М.Ганбаатар: Улаанбаатар утаагүй байх эсэх нь иргэдийн ухамсараас ихээхэн хамаарна, манай түлш бол асуудалгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

Ерөнхий сайд өнгөрөгч тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх “лүндэн” буулгаж улмаар сайжруулсан түлшний үйлдвэрт нийслэлийг түлшээр тасралтгүй хангах үүрэг өгсөн билээ. Өдгөө намрын сэрүү унаж өвөл цаг хаалганы цаана байгаа учраас тус үйлдвэрээр зочилж нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатартай ярилцлаа.


- Танай үйлдвэртэй танилцлаа, бүтээгдэхүүн гаргахын зэрэгцээ шинэ дэвшилтэт технологи бүхий үйлдвэр барихаас эхлээд ажил ид өрнөж байгаа харагдана. Энэ талаар яриагаа эхлүүлье?

- Бидний хамгийн гол онцлог бол бусад бүтээн байгуулалт, бусад үйлдвэрийг бодоход харьцангуй богино хугацаанд бүтээж босгох зорилго дор ажиллаж байна. Өвөл ч хаяанд ирлээ. Нөгөө талаар бидний эрхэлж байгаа ажлыг зөвхөн суурилуулсан технологи, үйлдвэрээр хэмжиж болохгүй. Яагаад гэхээр борлуулалт түгээлт, цэгүүд гээд олон давхар ажил байгаа учраас цаг наргүй л ажиллаж байна.

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 23-нд үйлдвэрийнхээ эхний шугамын нээлтийг хийсэн. Үйлдвэрээ ингэж хятадын технологиор эхлүүл­сэн бол өнөөдөр илүү дэвшилтэт, илүү агаарт хор хөнөөл багатай технологи руу шилжсэн, энэ бол солонгосын технологи юм. Мөн европ технологи, японы орц жорыг  нэвтрүүллээ. Эдгээр ажлыг нэлээд том зохион байгуулалтаар гүйцэтгэж байгааг хаа хаанаа харсан байх.

- Танай үйлдвэрийн түүхий эд чамгүй холоос ирдэг. Гэтэл ойрхон Налайхын уурхай ч юм уу, Багануур байна, галт тэргээр тээвэрлэж болох Шивээ-Овоо ч ойрхон шүү дээ. Гэтэл холоос түүхий эдээ татаж байгаагийн цаана юу байна?

- Манай үйлдвэрийн түүхий эд Өмнөговь аймгийн нутгаас 500 километрээс тээвэрлэж ирдэг. Урьд өмнө Багануур, Налайхын нүүрс өндөр зэрэглэлийн нүүрс биш учраас сонголт нь Тавантолгой. Нэг жишээ татахад БНХАУ манай Тавантолгойн нүүрсийг 1000 гаруй километрээс машинаар татаж байгаагийн цаана чанар бий. Яагаад гэхээр дэлхийн бренд болохоор манай нүүрсийг тэр холоос тээвэрлэн авч байна шүү дээ. Гэтэл бид өөрсдөө ойроос муу, чанаргүй нүүрс түлж байх жишээтэй. Тэгэхээр бид нэн тэргүүнд иргэдийн хэрэглээг дэлхийд чанараараа гайхагдсан брендээр сольж байна гэсэн үг.

- Иргэд аливаа шинэ зүйлд дасахдаа тааруу байдаг. Энэ хэрээр намрын сэрүү унаж, өвөл хаалга тогшихын хэрээр иргэдийн итгэл янз бүр байна. Тиймээс та иргэдэд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

- Юуны өмнө манай үйлдвэр бүтээгдэхүүнийхээ гол түүхий эдийг сайн чанарын нүүрсэн дээр тулгуурлан хийдэг. Мөн нүүрсэнд байгаа маш олон дэгдэмхий хорт бодисыг үйлдвэрийн аргаар шүүж хаядаг. Хүний биед хамгийн хортой ширхэгтэй тоосонцор, мөн хамгийн хортой PM бодисыг технологийн аргаар гарган үлдээдэг. Үүнээс гадна түлшийг маш хурдан шаталттай, илчтэй байх тал дээр анхаарахын зэрэгцээ түлш барьцалдуулж байгаа цавуу гэхэд царджуулсан экологийн гаралтай бодис байдаг. Мөн цэвэршүүлэгч бодис гэхэд дотоод шаталтыг бий болгохоос гадна гадагшаа шатаж утаа нь дээшээ дэгдэх бол утаатай нь шатаадаг зориулалтын бодис юм. Тодотгож хэлбэл, бид бүхий л талаар шаардлага хангасан дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр зорьж байна. Иргэдийн хувьд сайжруулсан түлш, утаагүй түлш хэдий ч нүүрсээр л хийж байгаа гэх ойлголттой байдаг. Гэтэл бид дэвшилтэт технологийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг ойлгох хэрэгтэй. Аливаа талх ч юм уу, боорцогыг  “энэ бол гурилаар л хийж байгаа” гээд идэхгүй байдаггүй биз дээ. Гурилыг эсгэж хөөлгөөд амтанд оруулаад талх болгоод иддэг. Манай бүтээгдэхүүн бол яг үүнтэй ижил зүйл гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр түүхий нүүрс бол гурил юм, үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн бол талх юм. Энгийнээр хэлэхэд Тавантолгойгоос авчирч байгаа түүхий нүүрсийг  чанаж жигнэж боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгодог гэдгийг ойлгох хэрэгтэй.

- Иргэдийн хувьд энэ тал дээр ойлголт дутуу байдаг уу, эсвэл олон жил хэрэглэж дадсан нүүрснээсээ илүү гаргаж ойлгохгүй байх шиг?

- Дэлхий нийтээрээ нүүрсийг 200 гаруй жил боловсруулж ирсэн түүхтэй. Одоо хүртэл судалгааны ажил дуусаагүй, дараа дараагийн технологийг нэвтрүүлсээр байна. Манайхан болохоор энэ технологи бол хоцрогдсон, бүгд хийн, шингэн системд шилжиж, оронсууцажсан гэж ойлгодог. Дэлхийн аль ч улсын өнцөг буланд газажсан хөгжсөн зүйл бий. Нөгөө талд аль ч өнцөг булан бүрт технологи хөгжсөн газарт ч мөн түлш байсаар байна.

- Магадгүй,  урьд өмнө сайж­руул­сан түлшийг манайд туршиж үзсэн нь үр өгөөж багатай байсан нь иргэдийн итгэл алдрахад хүргэсэн байх. Харин өнөөдөр нэлээд зоримог алхам хийж, томоохон кампанит ажил өрнүүлж байгаагийн хооронд маш их зөрүү байгаа болов уу?

- Урьд өмнө сайжруулсан түлш хийж хэрэглэж үзсэн. Гагцхүү бид түүхий нүүрсээ хориглож чадаагүй учраас ямар ч үр дүнд хүрээгүй. Улаанбаатарын нэг хороонд сайжруулсан түлш хэрэглэж, бусад хороонд түүхий нүүрсээ түлэхээр ямар ч үр дүн гарах боломжгүй. Арван айлын нэг нь сайжруулсан түлш түлээд ес нь түүхий нүүрс түлээд байхаар агаарын бохирдол хэвээрээ л байна биз дээ. Энэ үед бол агаарын чанарын, түлшний бодлого ч тийм сайн байсангүй, сайжруулсан түлш ч туршилтын шинж чанартай явж иржээ. Утаагүй зуух ч гүйцэтгэл дутуу явсан. Бүх айл нэг өдөр, нэг цагт утаагүй зуухаар галласан бол үр дүн ямар байх вэ гэдэг бас л асуудал. Гэтэл нөгөө зуухнуудаас хөдөө орон нутаг руу зарагдсан гэх мэтээр айл өрх бүр хэрэглээгүй, алаг цоогтой байсан. Үүнд ч гүйцэтгэл дутуу байсан болов уу гэж боддог. Ерөөсөө Улаанбаатар утаагүй байх эсэх нь иргэдийн ухамсараас ихээхэн хамаарна, манай түлш бол асуудалгүй. 

- Та дээр дурдсан. Үйлдвэр­лэлээ явуулахын зэрэгцээ шинэ технологи бүхий үйлдвэр барьж байна. Үүнээс гадна борлуулах, түгээх цэгүүд байршуулах гээд ажил бас давхар гүйцэтгэж байгаа тухай ярилаа. Энэ их ажлыг хэрхэн яаж зохицуулж байна вэ?

- Байгаль орчин, аялал жуулч­лалын яамтай цэгүүд байгуулах тал дээр дэмжлэг авч ажилладаг бол Улаанбаатар хотын захиргааны дэмжлэгээр түгээлтийн цэгүүдээ байршуулж байна. Яагаад гэхээр иргэд дунд үнийн зөрүү, шагийн худалдаа гарах аюул бий. Хамгийн гол нь манай бүтээгдэхүүн нийслэ­лийн амьдралын түвшин доогуур иргэдэд гол төлөв хүрнэ. Тэгэхээр маш бага үнэтэй байх шаардлага гээд олон зүйл бий учраас улсын оролцоо зайлшгүй шаардлагатай. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас түгээл­тийн цэгүүдэд анхаарч Хотын захир­­гаанаас борлуу­лагчдын урам­шуулал, түгээл­тийн асуудлыг шийдэх зэргээр хамтран, хүчээ нэгтгээд ажилладаг. Бид ийнхүү хүчээ нэгтгээд чанарыг эрхэмлэн ажиллаж байгаа учраас мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэсэн хүлээлттэй байгаа юм.

- Мэдээжийн хэрэг түлшээ тур­шиж үзсэн байж таарна. Тэгэхээр манай түлш нийслэл­чүүдийг дааруу­лахгүйн зэрэгцээ агаарын бохирдол буурна гэсэн ямар баталгаа өгч чадах юм?

- Судалгаа шинжилгээний хувьд түүхий нүүрс түлэх, сайжруулсан түлшийг харьцуусан олон судал­гааны дүн бий. Тэгэхдээ энд хамгийн ойрын нэг зүйлээр жишээ татъя. Баянхошуунд агаар, утааны бохирдлын хэмжээг хэмждэг багаж, цахим самбар байдаг. Энэ самбараас харвал гурван жилийн өмнө хорт бодисын хэмжээ 3700 нэгжид хүрч байжээ. Гэтэл бидний стандарт бол 130 нэгж байх ёстой бөгөөд манай түлш 130 нэгж дотроо орж байгаа. Тиймээс ямар зөрүү байгааг эндээс харж болно. Хамгийн гол нь бид стандартаар үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн учраас орц найрлагаас эхлээд бүхий л зүйлээ хэмжээнд нь барина гэсэн үг. Түүхий нүүрс бол нэг өдөр гайгүй гарна, нэг өдөр бүр муу гарна, нөгөө өдөр дундаж байх жишээтэй. Харин бүтээгдэхүүн гэдэг бол тогтмол стандартаа барина. Мөн Улаанбаатар хотод байнгын цэгүүдээр борлуулагдах учраас үр дүн маш сайн гарна гэж бодож байна.

- Хэн ч асуух байх. Та тодорхой нэг хариулт өгөхгүй юу. Яг та нарын тооцоолж байгаагаар агаарын борхирдол хэдэн хувь буурах вэ?

- Хэдэн хувь буурах вэ гэж асуух нь ойлгомжтой. Заавал хариулт авах гэж байгаа бол 50 хувь буурна гэж өнөөх л жижүүрийн хариултаа хэлэх байх. Гэхдээ дээр хэлсэн хэмжилтийн үзүүлэлтээр бол хэдэн хувь ч буурч болохоор харагдаж байгаа биз. Бид яг төдөн хувь буурна гээд амлахаасаа илүү шинжилгээ судалгааныхаа дүнг хэлэх хэрэгтэй. Түлшийг үр дүнтэй байлгахын гол шалтгаан нь Улаанбаатар хот ганцхан түлш түлнэ гэсэн үг. Ийм тохиолдолд л бид чанар ярьж чадна. Бүгдээрээ ганц түлш түлж байтал тэнд хэдэн айл түүхий нүүрс, дугуй ч юм уу түлээд эхэлбэл ямар ч үр дүн гарахгүй, ерөөсөө хэмжигдэхгүй гэсэн үг. Тэгэхээр юуны өмнө иргэдийн ухамсар өндөр байхаас ихээхэн шалтгаална.

- Аливаа шинэ зүйл мянга сайн байгаад заавал эсэргүүцэлтэй тулж, тэр сорилтыг давж байж сая бий болдог. Энэ тал дээр иргэдэд ухуулан таниулах ажиллагаа хэр зохион байгуулав?

- Түлш өөрөө нүүрснээс ичлээр хол давуу бүтээгдэхүүн учраас иргэд маань хэрэглээд үзэх хэрэг­тэй. Бид өнгөрөгч хавраас түлшээ нэлээд хэмжээгээр борлуулж хэрэглээнд гаргаж үзлээ. Тэгэхэд иргэд муутгаагүй сайжруулсан гэдэг утгаар нь ам сайтай хүлээж авсан. Мэдээжийн хэрэг болох болохгүй, санаатай санаагүй янз бүрээр ярьж байгаа хүмүүс байгаа. Бас нэг зүйл бий. Түлшийг түлэх хүн, түлэх зуух гээд уялдаа бүхий хүчин зүйл байдаг. Тиймээс бид энэ мэт уялдаа бүхий зүйл дээр зөвлөгөө өгдөг. Миний хувьд нийслэлчүүд энэ өвөл дулаан сайхан, утаагүй цэлмэг өвөлжөөсэй гэж хүсч байна, энэ нь хүслээр болно гэдэгт ч итгэлтэй байгаа.

- Иргэд чухам хаана хэдэн төг­рөгөөр хэрхэн борлуулах талаар сонирхож таарна. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

- Бид одоогоор 500 цэг гээд төлөвлөсний дагуу эхнээс нь нээгээд ажиллуулж байна. Шаардлагатай бол цэгүүдийн тоог нэмнэ. Дээрээс нь түлш өөрөө хэрэглэхэд хялбараас гадна иргэд авахад хамгийн ойр байх ёстой. Тэр цэгээс аваарай гэж хүндрэл үүсгэж байхаар иргэд хамгийн ойр газраасаа өөрийнхөө санхүүд таарсан хэмжээгээр авч болох боломжийг бүрдүүлэхийг зорьсон. Иргэд өөрсдөө задгайгаар, шуу­дайгаар, тороор авах бол өөрийнхөө хүссэнээр авах болом­жийг бүрдүүлэхээр ажиллаж бай­гаа хэрэг. Нүүрс түлш гэдэг өөрөө гэр хороололд маш том дарамт учруулсаар ирсэн. Намар хүү­хэд сургуульд оруулах гэж санхүүгийн асуудал тулгардаг бол энэ бэрхшээлийн шилийг даран түлшээ бэлдэх гээд бөөн дарамт болдгийг нуух хэрэггүй. Хэдэн тонноор нь авч нөөцлөхөөс эхлээд санхүүгийн асуудал үүсдэг. Харин манай түлш бол иргэн таны эргэн тойронд хүнсний дэлгүүрт өргөн хэрэглээний бараа байдаг шиг байж байх нөхцлийг бүрдүүлнэ. Ингэхээр санхүүгийн дарамтгүй болно. Үүнд гэр хорооллынхон маш дуртай байгаа.

- Танай бүтээгдэхүүний үнийн талаар сонирхохгүй байж болохгүй?

- Үнийн хувьд нэг тонн нь 150 мянган төгрөг, нэг шуудай нь 3750 төгрөг байгаа. Өнгөрсөн жил Налайхын нэг тонн нүүрс 200-220 мянган төгрөг байсан. Багануурын нүүрс бол нэг тонн нь 130 мянган төгрөг байдаг ч гэр орон халаахдаа тааруу, хурдан шатаж дуусдаг, хөө тортог ихтэй гэх мэт сөрөг тал байдаг. Гэтэл манай түлш бол шаталт сайн илчтэй гээд давуу талтай. Бидний гол зорилго бол агаарын бохирдлын эсрэг явж байгаа шүү дээ. Нөгөө талаар иргэн бүрийн оролцоо их чухал. Монголчууд бид гал дээр хоолоо хийдэг учраас галтай дөл нь удаан барих үүднээс, илчээ алдахгүй байх зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэн. Энэ нь иргэдийн хэрэглээ, ая тухыг анхаарсан хэрэг.

- Улаанбаатарын жилийн хэрэг­лээ ямар байхаар төлөвлөн үйлдвэрлэлээ явуулж байна. Одоогийн байдлаар танайх хэдий хэрийн түлш үйлдвэрлэв?

- Бид Багануураас зөөдөг гал тэрэг, автомашины тоо, Налайхаас зөөдөг машины тоо, Цахилгаан станц болон албан байгууллагуудын иргэдэд өгсөн нүүрсний хэмжээ болон бусад газарт байгаа нүүрсний ачилт, Улаанбаатар руу орж ирж байгаа тоо хэмжээг аваад бодитой тоо гаргасан. Өөрөөр хэлбэл товчоон дээр бичилт хийлгээд орж ирсэн нүүрстэй тэрэгний тоо гэх мэтээр нэлээд өндөр түвшинд судалгаа хийсэн. Ингээд уурын зуухны хэрэглээг хасаж тооцолгүйгээр нийслэлийн нэг жилийн хэрэглээг 600-800 мянган тонн гэж тооцсон. Гэхдээ бид Улаанбаатар хотын хангамж, эрсдэл зэргийг тооцож шаардлагатай үед богино хугацаанд түлш үйлдвэрлэх нэмэлт технологи төхөөрөмж  бэлдсэн. Нөгөө талаар түүхий эдээ авдаг Өмнөговь аймаг хол учраас Төв аймагт нүүрсний нөөцийн талбай бэлтгэж, түүхий эдээ байршуулах замаар ажиллаж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын гурван сар орчмын хэрэглээ гэж тооцсон 270 мянган тонн түлш үйлдвэрлээд байгаа.

- Шинээр баригдаж байгаа үйлдвэрүүд хэзээ ашиглалтанд орох юм. Одоогийн байдлаар хэдэн ажилтантай вэ?

- Манай шинэ үйлдвэрүүд найм­дугаар сарын 15-наас ажилд орж хүчин чадал хангалттай нэмэгдэнэ. Одоогийн байдлаар 700 орчим ажилтантай, 24 цагийн турш зогсолт­гүй ажилладаг, цаашид 1200-1300 ажилтантай ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.

- Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар явж байгаа ч ирээдүйд үйлдвэр маань зарлагаа нөхөх, ашиг олох гээд стратеги төлөвлөгөө байгаа байх. Энэ тал дээр?

- Манайх дэлхийн бренд болсон түүхий эдээр бүтээгдэхүүнээ гарга­даг нь том амжилт. Тэгэхээр бид юуны өмнө Улаанбаатар хотыг бүрэн түлшээр хангаж байх ёстой. Ийм горимд шилжиж, нийслэлийг бүрэн хангаад жигд ажиллаад ирэхээр дараагийн асуудлыг ярих ёстой. Манай компанийн стратеги төлөвлөгөөнд ч тусгагдсан. Манай давуу тал дэлхийн бренд болсон түүхий эд, мөн агаарын чанарт үзүүлэх нөлөөгөө баталгаажуулсан бүтээгдэхүүн гэдэг утгаараа экспор­тонд чиглэж ажиллана гэсэн төлөвлөгөө байгаа. Өнөөдөр Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бол бүгдээрээ экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгт оршиж байгаа учраас бид энэ төлөвлөгөөний дагуу ажиллана.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хотын унага(185.47.248.164) 2024 оны 02 сарын 22

Байсан аа. Харин одоо асуудалтай, найрлагын нь тааруулдаг ганц технологичоо халаад нэг мэргэжлийн бус цүнхчинг тавьсан, тэгээд өнөөдрийн улам хортой утааг гаргадаг хуурамч түлш үйлдвэрлэсэн, бүр урт хугацаанд шахахаар үйлдвэрлэчихсэн гэдэг. По Ганбаа үүнд холбоотой. Хүүк бол ТТТ-ээр жинхэнэ мөнгө хийж Улаанбаатарчуудыг хордуулах гол зохион байгуулалтыг Еөк болсноосоо хойш хийх болсон гэж хардаж байгаа шүү.

0  |  0
Kkk(98.253.30.34) 2019 оны 08 сарын 11

Delhiin brand nuurseer hiisen brand tulshee tuleed bj dee ho

0  |  0
matilda(156.0.214.30) 2019 оны 08 сарын 11

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
irgen(202.9.43.65) 2019 оны 08 сарын 10

dotor ajillaj bgaa ajilchidiin sain sonsoh heregtei dee zugeer l toonii araas ayvaad bgaa yam shig ayg unendee naad nuurs chini unegui nerendee taarsan mash muu ilchlegtei nuurs shuu dee zugeer l shorlognii nuurs utaa garahgui

0  |  0
ха ха(203.91.115.44) 2019 оны 08 сарын 09

Энэ нөхөр өөрөө түлэж үзсэн юм уу сайхан шүгэлдэж байна даа.Тортоггүй ч гэх шиг аймаар тортогтой шүү дээ

0  |  0
төмөрөө(203.91.115.44) 2019 оны 08 сарын 09

Энэ жил хөлдөж үхэх байх өө .5-р сараас хойш бороотой хүйтэн өдрүүдэд түлэж үзлээ.Энгийн нүүрснээс маш их үнстэй ,их шатаад үнс их гараад ичлгүй болчих юм.Гишүүд болон дарга нарт танилцуулаж байгааг хархад гал гарч л байвал сайн гэж бодоод байх шиг,налайх багануурын нүүрс 8 цаг халуунаа баридаг бол энэ түлш,шатаад эхний үедээ гайгүй тэгээд л үнсэндээ булагдаад илч нь буурчих юм аа

0  |  0
Top