иргэн, хуулийн этгээдийг дарамталдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэхэд маш олон журмаар далайлгадаг. Мөн төр тусгай зөвшөөрлийг өөрөө олгодог байх ёстой. Төрийн бус байгууллага төрийн зөвшөөрөл олгоод байвал төр байх шаардлага байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Тусгай зөвшөөрөл хэрэгтэй. Тэсэрч дэлбэрэх бодис, буу зэвсэг, архи тамхи, эрүүл мэндийн үйлчилгээнд зайлшгүй тусгай зөвшөөрөл байх ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хугацааг нь уртасгаж, тоог нь цөөрүүлнэ гээд заачихсан. Энэ чиглэлээр төрийн зохицуулалт байхгүй. Төрийн зохицуулалт зөв байх ёстой. Тухайлбал, ашигт малтмалын лицензийн асуудал. Сүүлийн 30 жилд 17 мянган лиценз өгсөн. Одоо 3000 лицензтэй. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суурилагдсан хүчин чадлаас нь хэд дахин өндөр өгчихсөн. Төлөвлөлтгүй, сахилга хариуцлагагүй байгаагийн илрэл. Энэ бүхэн чинь гаднын хөрөнгө оруулалтыг хаагаад байгаа юм. Хүнд суртлыг багасгах чиглэлээр анхаармаар байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )