Нобелийн эдийн засгийн салбарын шагнал чухам яг хэнд очсон нь дийлэнх иргэдийн хувьд төдийлөн анхаараад байдаг сэдэв биш л дээ. Тэгвэл 2019 оны Нобелийн эдийн засгийн шагнал ядуурлыг бууруулах бодит боломжийг эрэлхийлсэн судлаачдад очсон нь олон нийтийн анхаарлыг харьцангуй ихээр татсан гэхэд болно. Ядуурал бол дэлхий нийтийн сэдэв. Америкт баялгийн хуваарилалт шударга бус байгаа тухай, хүн амынх нь НЭГ хувь л “өрөм” идэж, бусад 99 хувь нь хусамтай үлдэж буйг эсэргүүцсэн “Occupy Wall Street” буюу “Уолл Стрийтийг эзэлцгээе” хөдөлгөөн 2011 онд хүчээ авч байв.
Тэгвэл энэ жилийн Нобелийн эдийн засгийн шагналыг авсан судлаачдын бүтээл болох “Poor economics” ном 2011 онд хэвлэгдэж байсныг сануулъя. Манай улсын тухайд гурван хүн тутмын нэг нь ЯДУУ. Судалгаагаар ядуурлын шугамд тун ойрхон өшөө 400 мянган иргэн бий. Тэгвэл Нобел хүртсэн Абижит В.Банержи, Эстер Дуфло, Майкл Кремер нар ядуурлыг судлахдаа Монгол Улсыг нэгэн судлагдахуун болгосон нь мэдээж бидний хувьд ихээхэн анхаарал татах сэдэв. Энэ талаар бид өмнө нь мэдээлсэн тул нэмж нуршаад илүүц биз.
Харин энэ удаад Нобелийн эдийн засгийн салбарын шагналуудаас судлаач, мэргэжилтнүүдийн онцолж дурддаг шагналуудын талаар товч мэдээллийг хүргэе. Түүнчлэн Нобелийн шагнал хүртсэн судалгааны ажлууд, онолууд Монголын эдийн засгийн нөхцөл байдалтай хэрхэн уялдаж байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя.
Элинор Остром бол Нобелийн шагнал хүртсэн анхны эмэгтэй эдийн засагч. Тэрбээр 2009 онд “Нөөц баялгийн удирдлага, нийтийн нөөцийн удирдлага”-ын талаар хийсэн судалгааныхаа үр дүнд Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг хүртжээ. Элинор Остромын уг судалгааны ажил байгалийн хязгаарлагдмал нөөц баялаг болох усны нөөц, зэрлэг ан амьтан, бэлчээр зэрэг нөөцийг хамтын өмчлөлийн хэлбэрээр оновчтой удирдаж болохыг нотолжээ. Түүний судалгаа нь хүмүүс НИЙТИЙН НӨӨЦ-ийг хувааж ашиглах нь зүй зохист үйл явц гэдгийг баталсан юм. Тодруулбал, нийтийн нөөцийг хүмүүс хамтдаа ашиглах нь заавал “Нийтийн өмчийн эмгэнэл”-ийг бий болгодоггүй гэдгийг түүний судалгааны ажил харуулсан байдаг.
Ер нь байгалийн нөөцийг “нийтийн” гэж тодотгон, хувааж ашиглах нь зөв зүйтэй зүйл мөн үү. Энэ нь эдийн засагт, нийгэмд эргээд ямар эерэг хийгээд сөрөг нөлөөллийг дагуулдаг вэ гэдэг асуудал судлаачдын анхаарлыг татсаар ирсэн. Тухайлбал, анх Америкийн экологич Гаррет Хардины онолоор нийтийн нөөцийг олон хүн хамтарч эзэмших, ашиглах нь эцсийн дүндээ бүгдийг хохироож байна гэж үзсэн байдаг. Түүнчлэн нийтийн нөөц гэгдэж буй газар нутаг, ус бэлчээрийг төрийн эзэмшилд байлгах, эсвэл хувийн эзэмшилд хуваарилж өгөх нь зүйтэй гэсэн байдаг.
“Нийтийн өмчийн эмгэнэл” гэх онол нь нийтийн өмчийг ашиглах үед хувь хүмүүс өөрийн ашиг хонжоог хамгийн их байлгахыг зорьдог нь дараагийн хүнд ногдох ашгийг ихээхэн бууруулдаг болохыг тайлбарладаг.
Тэгвэл Элинор Остромын судалгаанд нийтийн нөөцийг ашиглаж буй хүмүүс бие биеэ таньдаг, тухайн газар нутгийн ойр хавьд амьдардаг бол заавал төр засгийн оролцоо, хяналтгүйгээр нөөцийг үр ашигтайгаар удирдаж болохыг харуулсан. Төр засаг болон хөндлөнгийн этгээдүүд нь тухайн газар нутгийн соёл, нөхцөл байдал, хэм хэмжээг сайн ойлгож мэдэрдэггүй. Тиймээс нийтийн нөөцийг зохимжтой ашиглаж, удирдахдаа тааруу байдаг. Харин тухайн газар нутагт оршин суудаг хүмүүс нь нөөц ашиглалтад хандахдаа өөртөө болон бусад оролцогчдод өндөр хяналт тавьж, ёс дүрэм мөрдөж байгаа эсэх дээр анхаарч ажиллаж чаддаг болохыг судалгаагаараа нотолжээ.
Нийтийн нөөц МОНГОЛД
Элинор Остромын судалгаа дэлхийн иргэдэд, Монголчууд бидэнд ч тун хамаатай сэдэв. Ашигт малтмалын баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц дээр тухайлаад аваад үзэхэд орон нутгийн иргэдийн оролцоо, нөлөөллийн асуудлыг Элинор Остромын судалгаагаар мөн нэг талаас тайлбарлаж харж болно. Мөн Үндсэн хуулийн агуулга талаас үүнийг харах ёстой.
Энэ цаг үед Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нийгмийн анхаарлын төвд байгаа. Тэгвэл Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн дараах заалтуудад өөрчлөлт оруулах уу гэдэг асуулт тавигдаж буй.
УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж томьёолсон.
Харин Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөлд “нийтийн өмч” байхаар тусгасан.
Түүнчлэн зөвшилцлийн явцад энэ заалтыг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж өөрчлөн найруулсан хувилбар яригдаж байгаа юм.
Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд яригдаж буй 6.2-ын энэ өөрчлөлтийг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлэгсэд бас байгаа. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Монголд ирэх 20 жилд хөрөнгө оруулалтгүй ядуу, тогтворгүй эдийн засаг, уул уурхай тойрсон хэт поп тогтворгүй улс төр, улс төржилтөө дагасан тогтворгүй хууль, төрийн үйл ажиллагааг авчирна. Венесуэлийн араас их хурдацтай явах нь дээ” гэсэн байсныг дашрамд сануулъя.
Ер нь бол Монгол Улс баялгийн менежмэнтийг хэрхэн яаж сайжруулах вэ. Баялгийн хуваарилалтыг хэрхэн яаж шударга байлгах вэ гэдэг асуулт чухлаар тавигдаж буй. Түүнчлэн шийдлийн эх учиг нь Үндсэн хуульд хэрхэн тусгахаас хамаарах уу гэдэг асуудал чухал байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )