УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль санаачилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр /2019.07.09/ Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

"Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна...” гэсний дагуу нэгэнт засгийн бүх эрх ард түмний мэдэлд тул сонгогч өөрийн дөрвөн жилийн хугацаатай сонгосон УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө эгүүлэн татахаар санал гаргах, эгүүлэн татах бүрэн эрхтэй. Тиймээс өөрийн сонгосон УИХ-ын гишүүнд хариуцлага тооцохын тулд ард түмэн /сонгогчид/ заавал дөрвөн жилийг хүлээх бус, өөрсдийн санал, санаачилгаар УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн боломжийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар тус тус олгох шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь Үндсэн хуулиар ард түмэнд олгогдсон зүй ёсны бүрэн эрх юм. Гэвч “тангаргаасаа няцсан, итгэл алдсан, хувиа хичээсэн, улс орны эрх ашгийг умартсан” төрийн түшээ, УИХ-ын гишүүнийг сонгогч иргэд хугацаанаас нь өмнө эгүүлэн татах эрх зүйн боломжийг хуульчлаагүй байна. Иймд ард түмний итгэлийг алдсан УИХ-ын гишүүнд улс төр, ёс суртахууны хариуцлага хүлээлгэж, хугацаанаас өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн боломжийг ард түмэн /сонгогчид/-нд олгох нь Үндсэн хуулийн эрх зүйн зүй ёсны шаардлага гэж үзэж байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, чөлөөлөх үндэслэл бүрдлээ гэхэд уг асуудлыг зохицуулж, журамласан процессийн эрх зүйн зохицуулалт байхгүй байна" хэмээн хууль санаачлагч хэллээ.

С.Эрдэнэ мөн "Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын 76 гишүүний нэг гишүүн “хүчиндэх” гэмт хэрэгт холбогдон улмаар өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөөд байна. Түүнчлэн үлдэх 75 гишүүний 3/1 орчим хувь нь авилгын гэмт хэрэг буюу Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлттэй зээлийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан авсан асуудалд холбогдоод байна.

Монгол Улсын Ерөнхий прокуророос Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлттэй зээлийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан авсан нэр бүхий таван Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, гэмт хэргийг шалгах асуудлыг Улсын Их Хуралд оруулсан боловч уг саналыг хүлээн авахаас татгалзаад байна. Энэ нь Улсын Их Хурлын гишүүн нөгөө гишүүндээ шударга ёсны болон хууль зүйн хариуцлага хүлээлгэх чадамжгүй болсон гэдгийг илтгэж байна.

Иймд тангаргаасаа няцсан, итгэл алдсан, хувиа хичээсэн, нийтийн эрх ашгийг умартсан Улсын Их Хурлын гишүүнд ард түмэн өөрсдөө хариуцлага хүлээлгэх буюу сонгогчид Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах санал гаргах бүрэн эрхийг хуульчлан тогтоох зүй ёсны шаардлагатай байна.

Парламентийн гишүүнийг нь эгүүлэн татах нь парламентийн бие даасан байдал, түүний гишүүний хараат бус байдалд сөргөөр нөлөө үзүүлдэг гэж зарим  улсад үздэг боловч зарим улсад парламентийн гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчин байдаг.

Жишээ нь Канад улсад парламентийн гишүүний сонгогдсон тойргийн хамгийн сүүлийн сонгуулиар санал өгсөн сонгогчдын 25% нь гарын үсэг зурсан бол парламентийн гишүүнийг эгүүлэн татах харилцаа үүсдэг байна.

Их Британи улсад парламентийн гишүүн нь санхүүгийн хувьд шударга бус, парламентийн гишүүний нэр төрд сэвтэй үйлдэл хийсэн, санаатайгаар сонгогдсон зорилгоос өөр эрх ашигт автсан, сонгуулийн аль нэг амлалтаа зөрчсөн, өөрийн ажил албаны нэр төрийг сэвтүүлэхүйц үйлдэл хийсэн, сонгогчдынхоо итгэлийг алдсан тохиолдолд сонгуулийн тойргийн 10 буюу түүнээс дээш хувийн сонгогчид эгүүлэн татах санал гаргасан бол нийт сонгогчдын дунд уг парламентийн гишүүнийг эгүүлэн татах санал хураалт зохион байгуулах эрх зүйн орчин үйлчилж байна.

Цаашилбал Австрали улсад сонгогчдын 10%, жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 1/3, БНХАУ-д тойргийн сонгогчдын 30%, Беларусь улсад сүүлийн сонгуулийн санал хураалтад оролцсон тойргийн сонгогчдын 20%, Венесуэль улсад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй сонгогчдын 20%, Гамби улсад тойргийн бүртгэлтэй сонгогчдын 1/3, Лихтенштейн улсад тойргийн сонгогчдын 8%, Нигер улсад тойргийн сонгогчдын 50%, Швейцар улсад холбооны улсаасаа шалтгаалж тойргийн сонгогчдын 2%-13%-иас доошгүй тооны сонгогчдын саналаар парламентийн гишүүнийг эгүүлэн татах харилцаа үүсдэг байх эрх зүйн орчин үйлчилж байна.

Үүнээс үзэхэд улсын орны эрх ашгийг огоорч, хувийн эрх ашгаа урьтал болгодог, сонгуулийн амлалт нь хий хоосон худал яриа байдаг, парламентаа үл хүндэтгэдэг, худлаа ярьдаг парламентийн гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн орчин нь ардчилал хөгжсөн, хөгжиж байгаа орнуудаас гадна ардчилал хөгжөөгүй гэгдэх улс оронд хүртэл үйлчилж байна.   

Монгол Улсын тухайд парламентийн гишүүнээр сонгогдсон л бол сонгуулийн амлалтаа мартдаг, үл тоомсорлодог, хувийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьсан парламентийн гишүүнийг эгүүлэн татах эрх орчин өнөөдрийг хүртэл бий болоогүй байна.

Энэ нь Монголын парламентийн үйл ажиллагаа, ёс суртахууныг хамгийн доод төвшинд хүргэж, ард иргэдээс парламентдаа буюу парламентад ёсонд үл итгэх итгэлийг бий болгож байна. Тухайлбал Монгол Улсын парламентийн гишүүд хувийн хэрэгцээндээ зориулж улсын төсөвт хөнгөлттэй зээлийн хэмжээг их хэмжээгээр тусгах, баталсан зээлээ хамаарал бүхий аж ахуйн нэгжээрээ дамжуулж хүлээн авах зэрэг нь хэвийн үзэгдэл болтлоо парламент ёс доройтолд орсон хэдий ч ард иргэд итгэл алдсан парламентийн гишүүнээ эгүүлэн татах санал гаргах бүрэн эрхгүй л байна.

Иймд итгэл алдсан парламентийн гишүүн нь дараагийн сонгуульд санал худалдаж авах, өөр тойрогт нэр дэвшиж сонгогчдоосоо зугтах, өөр тойргийн сонгогчдын хууран мэхлэх гэх мэт зүй бус үйлдлийг дахин дахин гаргахгүй байх, итгэл алдсан парламентийн гишүүнд хариуцлага ногдуулах эрх зүйн боломжийг сонгогч иргэдэд олгох зайлшгүй шаардлагатай. 

Хуулийн төсөл батлагдснаар Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна...” гэсэн заалт бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Тодруулбал эрх зүй, ёс суртахууны гишүүний сэвтэй аливаа үйлдэл гаргаж сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн Улсын Их Хурлын гишүүнд хариуцлага хүлээлгэхийн тулд сонгогчид дараагийн сонгуулийг хүлээх шаардлагагүй болох бөгөөд энэ асуудлаар санал гаргах эрх нь нээгдэнэ. 

 Улмаар сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалт нь худал хуурмаг, үйл гүйцэлдэх зүйл байхаа больж Улсын Их Хурлын сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулахдаа бодитой хандах, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө тууштай ажиллах үндсэн суурь нөхцөл болно. Түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон, ёс суртахууны доройтолд орсон гишүүнийг Улсын Их Хурал дахь олонх дахин дахин хамгаалдаг байдал арилах, ийм ёс бус үйлдэл гаргаж байгаа бусад гишүүдийг ч мөн адил сонгогч иргэд эгүүлэн татах санал гаргах, хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломж нээгдэнэ" хэмээсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top