Монгол Улсын шинжлэх ухааны салбар 100 жилийн түүхтэй. Үндэсний хөгжлийн амин чухал тус салбар Ардчилсан нийгмээс өмнө системтэй, төрийн бодлоготой явж ирсэн ч өнөөдөр ДНБ-ний 0.1-0.2-хон хувийг зарцуулдаг орхигдсон салбар болсон. Асуудал энэ хэмжээнд хүрсэн учраас эрдэмтэн, судлаачид “Шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар Их хурал”-ыг энэ сарын 27-нд төрийн ордонд зохион байгуулж, төр засгийн өндөрлөгүүдэд үгээ хэллээ.
Шинжлэх ухааны салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал, доктор П.Алтанцогтой ярилцлаа.
-Танай хүрээлэнгийн үүх түүхээс яриагаа эхэлье.
-Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухаан хөгжөөд 100-аад жил болжээ.
Харин ШУА нь 1961 онд байгуулагдаж түүний бүрэлдэхүүнд Байгаль шинжлэлийн хүрээлэн байгуулагдсан нь эдүгээ манай Физик, технологийн хүрээлэнгийн суурь болсон юм.
Бид физик, их энергийн физик, биофизик, хатуу бие, материал судлал, нано технологи, сэргээгдэх эрчим хүч, электроник, мэдээллийн технологийн чиглэлээр шинэ мэдлэг, технологи бүтээж улс орныхоо хөгжилд дэм болох зорилготой ажилладаг.
-Өнөөдөр хэчнээн эрдэмтэн, судлаач, мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна?
-2015 оноос хойш 143 хүний орон тооны бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад энэ оны наймдугаар сард Математик, Тоон технологийн хүрээлэн тусдаа гарч,120 орчим (95 эрдэм шинжилгээний ажилтан) орон тооны ажилтантай боллоо.
-Шинжлэх ухааны салбарт мэргэжлийн боловсон хүчин ихээхэн үгүйлэгдэж байгаа. Физик, технологийн хүрээлэнгийн хувьд?
-Манайх 120 хүний орон тоотой боловч яг физикчээр ажиллах эрдэм шинжилгээний ажилтан учир дутагдалтай, маш хүндрэлтэй байна.
Сүүлийн үед дотоодын их, дээд сургуулиудад физикчээр суралцах оюутны тоо эрс буурсан. 3-4 жилийн өмнө энэ мэргэжлээр ганцхан оюутан төгсөж байсан тохиолдол ч бий.
Үүнд их, дээд сургуулиудын бүтэц ихээхэн нөлөөлж байж мэднэ. Физик, технологийн хүрээлэнд л гэхэд сүүлийн таван жил залуучууд маш цөөхөн ирсэн.
Юутай ч төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлогын хүрээнд 2025 он гэхэд эрдэм шинжилгээний ажилтнуудын тоог гурав дахин нэмнэ гэсэн байгаа.
-Монгол Улсын шинжлэх ухааны салбарт яг өнөөдрийн байдлаар хэчнээн хүн ажиллаж байна?
-ШУА-д эрдэмтэн, судлаач гээд нийт 1,500 орчим ажилтан бий. Энэ тоог гурав дахин нэмэгдүүлж 4,000 гаруй болгоно гэдэг зөв. Гэхдээ тус ажлыг маш зөв системтэйгээр хийх ёстой юм.
Нэгдүгээрт, шинжлэх ухааны байгууллагын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах. Өнөөдөр бидний дундаж цалин 700 орчим мянга буюу маш бага байгаа.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн хорооноос улсын цалингийн дундаж хэмжээг 1.2 сая төгрөг гэж зарлалаа.
Мөн төсвийн байгууллагын ажилтнуудын дундаж цалин 950 орчим мянган төгрөг гэж мэдээлсэн.
Гэтэл манай хүрээлэнд 25 жил ажилласан, доктор цолтой хүмүүсийн цалин 1.2 саяд хүрэхгүй байгаа шүү дээ.
Өндөр боловсролтой, он удаан жил ажилласан, бэлтгэгдсэн хүний цалин Монгол Улсын цалингийн дунджид хүрэхгүй байна гэдэг хэцүү биз.
Цалин хангамж энэ хэмжээнд байсан цагт хэн шинжлэх ухааны салбарт ажиллахыг хүсэх вэ. Одоо ажиллаж байгаа хүмүүсийн 50-60 хувь нь цалингийн зээлтэй, залуучууд нь бараг 100 хувь шахуу цалингийн зээлтэй байна.
Дээр дурдсан, төсвийн байгууллагын дундаж цалин 950 мянга гэж байхад манай салбарынхны 70-80 хувь нь энэ хэмжээнээс доогуур цалин авч байгаа.
Хоёрдугаарт, улс шинжлэх ухааны ажилтнуудыг бодлогоор бэлтгэх шаардлага байна. Бидний үед “ШУА-ийн нэр дээр” гээд гадаад, дотоодод суралцаж, оюутнуудын 80-90 хувь нь буцаж ирж ажилладаг байсан.
Энэ мэт байдлаар шинжлэх ухааны салбарын ажилтнуудын тоог нэмж чадна. Дагаад үр өгөөж нь сайжирна.
1980-аад оны үед шинжлэх ухааны салбарт төрөөс зөв бодлого барьж байсан. Цалин хангамж сайн, мэргэжлийн боловсон хүчнийг бодлогоор бэлтгэдэг байлаа.
-Таны хэлсэнчлэн нөхцөл байдал ийм байхад хэн ч ая тух, цалин хөлсөө бодсон сонголт хийнэ. Энэ ч үүднээс манай залуу эрдэмтэн, судлаачид гадаадад ажиллаж, амьдрах нь их болсон бололтой?
-Ахмад ажилтны хувьд тэр улсуудыг улам сайжраад, мэргэжил дээшлүүлээд эргээд ирэх байхдаа л гэж найддаг. Сургууль төгсөөд 5-10 жил ажиллачхаад гадагшааявж байна.
Тэд маань гадаадад 10-20 жил мэргэжлээрээ ажиллаж байна. Гаднын орны жишгийг харж байхад мэдлэгээ зузаатгаад ирсэн эрдэмтэн, судлаачдадаа лабораторийг нь бэлдэж өгч байна.
Өөрөөр хэлбэл, гаднын оронд туршиж, судалж байсан ажлаа эх орондоо үргэлжлүүлэх боломжийг нь олгодог. Энэ нь тухайн улсын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлж, гарах үр дүнг нь сайжруулаад байгаа юм. БНСУ-ын жишээ байна.
АНУ-д суралцсан оюутан, докторууд нь эх орондоо ирээд л лабораторитой болно. Ингэж шинжлэх ухааны салбараа дэмжмээр байна.
-Шинжлэх ухааны салбарт ДНБ-ний 0.1 -0.2 хувийг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Энэ үнэн үү. Энэ тоог хэдэн хувьд хүргэж байж тус салбар маань хөл дээрээ босох вэ?
-Олон улсын жишгийг харж байхад ДНБ-нийхээ 2-3 хувийг зарцуулдаг юм билээ. Манай улсын хувьд энэ нь хүндрэлтэй байж магадгүй юм.
ДНБ-ний 0.14 хүртэл хувийг манай салбарт зарцуулдаг. Үүнийг тав дахин нэмэгдүүлбэл том түлхэц болно.
Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд манай салбартай холбоотой зөв бодлого шийдвэр гаргах хандлага ажиглагдаж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгийг тав дахин нэмэгдүүлнэ гэсэн байдаг.
Эхлээд юуны түрүүнд дөрвөн жилийн өмнө мөрийн хөтөлбөртөө тусгасан тав дахин өсгөх зорилтоо тавиад, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Бид энэ долоо хоногийн сүүлчээр “Шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар Их хурал”-ыг “Хандлагаа өөрчилье” уриа дор зохион байгуулна.
Төр засгийн зүгээс ч, бидний зүгээс ч хандлагаа өөрчилмөөр байгаа юм. Ингэж чадвал Монгол Улсын хөгжил нэг шат ахина гэж харж байна.
Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны салбарт мөнгө нь байвал юу хийж чадах вэ гэдгийг харах ёстой.
-“Шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар Их хурал”-аас танай салбарынхан гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц үр дүн хүлээж байгаа болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах уу, салбараа хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудлаар хоёр өдөр хуралдана.
Үр дүнтэй хурал болно гэж олон хүн хүлээж байна. Нөгөө талаас эрдэмтдийнхээ хийсэн ажлын үр дүнг цаас хэлбэрээр хадгалах биш мөнгө хаяж үйлдвэрлэл болгох, бүтээгдэхүүн болгоход анхаарах хэрэгтэй.
Эхний боломжууд нь нээгдээд ирвэл цаашид маш хурдан хөгжинө.Хуульдаа бол шинжлэх ухааны салбарт ДНБ-ний хоёр хувийг зарцуулна гэж заасан байдаг.
Эрдэм шинжилгээний байгууллагуудын хувьд Засгийн газраас ихээхэн хамааралтай ажиллаж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд ч одоо ч ийм л байгаа. Дээр нь хөрөнгө санхүүжилт багатай. Ийм учраас эрдэм шинжилгээний байгууллагууд руу хандсан Засгийн газрын тогтоол, тодорхой бодлогын баримт бичгүүд гаргаж биднийг дэмжих байх гэсэн хүлээлт байна.
Анхдугаар чуулганд манай хүрээлэнгээс 26 төлөөлөгч оролцоно. Хамт олон дотроосоо сонгон шалгаруулах журмын дагуу төлөөлөгчдийг шалгаруулсан.
Төлөөлөгч бүрд даалгавар өгсөн. Байр сууриа нэгтгэн салбар хуралдаан бүрд саналаа хэлнэ гэж төлөвлөсөн.
Засгийн газрын шийдвэр гаргах учраас манай эрдэмтэн, судлаачид дор бүртээ маш нухацтай хандаж байна.
-Физик, технологийн хүрээлэнгийн хувьд хамгийн сүүлд хэзээ шинэ техник, тоног төхөөрөмжтэй болов?
-Томоохон хөрөнгө оруулалтаар авсан багаж, төхөөрөмж харьцангуй бага. Хамгийн сүүлд 2007 онд буюу 12 жилийн өмнө ШУА-ын хэмжээнд нэгдсэн лаборатори байгуулж өндөр хүчин чадал бүхий хэмжилтийн багаж авсан. Энэ лабораторийг бэхжүүлэх асуудал яригдаад байгаа.
“Шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар Их хурал”-ын дараа эрс өөрчлөлт гарах байх гэж найдаж байна.
Хүрээлэнгүүдийн хувьд олон улсын түвшнээс аль болох хоцрохгүйг хичээж, чармайж, хөдөлмөрлөж байна. Иймдээ ч өнөөдөр орчин үеийн, тэргүүн эгнээнд явагдаж байгаа судалгаа шинжилгээний ажлыг манай лабораториуд хийж байна.
Судалгааныхаа үр дүнг олон улсын томоохон шинжлэх ухааны сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлэл болгон хэвлүүлдэг. Мөн залуучууд маань нийлээд шинэ бүтээл, хэв маяг, загвар гаргасаар байгаа. Манай материал судлалын лабораторид л гэхэд гурван чиглэлээр судалгаа явуулж байна.
Тухайлбал, лити-ион батарейн анод, катодын материал, нөгөө нь нано соронзон материалын бүтцийн судалгаа, түүнийг био анагаах ухааны салбарт хэрэглэх нь, шил шилэн бүтээгдэхүүний материалын судалгаа явуулж байгаа.
Дотроо туршилтын болон онолын гэсэн хэсэгт хуваагддаг. Мөн түлшний элемент буюу устөрөгчөөр ажилладаг авто машинд зориулсан цахилгаан үйлдвэрлэх төхөөрөмжийн судалгааг хийж байна.
Эх сурвалж: ШУА
Сэтгэгдэл ( 0 )