Өнгөрсөн 13 жилийн хугацаанд ердөө дөрвөн удаа буюу 2006, 2007, 2010, 2018 онд төсвийн тэнцэл эерэг гарсан байдаг. Тэгвэл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 286,5 тэрбум төгрөг, ДНБ-д харьцуулсан харьцаа нь 3,9 хувь байна. Өнгөрсөн 2018 оны мөн үед энэ нь -0,5 хувь байв.
Төсвийн орчил дагасан, тэлсэн бодлоготой жилүүдэд, тухайлбал, 2011-2016 онд төсвийн алдагдал эрс нэмэгдэж санхүүжилтийн эх үүсвэр нь Засгийн газрын бонд голчилж байсан юм. Эдгээр жилүүдэд Засгийн газрын цэвэр авлага 2013 он дуустал ихээхэн нэмэгдэж байсан бол 2014-2016 онд Засгийн газрын цэвэр өглөг эрс нэмэгдсэн. 2017 оноос энэ хандлага өөрчлөгдөж цэвэр авлага 2018 онд 1330,8 тэрбум төгрөг болжээ.
Энэ оны эхний улирлын байдлаар Засгийн газрын цэвэр авлага -1756,5 тэрбум төгрөг үүнээс Төв банкнаас авах цэвэр авлага -1067,4 тэрбум, арилжааны банкууд -689,1 тэрбум төгрөг байна.
Төсвийн тэнцлийн асуудал бол зөвхөн төсвийн бодлогын хүрээгээр хязгаарлагдахгүй мөнгөний бодлого, түүний дотор Төв банк, арилжааны банкуудын тэнцэл, нөөц мөнгөний хэмжээ, тэдгээрийн удирдлага, Засгийн газар ба Төв банкны үнэт цаас, гадаад валютын нөөц зэрэгтэй нягт холбоотой. Тиймээс төсөв, мөнгөний бодлогын уялдааг энэ хандлага дээр суурилан зохицуулалт хийж байх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )