Зуны эхэн сар талдаа орж, наашлах цагийн нар дээр гарсан ч сүүлийн хэд хоног сэтгэл жиндүүлэм сэрүүн салхитай өнжив. Жамаараа хөхүүрийн ам наашилж байгаа ч ийм бүүдгэр тэнгэр, хүйтэн салхи сэтгэлийн мухарт гуниг төнхөнө. Хаврын тарчигхан өдрүүдийн дурсамж моддын шинэхэн нахиатай дэлгэрэхийг хүлээлээ. Ийм л хэд хоног намайг тойрон эргэлдэв. Цаг давчуу ажлууд ар араасаа жингийн цуваа мэт хөвөрсөөр ахуйд сатааран “уйтай” өдрүүдийг ардаа үлдээв. Юу гээч. Өчигдөр өглөө сэтгэл тэнийм тийм итгэлийн нартай өглөө байлаа. Бээрсэн өдрүүдээ эргэн бодоход хүнд ачаа мэт санагдах ч зуны дулаан өдөр ийн айлчлан ирсэнд бүгд л талархан баярлана.
Үдийн наран хэвийх үед ажлаасаа өөрийгөө түр чөлөөлөн кофегоо уухаар сандал налан суух үед багын дурсамж сэтгэл гижигдэв. Өгүүлсү. Тэртээ олон жилийн өмнө дунд ангийн сурагч байхдаа лагерт аав, ээжийгээ хүлээн модны сүүдэрт хэвтэн өнгөрүүлдэг байсан тэр өдрүүд дурсамжийн минь орон зайд дураараа орж ирэв. Хайр дурлалын, адал явдалтай, зөгнөлт голдуу ном цуглуулчихсан зуны турш “найзлахаар” базаан, хичээл амрахтай зэрэгцэн лагертаа яаран гардагсан. Дүү нараа хооллож, ундалчихаад оройн хоол хүртэлх тэр зайд байшингийнхаа урдхан талын саглагар модны доор гудсаа дэвсэн, хөнжил хаяад тухтай гэгч нь хэвтдэг байсан тийм нандин үе. Уншсан номондоо гүн автан мөрөөдөлд дарагдаж, гол дүрийн баатруудыг нь нүдэндээ ургуулан, цаг үе, гудамж талбайг нь төсөөлөн, бодолдоо жарган инээмсэглэдэг байсан тэр үе. Сайхан мэдрэмжүүдийг нь мөрөөдөл болгон өөртөө “амилуулж”, аз жаргалын дэвүүр хийж нисэх мэт жигүүрлэдэг байсан тэр үе...
Түм түжигнэсэн хотын амьдрал, минут секундээр хэмжигдэх ажлын дарааллын тэрхэн завсарт бодолд харван орж, оюун санааг минь тэртээх “Модны сүүдэр”-т хөтөлсөн бодрол. Хоромхон зуур хэдий ч ачааллан, эрчилсэн оюун бодлыг минь хичнээн сайхан амрааж, чөлөөлсөн гээч... Ядрах, ачааллах үедээ бясалган, бодлоо чөлөөлөхийг хүсвэл дахиж “Модны сүүдэр”-тээ очих юм шүү.
Ажлаа хийе дээ...
Сэтгэгдэл ( 0 )