Хүйтэн дайны сүүдэр

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 10

-Энэ долоо хоногт Герман улс Берлиний хана нурсны 30 жилийн ойг тэмдэглэж байна-



БЕРЛИНИЙ ХАНЫГ БОСГОСОН ШАЛТГААН

Инженерийн байгууламжийн нарийн цогцолбор болсон Берлиний хана хотыг баруун, зүүн гэх хоёр хэсэгт хуваагаад зогсохгүй баруун Берлинийг хуучин Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын газар нутгаас тусгаарлаж байв. 1961-ээс 1975 оны хооронд баригдсан 155 км урт Берлиний ханыг барьж эхлэхэд баруун Берлиний захирагч асан Вилли Брандт “бүхэл бүтэн ард түмэн цоожтой хаалганы цаана үлдэв” гэж хэлж байжээ. Тэрбээр энэ үгээрээ баруун Берлиний оршин суугчдыг бус, баруун ертөнцөөс тусгаарлагдсан зүүн германчуудыг хэлжээ. Үнэхээр Берлин АНУ, ЗХУ хоорондын дэлхийг цөмийн гамшгийн ирмэгт авчирсан ноцтой улс төрийн зөрчилдөөний олз болсон юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа барууны их гүрнүүдийн засаг захиргаа байрлаж байсан хэсэгт баруун Берлин байгуулагдаж, бие даасан засаг захиргааны нэгж болсон бол Зөвлөлтийн цэргийн захиргаа байрлаж байсан зүүн хэсэг цаг хугацааны явцад БНАГУ-ын нийслэл болжээ.

Берлиний хана 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд нурсан нь гэнэтийн явдал байв. Үүнээс гурван хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 6-ны өдөр олныг хамарсан эсэргүүцлийн цуглааны шахалтаар Германы социалист нэгдсэн намын удирдлага иргэдийн чөлөөт шилжилт хөдөлгөөний эрх чөлөөний тухай шинэ хууль боловсруулсан ч ард түмний хүсэл зорилгыг зогсоож чадаагүй. Тиймээс дараа өдөр нь Вилли Штофын тэргүүлсэн засгийн газар огцорч байжээ. Ардын танхимын /парламент/ өмнө үг хэлэхдээ Вилли Штоф тус улсад үүсээд буй хямралын төлөө улс төрийн хариуцлага хүлээнэ гэж мэдэгдэж байсан бол 8-ны өдөр Германы нэгдсэн социалист намын /ГНСН/ Төв хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Тус намын Төв хорооны бүгд хурлаар БНАГУ-ын иргэд Баруун Германд зорчих тухай шинэ журмыг хэлэлцэж байсан бөгөөд тус улсын Үндсэн хуулийн дагуу эцсийн шийдвэрийг Ардын танхим буюу парламент нь гаргах ёстой байв. Мөн өдөр хүнд өвчтэй Хонеккерийг оронд гарч ирсэн ГНСН-ын шинэ тэргүүн Эгон Кренц намын Төв хорооны гишүүн Хюнтер Шабовскид бүгд хурлын үр дүнгээр хэвлэлийн бага хурал зарлах үүрэг өгчээ. Бүгд хуралд суугаагүй Шабовски гаднын сэтгүүлчийн асуултад хариулахдаа шинэ дүрмийн талаарх тогтоол даруй хүчин төгөлдөр болсон гэж мэдэгдсэнээс хойш Берлиний хана хэдхэн цаг л оршин тогтнов. Ийм мэдээлэл авсан Зүүн Германы иргэд, баруун берлинчүүд ханыг нурааж эхэлсэн түүхтэй. 
 


ХАНА НУРСНЫ ҮР ДАГАВАР

Берлиний хана нурсан явдал нь зөвхөн Герман хоорондын үйл явдал биш юм. Энэ үйл явдлыг дайны дараах Европыг хоёр  хувааж байсан төмөр хөшгийн үгүй хийсэнтэй зүйрлэдэг. Түүхэнд Германыг нэгтгэсэн канцлер хэмээн бичигдсэн Хельмут Коль “Германы нэгдэл, Европын нэгдэл нь нэг зоосны хоёр тал” гэж хэлэх дуртай байв.

1989 оноос Европт томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Берлиний хана нурсантай холбогдуулан Конрад Аденауэр сангийн тэргүүн Бернхард Фогел арван жилийн өмнө “Зүүн Европын арван орон Европт буцан ирж, өөрийн байраа эзэллээ. Берлиний хана үгүй болж, коммунизм нуран унаснаар даяаршлын үйл явц эхэлсэн” гэж хэлж байжээ. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель “Spiegel” сонинд өгсөн ярилцлагадаа “Берлиний хана нурсан нь Германы түүхэнд аз жаргалтай мөч байлаа. 1949-өөс 1989 оны хооронд маш олон хүн эрх чөлөөг мөрөөдөж байсан. Бид энэ тухай нээлттэй, чанга дуугаар ярих боломжтой болсон” гэж онцолжээ. “Германы нэгдэл нь мөнхийн үйл явц, мөнхийн зорилт юм” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Хана нуурсны дараа сэтгэлийн хөөрөлд автсан ихэнх хүн хоёр улс нэгдэж, нийлэх үйл явц хурдан, асуудалгүй болно гэж үзэж байв. Гэвч бодит байдал тэс өөрөөр эргэжээ. Энэ зам урт бөгөөд хүнд байсан төдийгүй нэгдсэн Герман өнөө хэр хүндрэлтэй тулгарсан хэвээр. Ажиглагчид эхэндээ БНАГУ-ын эдийн засгийн боломжийг бодит байдлаас нь дээгүүр үнэлж, эдийн засгийн хоёр тогтолцооны нэгдлийн явцад үүсэх эдийн засгийн асуудлыг дутуу үнэлж байжээ.

Эдийн засгийн асуудалтай зэрэгцэн сэтгэлгээний ялгааны асуудал гарч ирсэн байна. Учир нь БНАГУ-ын тогтолцоо хүмүүсийн ухамсарт гүнзгий суусан байлаа. Хана нурсны 30 жилийн дараа эдийн засгийн хүндрэлүүдийг шийдэж чадсан ч нийгмийн сэтгэлгээ, улс төрийн соёлын ялгаа оршсон хэвээр. Үүнтэй удаан хугацаанд эвлэрэхээс өөр аргагүй гэж Хумбольдын их сургуулийн профессор, улс төр судлаач Херфрид Мюнклер ярьжээ.

Гэсэн хэдий ч Европын холбооны эдийн засгийн бааз суурь болсон нэгдсэн Герман улс олон асуудлаар АНУ-тай энэ тэнцүү ярих боломжийг Европт олгож, НАТО-г бэхжүүлсэн чухал гишүүн нь болсон. Өнөөдөр Герман улс хүн амын хувьд жижиг ч, ЕХ-ны хамгийн хүчтэй эдийн засагтай гишүүн орон болсон билээ.
 


ХҮЙТЭН ДАЙН

Орчин үед гучин жилийн өмнөх тэр өөдрөг үзэл, сэтгэлийн хөөрөл үгүй болж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтууд илүү төвөгтэй, илүү хүнд болов. Дэлхийн их гүрнүүд  хоорондын тэмцэл илүү хурц болж, хүйтэн дайн шинэ хэлбэрээр гарч ирэх эрсдэл бий болсон. Хятад улс барууны өрсөлдөгчдөөсөө илүү дэвшилтэт технологи бүхий 5G сүлжээг нэвтрүүлж, энэ зах зээл дээр ноёрхлын төлөөх хүчтэй өрсөлдөгч гэдгээ зарлан тунхаглав. Хиймэл оюун ухаан, квантын программчлал зэрэг бусад технологийн дайн гарах нь дамжиггүй. Брюссель Унгар, Польш зэрэг хуучин зүүний улс орнуудыг эрх зүйт төрийг эрсдэлд оруулж байна гэж буруутгасан нь ЕХ-ны хүрээнд хагарал гарсныг илтгэж байна. Трамп АНУ-ыг уур амьсгалын өөрчлөлт, Ираны цөмийн гэрээ эрэг олон улсын гэрээ, хэлэлцээрээс гаргаж, хувийн тоглолт хийж буй нь тус улсын Европ дахь холбоотнуудыг хүнд байдалд оруулж байна. Үүнтэй зэрэгцэн ОХУ Ойрх Дорнодод өөрийн байр суурийг бэхжүүлж эхлэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш “Хүйтэн дайн өөр дүрээр буцан ирж байна. Дэлхий дахинд хурцадмал байдал үүсэх эрсдэлийг урьд өмнө зохицуулж байсан механизм үгүй болов” гэж дэлхийн өнөөгийн байдлыг дүгнэсэн байна.

Гучин жилийн өмнө Берлиний ханыг нураахад чухал үүрэг гүйцэтгэсэн ЗХУ-ын Ерөнхийлөгч М.Горбачев Москва хотноо уг ойг угтан Германы бизнесмен, зүтгэлтнүүдтэй хийсэн уулзалтын үеэр Берлиний хана нурснаар хүмүүсийн тавьж байсан итгэл найдвар бүрэн дүүрэн биелээгүй гэж онцолжээ. Тухайн үед хүмүүс энх тайван, хамтын ажиллагаа, бүтээн байгуулалтын шинэ эрин эхэлж байна гэж найдаж байсан. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Европт аюулгүй байдлыг хангах найдвартай тогтолцоо бий болоогүйгээр барахгүй аливаа сөргөлдөөнийг урьдчилан сэргийлэх, зохицуулах тогтолцоог ч бий болгоогүй гэж Горбачев дурдаад ОХУ, барууны хооронд үүсээд буй хямралыг даван туулна гэдэг найдаж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр олон улсын улс төрийн байдал маш аюултай чиглэлд явж буйг анхааруулаад орчин цагт болж буй аливаа цэргийн ажиллагаа жинхэнэ дайны шинжийг агуулж байна гэж онцолсон байна.

Берлиний хана нурсны түүхэн ойд зориулан АНУ-ын “Atlantic Council” судалгааны төв бодит байдалд түшиглэсэн ирээдүйд хандах хандлага, эрх мэдлийн төлөөх өнөөгийн тэмцлийн түүхэн үнэ цэнийг ойлгоход чиглэсэн хоёр бүтээл хэвлэн гаргажээ. “Шинэчлэлийн эрсдэлүүд-2030: уналт эсвэл шинэ сэргэн мандалт” бүтээлдээ судлаач Мэтью Бэрроуз “Барууны либерал хэв журмын үндэс болсон хуучин түүхийн хэмнэлийн үе өнгөрч байна. Улс төр, оюун санааны шинэчлэлгүйгээр бид ирээдүй рүү хамт алхаж чадахгүй” гэж бичжээ.

Хоёр дахь бүтээлийн зохиолчид Эш Жейн, Мэтью Крониг нар олон улсын тогтолцоо бүрэлдэх стратегийг дэвшүүлжээ. Тэд дэлхийн ардчилсан улс орнуудыг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхийг уриалсан байна. Хэдийгээр энэ нь хэт хийсвэр сонгогдож буй ч Берлиний хана нурсны дараагаар ардчилал, хөгжил цэцэглэлтийг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт гаргасан ололт үгүй болохоос өмнө ирээдүйг бүрдүүлэх талаар ойрын хугацаанд илүү бүтээлчээр, илүү стратегич байдлаар бодож үзэх цаг болсныг илтгэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top