БНХАУ-ын засаг захиргааны онцгой бус Хонконгийн оршин суугчид эсэргүүцлээ хууль, нийгмийн хэв журмыг зөрчин илэрхийлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тамгын газрын Хонконг, Макаогийн асуудал хариуцсан албан ёсны төлөөлөгч Ян Гуан мэдэгджээ.
Хятадын төв засгийн газар Хонконгийн цагдаа болон эрх бүхий байгууллагуудын хуулийн дагуу зөрчил, хүчирхийллийг таслан зогсоох талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж байна. Хууль бус үйлдэлд буруутай этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэж тэрбээр мэдэгджээ.
Нийгэмд үүсээд буй мөргөлдөөнийг цаг тухайн нь зохицуулахдаа Хонконгийн оршин суугчдын аюулгүй байдал, тэдний өмч хөрөнгийг хамгаалах нь чухал. Энэ нь аль ч улс оронд нийгмийн тогтвортой байдлыг хангах гол үндэс юм гэж тэрбээр онцолжээ.
Барууны зарим улс орны улстөрчид хариуцлагагүй мэдэгдэл хийж, үймээн самууныг дэмжиж байна. Хонконг дахь тогтвортой байдлыг алдагдуулах, ингэснээр БНХАУ-ын хөгжлийн үйл явцыг сааруулах аливаа оролдлого олон улсын хууль, эрх зүйтэй харшилж байгаа бөгөөд амжилтад хүрэхгүй гэж Ян Гуан анхааруулжээ.
Хонконгт үүсээд буй нөхцөл байдал тус онцгой бүсийн санхүү, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Хурцадмал байдлыг намжаахгүй аваас жижиглэнгийн худалдаа, аялал жуулчлалын салбарт ихээхэн хэмжээгээр өртөх эрсдэл өндөр байна гэж мэдэгдэлд дурджээ.
Хонконгийн хууль, хэв журам сахиулах байгууллагуудын ажилтнуудын гэр бүлд интернетээр дамжуулан дарамт үзүүлэх явдал нэмэгдэж байна. Хонконгийн цагдаагийн албаныхан нийгмийн хэв журмыг сахиулахын тулд асар их хүчин чармайлт гаргаж, мэргэжлийн тэсвэр тэвчээр гарган үүргээ биелүүлж байна гэж Ян Гуан онцолжээ.
Гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн олон нийтийн хамарсан жагсаал сүүлийн хэдэн долоо хоногт Хонконгт үргэлжилж байна. Олон нийтийн шахалт, шаардлагаар Хонконгийн Ерөнхий захирагч Кэрри Лэм хуулийн төслийг татаж авсан ч жагсаал үргэлжилсээр байгаа юм. Сүүлийн үед засгийн газрын эсрэг тэмцэл улам бүр хурц хэлбэрт шилжин, хүчнийхэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинен сум хэрэглэх болсон. Гэсэн хэдий ч хүчнийхэн үймээн дэгдэгчдийг баривчлах арга хэмжээ авахаас түдгэлзээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )