ШӨХТГ ажлаа хийх үү, эсвэл татан буугдах уу!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Их улс төр хавар зуныг өртөөлөн бужигнаж нийгмийн анхаарал энэ зүгтээ төвлөрчээ. Гэтэл нийгмийн гол анхаарлын цаана олон шударга бус зүйл өрнөж байна. Шатахуун түлшний үнэ өдрөөс өдөрт өсч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ямар ч хараа хяналтгүй савлаж хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны үнэд савлагаа үүссэн. Үүгээр зогсохгүй үхсэн малын мах борлуулахаар зэхсэн, зарж борлуулж буй бүтээгдэхүүний сав баглаа боодлын стандарт гээд дурдаад барахгүй олон зүйл бий. Нийгэмд үүсээд буй энэ мэт шударга бус зүйлийг зохицуулан тэгшитгэж байх ёстой газар нь ШӨХТГ. Гэтэл энэ байгууллага юу ч болсон чимээ үл гаргана. Уг нь ШӨХТГ нь 40 гаруй хүнтэй татвар төлөгч бидний мөнгөөр санхүүжин үйл ажиллагаа явуулдаг ч бидний төлөө ажиллахгүй байна гэх шүүмжлэл нийгэмд байнга өрнөдөг.

Нөгөө талаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ШӨХТГ нь тухайн Засгийн газрын бодлого шийдвэрийг шууд мөрдөж ажиллах, түүний хэрэгжилтийг хангах учиртай байгууллага атал хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахгүй байна гэх шүүмжлэл иргэдийн дунд байгааг буруутгах ямар ч аргагүй. 

Ханган ажиллахгүй байгаа олон жишээ дурдаж болно. ШӨХТГ зөвхөн өнөөдөр ч биш, цагийн цагт ийм байдалтай байсаар ирсэн гэхэд хэтийдэхгүй. Өнгөрөгч онд Засгийн газраас Шатахуун түлшинд оногдуулсан Онцгой албан татварыг тэглэж, шатахууны үнэ нэмэхгүй байхыг сануулахын зэрэгцээ холбогдох агентлаг газар үүнд хяналт тавин ажиллахыг үүрэгдэж байсан. Ерөнхий сайдын тогтоол шийдвэр ч гарсан. Ингэхдээ Ерөнхий сайд  “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 7 дугаар бүлгийн 7.1.1-д зааснаар “Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” гэсэн хууль тогтоомжийг үндэслэн тогтоол гаргажээ. Гэтэл тухайн цагт Монгол Улсын Засгийн газрын тэргүүний гаргасан тушаал, үндэслэсэн хууль  тогтоомжийг үл хүндэтгэн ажиллаж байгаа цор ганцхан байгууллага бол ШӨХТГ гэдгийг нийгэмд үүссэн нөхцөл байдлаас харж болно. Тэр цагаас хойш чамгүй хугацаа өнгөрөхөд энэ айл ч чимээ гаргасангүй, өнөөх шатахуун импортлогчид нь үнэ нэмсээр байгааг бид харж байна.

Тус газар нь чиг үүргийн хувьд Шадар сайд Ө.Энхтүвшингийн багцад хамаарч буй.

Тэгэхээр Шадар сайд ч Гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ тогтоол шийдвэрийг огт биелүүлэхгүй байгаа агентлаг газраа хяналтдаа авах болжээ. Зөвхөн энэ хуулийн үндэслэлээр ШӨХТГ-ын дарга ажлаа өгч дараагийн хүнд байр сууриа тавьж өгөх хангалттай шалтгаан бүрдэж байна гэдгийг ч давхар сануулахад илүүдэхгүй. Тэгвэл “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-д агентлаг татан буулгах тухай зүйл заалтыг цагаан дээр хараар бичсэн нь бий. Тус хуулийн зургаадугаар зүйлийн 6.2.1-т “тухайн агентлагаас хэрэгжүүлж байсан чиг үүрэг, үйлчилгээ нь төрийн чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээнд хамаарахгүй болсон нөхцөлд татан буулгана” хэмээн заасан. Тэгэхээр өнөөдөр манай ШӨХТГ хуульд зааснаар Төрийн чиг үүрэгт “хамаарахгүй” болсон тул татан буулгахад болохгүй зүйл алга. Яагаад гэхээр Төрөөс гаргасан тогтоол шийдвэрийг ханган ажиллахгүй байгаа учраас энэ хуулийн заалтыг зөрчиж байна гэсэн үг. Өчигдөр болон өнөөдрийн үйл явцаас харахад ШӨХТГ татан буугдах нөхцлөө аль эрт хангажээ. 

Манай улсын эдийн засгийн байдал тийм ч таатай бус өндийлгөх гэж хичээж байна. Тиймээс ч төсөв хэмнэх тухай төлөвлөж суугаа цаг дор энэ мэт хэрэггүй агентлаг газрыг татан буулгахад болохгүй зүйл алга. Төрөөс батлаад өгсөн хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээх хангалттай нөхцөл бүрдүүлсэн байгууллага нь ч байна. Тэгэхээр энэ айлыг татан буулгаад Засгийн газрын дэргэд ч юм уу, Мэргэжлийн хяналтын газрын дэргэд 4-6 хүнтэй нэгэн алба болгоход болохгүй зүйл алга. Нийгэмд үй олон шударга бус зүйл байхад байгаа үгүй нь мэдэгдэхгүй 40 гаруй хүнтэй байгууллага татвар төлөгчдийн мөнгө сааж суухын хэрэг юун.

Манай уул уурхай тэр тусмаа цөмийн салбарт нэн чухал үүрэгтэй Цөмийн энер­гийн газар гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ажиллаж байв. Гэтэл Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон даруйд төсөв хэмнэх нэрээр татан буулгаад жижигхэн алба болгож байсныг уншичг та санаж байгаа. Энэ бол чухал үүрэг бүхий агентлаг олон улсад чиг үүргээ гаргачихсан байсан юм даг. Үүний дэргэд бол ажлаа хийхгүй байгаа ШӨХТГ юу ч биш. Үнэхээр чиг үүргийн хувьд яах аргагүй байх ёстой статус юм бол даргыг нь соль. Гэхдээ энэ байгууллага ажлаа хийвэл хийж болдог гэдгийг ч бид мэднэ. Учир нь “Муу нэртэй луу данстай” ч О.Магнай нийгэмд ШӨХТГ гэж ийм байгууллага байдаг юм шүү гэдгийг сайтар мэдрүүлсэн хүн. Шатахуун имортлогчдод хэдэн тэрбумаар торгууль тавихаас уруудан нүүрсний шуудайнд хүртэл стандарт тогтоож байсныг уншигч та санаж байгаа байх. Энэ бол яах аргагүй ШӨХТГ-ын хийх ёстой ажил мөн. 

Уг нь ном дүрмээр бол агентлагийг төрөөс зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээг хэрэгжүүлэх үндэслэлтэй гэж үзсний шалтгаанаар байгуулдаг аж. Гэтэл ийм чиг үүргийн дагуу байгуулагдаж олон онд татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж туршлага суусан гэж болох энэ байгууллага нийгэмд үүссэн шударга бус зүйлтэй эвлэрэл тогтоон ажиллаж байгааг сайшаах арга алга. Тэгэхээр Засгийн газар, өөрт нь харъяалагдах Шадар сайд энэ байгууллагтаа ташуур өгөх цаг нь нэгэнт болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lkhagva dargad (202.170.68.38) 2019 оны 05 сарын 30

Tanai baiguullagiin ner hund baitsaagchaas hamaaraltai. Sain mergeshsen, ur chadvartai baitsaagchid bii, teren dotor baigaa heden nohduudees bolj baigaa!!! Argaan baraad tanai baiguullagiig zorij huselt, gomdloo ogdog shuu. Munguntsetseg gedeg baitsaagch alivaa asuudald ajil heregch handdaggui, mergeshsen bish, ur chadvar muutai, huuli nomoo meddeggui, barag zaavarchluulj baij hodoldog baitsaagch.. Mon gomdol gargasan huniig eson joroor ni dugnej busdad yaridag. notstoi!!!

0  |  0
zOCHIN(103.229.121.20) 2019 оны 05 сарын 30

MAGNAIG DARGAAR NU TAB

1  |  0
гомбо(66.181.161.79) 2019 оны 05 сарын 30

О.Магнайгаас хойш энэ байгууллагын сургийг сонсоогүй. Байдаг юм уу

1  |  0
Зочин(202.9.42.226) 2019 оны 05 сарын 30

Ёстой хэрэггүй газар байна лээ дээ. Эднийд гомдол гаргаж шал дэмий хэдэн сарын цагаа гарздаж нэмэж хохирсон

1  |  0
Top