Манай сонины баасан гарагийн дугаарт “Бодит байдал: Монгол Улс дотоодын гурилын хэрэгцээгээ хангаж чадахгүй” нийтлэл гарсан билээ.
Манай улсын улаан буудайны хураалт 85 орчим хувьтай. Харин гурил үйлдвэрлэгчдэд хагас жилийн хэрэгцээг хангаж чадахуйц буюу 170 мянган тонн буудайг нийлүүлээд байгаа юм. Цаашдаа хэрэгцээгээ гүйцэд хангахын тулд импортоор улаан буудай оруулж ирэх шаардлагатай тулгарч магадгүй. Хэрвээ гурилын гол түүхий эд улаан буудай хомсдвол гурилын үнэ өсч, дагаж бидний өдөр тутамд хэрэглэдэг талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүний үнэ өснө. Энэ мэт үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлж болох эрсдэлтэй. Иймээс гурил, талх, нарийн боовны үнэ ямар байгааг “Бөмбөгөр” худалдааны төв, “Талх чихэр” компанийн үйлдвэр, зарим дэлгүүр, супермаркетаас сурвалжиллаа.
“Чөлөөт өрсөлдөөн” нэрээр хаацайлуулж, аж ахуйн нэгж өөрсдийн зарж байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг өөрсдөө тогтоох нэг тийм шударга бус тогтолцоо манай улсад үйлчилдэг. Шударга бус гээд байгаа нь энэ тогтолцооных нь золиос иргэд болдог. Тэр дундаа дундаж болон ядуу амьдралтай иргэд тогтолцооны гажуудлын маш том золиос гэж хэлж болно. Өнөөдөр 1500 төгрөгөөр авсан талх маргааш 1700 төгрөг болж байхад нэг их гайхахаа ч больжээ. Миний орсон эхний дэлгүүр Чингэлтэй дүүрэгт байрладаг. Тус дэлгүүрт “Атар” талх 1350, “Мишээл” талх 1750 төгрөгөөр зарагдаж байна. “Талхны үнэ нэмэгдсэн юм уу” гэж асуухад “Хоёр сарын өмнө нэмэгдсэн. Дэлгүүрүүд үйлдвэрээс ирж байгаа үнэ дээр 10-20 хувийн л нэмэгдэлтэй зардаг шүү дээ. Дээрээс нь НӨАТ-ын баримт иргэдэд олгодог гээд асуудлаа бодоод үзэхээр талхнаас ашиг бараг л гардаггүй. Алдагдалтай бүтээгдэхүүн гэж хэлж болно. Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ учраас л заавал борлуулж байна” гэсэн юм. Үүний дараа миний орсон хэд хэдэн дэлгүүр, супермаркетад хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг “Мишээл” талхны үнэ 1750-1800 төгрөгт хүрчээ.
Үнэ нэмсэн шалтгааныг худалдагчид гурван янзаар тайлбарлах юм. Нэгдүгээрт, одоогоос хоёр сарын өмнөөс “Талх чихэр” компани нэрийн дэлгүүрийнхээ талхны үнийг 100-150 төгрөгөөр нэмсэн нь үйлдвэрийн үнэ өссөн гэх худалдагчдын хариулттай нийцэх юм. Хоёрдугаарт, цахилгааны үнэ нэмэгдсэн. Гуравдугаарт, гурилын үнэ нэмэгдсэн учраас талх үнэд орсон гэх тайлбарыг худалдагчид хэлж байна. Тэгвэл үнээ нэмсэн шалтгааныг үйлдвэрлэгчээс нь тодруулахаар “Москва” хорооллын баруун талд байрлах “Талх чихэр”-ийн үйлдвэрт очиход харуул хамгаалалтын хатуу чанд байдлын ачаар үйлдвэрт орж чадсангүй.
Гэсэн хэдий ч хажууд нь байрлах “Та Чи” нэрийн барааны дэлгүүрээс худалдан авалт хийж үзэв. Тэнд “Атар” зүссэн талх 1300, зууван чех талх 1450, “Мишээл” зүссэн талх 1650, “Ургац” хөх тарианы жижиг талх 1000, олон үртэй “Ургац” талх 1400, Цайны боов 3100, шоколадтай мөөхий 2650, хивэгтэй боов 2000, хоёр кг-аар савласан боорцог 6000 төгрөгийн үнэтэй байв. Үйлдвэрийн дэлгүүр учраас худалдан авагч тасрахгүй. Тэд хамгийн хямд үнээр худалдан авалт хийж байгаа гэдэгтээ итгэнэ. Нэрийн дэлгүүрт “Атар” улаан буудайн нэгдүгээр гурил 930 төгрөг, 50 кг нь 46500 төгрөгийн үнэтэй. Нүүдэл, лапша гоймонгууд 600-730 төгрөг байв.
Хоёр сарын өмнө “Атар” зүссэн талхыг 1200, “Мишээл” цагаан болон хөх тарианы талхыг 1550 төгрөгөөр худалдаалж байжээ
“Гурилын үнэ ер нь тогтвортой л байдаг даа” гэсэн бодлоор эндээс гарахдаа иргэн М.Оюунжаргалтай таарлаа. Тэрбээр нэг “Мишээл” талх, хоёр гурилан боов авчээ. Хоёр хоногийн өмнө нэрийн барааны дэлгүүрээс жижиг зүссэн талх аваад өнөөдөр дахиад авах гэсэн 110 төгрөг дутчихсан. Тиймээс мөнгөндөө тааруулаад “Мишээл” талх авчихлаа. Жижиг, том савлагаатай талхны үнэ адилхан болчихжээ. 50, 100, 150 төгрөг гээд л бага багаар нэмэхээр анзаарагдахгүй. Ядаж байхад мөнгөн дүнг 1600 гээд ч юм уу бүхэл болгож нэмдэггүй. Арга зальтай нэмнэ гэж. 1650 гэхээр хүмүүст нэг их мэдрэгддэггүй. Хэдэн сарын дараа л үнэ нэмэгдсэн гэдгийг анзаарч эхэлнэ. Олон ширхэгээр худалдан авалт хийхдээ мөнгөө тааруулж ирсэн байдаг учраас мөнгө дутахад нь л үнэ нэмэгдсэн гэдгийг мэддэг” гэсэн юм. Талхны гол үйлдвэрлэгчийн нэг “Талх чихэр”-ийн нэрийн бүтээгдэхүүний дэлгүүрт нөхцөл байдал ийм байгаа бол хамгийн хямд үнээр зарагддаг гэж иргэдийн итгэдэг. “Талх чихэр”, “Өгөөж” болон бусад үйлдвэрлэгчийн гурил, гурилан бүтээгдэхүүнийг нэг дороос, төрөлжсөн цэгээс нь худалдан авах боломжтой “Бөмбөгөр” худалдааны төвийг зорьлоо.
Энд нөхцөл байдал адилхан л байна. Нэрийн дэлгүүрт нь цагаан цаасан дээр хар бэхээр бүтээгдэхүүнийхээ үнийг жирийтэл бичжээ. Зарим бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн учраас засварласан байлаа. “Бөмбөгөр” дэх нэрийн дэлгүүрийн үнээс 100-150 төгрөгөөр илүү үнээр хажууханд лангуун дээр талх зарж л байх жишээний. “Бөмбөгөр”-т “Өгөөж”-ийн жижиг талх 1400, нарийн боовнууд 2200-3750 төгрөг, “Алтан тариа”-ны савласан нэгдүгээр гурил кг нь 1200, “Улаанбаатар” нэгдүгээр гурил 1100 төгрөгөөр худалдаалагдаж байна. “Бөмбөгөр”-т гурилыг үйлдвэрийн дэлгүүрүүдээс 50-150 төгрөгийн нэмэгдэлтэй зардаг аж.
Худалдагчид “Гурилын үнэ ялихгүй нэмэгдсэн нь үнэн. Цаашдаа тогтвортой байх болов уу. Учир нь шинэ ургацын гурил удахгүй гарна” гэсэн хүлээлт тэдэнд байна.
ҮЙЛДВЭРИЙН ҮНЭ 100 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭХЭД ДЭЛГҮҮРҮҮД ҮНЭЭ 200-300 ТӨГРӨГӨӨР НЭМДЭГ
“Нарийн боовны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн. Үйлдвэрүүдээсээ үнэтэй ирж байгаа” гэх худалдагчид цөөнгүй байлаа. Талхны үнэ нэмэгдсэн гэдгийг хадгалсан НӨАТ-ын баримтнаасаа харж болж байна. Харин нарийн боовны үнийн өсөлтийг тооцох боломж алга. Учир нь улсын хэмжээнд хүнсний 2000 орчим үйлдвэр, цех байгаагаас гурилын үйлдвэр 63, гурилан бүтээгдэхүүний 920, бялуу үйлдвэрлэлийн 30 орчим компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компанийн гаргаж байгаа бүтээгдэхүүний үнэд хэрхэн хяналт тавьдаг талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Өрсөлдөөний байгууллага зөвхөн монопол аж ахуйн нэгжийн үнийг хянаж зөвшөөрөл олгоно хэмээн хуулинд тусгагдсан байдаг. ШӨХТГ нь 2015 оныг хүртэл эрчим хүч, нийтийн аж ахуй, төмөр замын салбарын монопол аж ахуйн нэгжийн үнийг хянах зохицуулалт байсан. Хуульд өөрчлөлт орсноор одоо зөвхөн төмөр замын салбарт монополоор үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын үнийг хянаж зөвшөөрөл олгож байгаа. Өөрөөр хэлбэл, зохицуулах байгууллагатай салбарын үнийг ШӨХТГ хянадаггүй болсон. Үнэ хэлэлцэн тогтож, дэлгүүр, худалдааны төвүүдэд зарах үнээ үйлдвэрлэгч өөрөө тогтоосон бол манайхаас хяналт шалгалт хийх боломжтой. Мөн хэрэглэгчээс ирсэн гомдол, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу эсвэл өөрсдийн санаачилгаар төлөвлөгөөт хяналт, шалгалт хийдэг. Тэгэхээр хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийг ШӨХТГ хянах боломжгүй. Өрсөлдөөний тухай хуулийн гол зорилго нь аж ахуй нэгж, бизнес эрхлэгчийн зах зээл дээр чөлөөтэй өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Үнэ хямд байх тусмаа өрсөлдөөн ихэснэ” гэлээ. Гэвч бодит байдалд зарим аж ахуйн нэгж, компани хямд үнээр өрсөлдөх бус, үнэ нэмэх зарчмаар өрсөлдөх дүр зураг ажиглагдаж байгаа нь харамсалтай. Ингэснээр өдрийн хоол, унаандаа л таардаг цалинтай олон иргэний хувьд үнийн өсөлт хүнд ачаа болж байгаа юм. Манай улсад чөлөөт өрсөлдөөний шалгуураас гадна хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг барих иргэдэд ашигтай зохицуулалт хэрэгтэй байгааг сурвалжилгаараа тодотгохыг зорилоо.
Сэтгэгдэл ( 3 )
талхаа гэртээ хийгээд идэж бай борлуулалтгүй болчихвол үнэ ээ буулгахгүй хаачих юм
ТАЛХ ДАВЖААРААД ЖИЖИГХЭН БОЛООД ЖИН НЬ БАГАСААД ИХ УДЛАА ДАА. ДЭЭР НЬ ЭНЭ ДЭЛГҮҮРҮҮД ЮМНЫ ҮНЭ ДУРААРАА ИХ ӨСГӨХ ЮМ. ҮҮНД ХЭМЖЭЭ ХЯЗГААР ТОГТООЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА. АРАЙ ДЭНДЭЛЭЭ ТӨР ЗАСАГ МИНЬ АНХААРААЧ
Дэлгүүрийнхэн ч сайн шулна шүү.