“Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний Азийн хэсгийн урьдчилсан шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Манай шигшээ баг F хэсэгт Япон, Мьянмар, Тажикстан, Кыргызстаны багтай нэг хэсэгт орсон билээ.
Хэсгийг тус бүр хоёр ялалттай Япон, Тажикстаны шигшээ тэргүүлж, Монгол, Кыргызстаны багууд нэг ялалттай удаалж, харин нэг ч ялаагүй байгаа Мьянмарын баг хамгийн сүүлд бичигджээ.
Манай баг маргааш /2019.10.15/ Кыргызстаны багийг талбайдаа хүлээн авна. Энэ сарын 10-нд манай шигшээ Японы багтай талбайд нь тоглоод 0:6 ялагдсан бол киргизүүд нутагтаа Мьянмарын багийг хүлээн авч, 7-0 харьцаатай ялсан билээ. Энэ нь тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн хамгийн олон тоогоор ялсан түүхэн амжилт байлаа.
Тиймээс тэд сэтгэл зүйн давуу байдалтайгаар талбайд гарах нь. Тус тоглолтод гурван гоол оруулсан Эдгар Бернхардт бол герман хүн. Кыргызстаны шигшээ баг Виктор Майер, Виталий Люкс, Едгар Бернхард гэсэн гурван герман тоглогчтой. Гэхдээ тэд Кыргызстанд төрсөн, “местный герман” бөгөөд 1990-өөд оны үед Германд шилжин суурьшсан хүмүүс юм. Бүгд Германы мэргэжлийн багуудад тоглож байсан, хашир туршлагатай тоглогчид.
Кыргызстаны багийг орос мэргэжилтэн Александр Крестинин удирдаж байгаа. Багийн ахлагч Азамат Байматов гэмтлийн улмаас талбайд гарахгүй гэсэн мэдээлэл байгаа нь манай багийн хувьд сайн мэдээ юм.
Кыргызстаны шигшээ багт бас нэгэн гадаад тоглогч байгаа нь Ганагийн Дэниел Нии Арма Таго юм. Гана улсын “Га тайбе” омгийн хунтайж Таго нутагтаа “Eleven Stoppers”, “Dansoman Unite”, “Берекум Арсенал” багуудад тоглож байсан. 2007 онд Кыргызстаны “Дордой” багт уригдсанаар хунтайжийн хувь заяа энэ оронтой үүрд холбогдсон юм. 33 настай Таго одоо ч энэ багтаа тоглож байгаа. 2009 оны Кыргызстаны шилдэг хөлбөмбөгч. 2014 онд Кыргызстаны иргэншил авч, шигшээ багт нь тоглох болсон. Кыргызстаны шигшээд 21 тоглосон ахмад тоглогч юм. Киргиз эхнэртэй. Хэдийгээр шигшээ багаас зодог тайллаа гэж зарласан ч шинжээчид түүнийг буцан ирнэ гэж үзэж байгаа. Учир нь Кыргызстаны шигшээ баг хэсгийн хоёрдугаар байрын төлөө Тажикстантай өрсөлдөж байгаа тул хашир хамгаалагч тун хэрэгтэй байгаа.
Мьянмартай хийсэн тоглолтоос үзэхэд Кыргызстаны шигшээ маш хүчтэй өрсөлдөгч гэдэг нь харагдсан. Тэд бөмбөг эзэмшилт, хурдаар илт илүүрхсэн билээ. Герман залуу Виталий Люкс хамаг найруулгыг хийж байлаа. Мөн Беларусьт тоглодог хагас хамгаалагч Гулжигит Алыкуловыг “Киргиз Месси” гэж нэрлэдэг болоод байгаа. Манай баг Мьянмарыг 1-0 ялсан бол киргизүүд 7-0 хожсон. Дэлхийн чансаа нь 95 бол манай баг 183-т эрэмбэлэгдэж байгаа.
Кыргызстаны хэвлэлд манай багийн талаар “Монголын шигшээ багийн чансаа биднээс доогуур. Гэхдээ тэднийг сул гэж дүгнэж болохгүй, сайн гээд бас айх хэрэггүй. Ямар ч гэсэн тэд манай хэсгийн хамгийн сул баг нь. Манай багийн хувьд талбайд гараад ялах хэрэгтэй. Гэхдээ маш олон тоогоор ялахыг хичээх хэрэгтэй. Учир нь багуудын оноо тэнцвэл гоолын зөрүүг харах учир Монголын хаалганд аль болох олон гоол оруулах шаардлагатай. Японы шигшээ хэсгийг тэргүүлэх нь ойлгомжтой. Тэгэхээр бид хоёрдугаар байрны төлөө Тажикстантай өрсөлдөнө. Хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн баг 2023 оны Азийн Цомын тэмцээнд оролцох эрх авах тул хичээх хэрэгтэй. Монгол, Мьянмар хоёр сүүлд орохгүйн төлөө тоглох болно” гэж бичжээ.
Кыргызстаны шигшээ баг
Хаалгач: Валерий Кашуба, Павел Матяш, Кутман Кадырбеков (бүгд “Дордой”)
Хамгаалагч: Валерий Кичин («Динамо», Беларусь), Виктор Майер («Виденбрюк», Герман), Айзар Акматов, Азамат Байматов, Авазбек Откеев, Мустафа Юсупов (бүгд «Дордой»), Тамирлан Козубаев («ПКНС», Малайз)
Хагас хамгаалагч: Одилжон Абдурахманов («Алай»), Алимардон Шукуров («Болуспор», Турк), Ахлидин Исраилов (баггүй), Бахтияр Дуйшобеков («Башундхара Кингз», Бангладеш), Эдгар Бернхардт («Кедах»,Малайз), Муролимжон Ахмедов, Фархат Мусабеков, Бекжан Сагынбаев, Кайрат Жыргалбек уулу (бүгд «Дордой»), Турсунали Рустамов («Хужанд», Тажикистан), Гулжигит Алыкулов («Неман»,Беларусь)
Довтлогч: Виталий Люкс («Ульм», Герман), Мирлан Мурзаев («Дордой»)
F хэсэг
1. Япон — 6 оноо (+8)
2. Тажикистан — 6 оноо (+2)
3. Кыргызстан — 3 оноо (+6)
4. Монгол — 3 оноо (-6)
5. Мьянмар— 0 оноо (-10)
ЗХУ задран унаж, Кыргызстан улс тусгаар тогтносны дараа 1991 оны наймдугаар сард Кыргызстаны шигшээ баг байгуулагджээ. Анхны тоглолтоо 1992 оны наймдугаар сарын 23-нд Ташкентэд Узбекистаны багтай хийж, 0-3 ялагдаж байлаа. Анхны жилдээ тэд таван тоглолт хийж, дөрөв ялагдсан юм.
1994 онд Кыргызстаны хөл бөмбөгийн холбоо Азийн болон Олон улсын хөлбөмбөгийн холбоонд албан ёсоор элсжээ. 1998 оны ДАШТ-ий урьдчилсан тоглолтод оролцсон ч хэсгээсээ гарч чадаагүй. Энэ үеэс хямралд орж, шигшээ баг нь бараг тэмцээнд оролцдоггүй болсон юм. Харин 2014 онд орос мэргэжилтэн Александр Крестининийг урьснаас хойш Кыргызстаны хөлбөмбөг шинэ түвшинд гарсан. 2015 онд “ОХУ 2018” дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатанд оролцож, хэсэгтээ гуравдугаар байр эзлэн, 2019 оны Азийн цомын тэмцээнд оролцох эрх анх удаагаа авсан. Одоо яг сэргэн мандлын үедээ байгаа гэж хэлж болох юм.
Манай хоёр баг 2017 онд таарч тоглож байсан.
2017 Aceh World Solidarity Tsunami Cup
2017 оны 12-р сарын 2
Кыргызстан-Монгол 3-0
Гоол: Антон Землянухин 14’, 65’, Саарбеков 56’
Сэтгэгдэл ( 4 )
Их бас ч байж хожигдох вий дээ Киргизүүд
Их бас ч байж хожигдох вий дээ Киргизүүд
Intdrnational bag bna\n
Та нар хожно. Айлтгүй