Ким Жон Ун Пэкту ууланд цагаан морьтой гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийн хамгийн өндөр ноён оргил болох Пэкту дагшин ууланд цагаан морьтой гарсан талаар Солонгосын төв мэдээллийн агентлаг /KCNA/ өнөөдөр /2019.10.16/ мэдээлжээ.

“Цагаан морь хөлөглөн солонгосчуудын ариун дагшин ууланд анхны цаснаар гарсан нь Солонгосын хувьсгалын түүхэнд онцгой ач холбогдол бүхий агуу үйл явдал юм. Пэкту уулын оргилд морьтой хүрсэн тэрбээр сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй, итгэл, зориг бүхий хүчирхэг улсыг байгуулах агуу үйл хэргийн төлөө хүнд тэмцлийн замын туулснаа санан дурсав гэж тус агентлагийн мэдээлэлд онцолжээ. Энэ үйл явдал дэлхийг гайхашруулах, Солонгосын хувьсгалыг урагшлуулах агуу үйл хэргийн дохио юм гэж тус агентлаг мэдээлжээ. 

"Ройтерс" агентлагийн бичсэнээр, Ким Жон Ун чухал бодлого, шийдвэр гаргахаасаа өмнө Пэкту ууланд очдог аж. Шинжээчид түүнийг энэ үйлдлээрээ Хойд Солонгос Олон улсын хориг арга хэмжээ, цөмийн хөтөлбөрийнх нь төлөө үзүүлж буй шахалт дарамтыг сөрөн зогсож буйг илэрхийлж байна гэж дүгнэжээ. "Нэг үгээр бол түүний энэ үйлдэл мэдэгдэл юм" гэж Калифорнийн Олон улс судлалын хүрээлэнгийн шинжээч Жошуа Поллак үзэж байна. 

2017 оны сүүлээр Ким Жон Ун Пэкту ууланд гарснаас хойш хэд хоногийн дараа Хойд Солонгос тив хоорондын баллистик пуужин харваж байжээ. Зарим шинжээчид Хойд Солонгос удахгүй сансрын хөлөг хөөргөнө гэж таамаглаж байна.

Пэкту (Солонгосоор цагаан оройт уул) Солонгосын хойг дахь далайн түвшнээс 2750 м өргөгдсөн хамгийн өндөр оргил юм. Домогт өгүүлснээр, дөрвөн мянган жилийн өмнө уулын оргилоос эртний Солонгосын Чосон төрт улсыг үндэслэгч Тангун бууж ирсэн гэдэг. Тиймээс эл оргилыг түүхийн ариун газар хэмээн солонгосчууд үздэг байна.

Түүнчлэн Дэлхийн II дайны үед Пэкту ууланд Ким Ир Сен тэргүүтэй Японы эзлэн түрэмгийлэгчдийг эсэргүүцэх партизанууд нууцаар орогнож байсан гэж БНАСАУ-ын түүхэн эх сурвалжид дурдсан байдаг. Мөн энд БНАСАУ-ыг 1994 оноос 2011 оныг хүртэлх хугацаанд удирдаж байсан Ким Жон Ил /Ким Чен Ир/-ыг төрсөн гэж үздэг (1942 онд).
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Begdu my ass(98.253.30.34) 2019 оны 10 сарын 17

Aav n ugaasaa yag ene uuliin oroi deer torhod tengert tsagilgaan tsahilaj bsan gedeeg kkk.

0  |  0
A(103.26.194.154) 2019 оны 10 сарын 16

XEXE ENE NEEREE ARD TUMNEE UNEN ZOMBI BOLGOJ BNAA\n

0  |  0
Bhagavad gita(1.223.35.59) 2019 оны 10 сарын 16

Hujaa nart morning zohihgui sonin

0  |  0
Top