Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгаа билээ.
Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоодугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгчдэгч Б.Хурц нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж, улмаар шүүх хурлыг наймдугаар сарын 12-ны 09.00 цаг хүртэл хойшлуулаад байна. Улмаар энэ долоо хоногийн эхээр шүүгдэгч Б.Хурц нарын өмгөөлөгчөөрөө дамжуулж тавьсан хүсэлтийг Төв аймгийн бүх шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, хүсэлтийг хангахаас татгалзсан байдаг.
Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хуралд Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат, Х.Нямбаатар, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар оролцох хүсэлтээ хүргүүлжээ. Тэд УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооныхоо гишүүдийн хувиар хаалттай шүүх хуралд оролцох хүсэлтээ байгаагаа уламжилсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
zob zob
Маш зев