2017 оны долоодугаар сард Махачкалад болсон концертын үеэр Филипп Киркоровын амь насанд халдахыг завдсан хэргийн шүүх хурал ирэх долоо хоногт болно.
Хэрэгтний суудалд Хидирнеби Казуев, Шамиль Магомедов, Габибула Халдузов, Самир Ибрагимов гэсэн дөрвөн дагестан залуу сууж байгаа.
Хэргийг сануулахад, тэднийг алан хядах бүлэглэл байгуулж, Киркоровын амь насанд халдах төлөвлөгөө боловсруулсан гэж үзэж буй.. Киркоров Дагестаны нийслэлд 2017 оны долоодугаар сарын 6-нд Мурадовагийн нэрэмжит филармонид тоглох ёстой байв. Казуев таван тэсрэх бөмбөг бэлтгэсэн ч концерт болох газар цагдаагийн хамгаалалт гарч, үзэгчдийг нэгжин шалгаж байсан тул бөмбөгөө байрлуулж чадаагүй гэгддэг.
Гурван сарын дараа цагдаа нар хоосон байшингаас гар хийцийн бөмбөг олж, сэжигтнүүдийг баривчилсан юм. Тэд алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн гишүүд байсан бөгөөд Киркоровын амь насанд халдах гэж байснаа хүлээсэн байна. Гэхдээ энэ бүхнийг Алла Пугачевагийн нөхөр Максим Галкиний захиалгаар үйлдсэн гэж мэдүүлсэн нь хэвлэл мэдээллээр нэг хэсэг шуугиулсан билээ.
Ингээд Казуевийн мэдүүлэгтэй танилцъя.
“2017 оны эхээр Москвад байхад жүжигчин Максим Галкин ирж, Филипп Киркоровыг хөнөөвөл хоёр сая рубль өгье гэсэн санал тавьсан. Би зөвшөөрсөн. Максим урьдчилгаа гэж нэг сая рубль, Nokia гар утас, сим карт өгөөд явсан. Махачакалад болох тоглолтын үеэр түүнийг хөнөөе гэж төлөвлөж байсан ч чадаагүй. Галкинаас авсан мөнгөө бөмбөг хийх болон хувийн хэрэгцээнд зориулан үрж дуусгасан. Максим Галкин яагаад Киркоровыг хөнөөх гэсэн шалтгааныг мэдэхгүй, гэхдээ ярианаас нь үзвэл хардалт гэж ойлгосон” гэж 2019 оны гуравдугаар сард мэдүүлжээ.
Шүүх хуралд Алла Пугачева, Максим Галкин нарыг гэрчээр оролцуулахаар өмгөөлөгчийн талаас шаардсан ч хүлээж аваагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )