Нийгмийн даатгалын ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр салбарын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг өнөөдөр /2019.11.28/ Гадаад харилцааны яамны хурлын танхимд зохион байгуулж байна. “Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх нь” сэдэвт тус сургалт, зөвлөгөөнд нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагын 153 байцаагч оролцож байгаа юм.
Хяналт шалгалт, дотоод аудитын байцаагч нар нь нийгмийн даатгалын хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах, сангийн хөрөнгийн зарцуулалт, баримт бичиг бүрдүүлэлтийн үндэслэл, тэтгэвэр, тэтгэмжийн тогтоолт, олголт болон өр авлагын барагдуулалтад хяналт тавих замаар хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг онцлогтой.
Системийн хэмжээнд 2018 онд тэтгэврийн цогц шалгалтыг хийсэн бол 2019 онд тэтгэмжийн тогтоолт, олголтын эрх зүйн үндэслэлийг шалгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулжээ. Энэ хүрээнд давхардсан тоогоор 116055 даатгуулагчийн мэдээллийг хянаж, зөрчлийг залруулсан байна. Түүнчлэн цахим мэдээллийн санд тулгуурлан 41800 даатгуулагч, гадаадаас ажиллах хүч авч ажиллуулдаг 1188 байгууллага, уул уурхайн 57 байгууллага, 1965 малчин даатгуулагчийн тэтгэвэр, 1670 цэргийн алба хаагчийн шимтгэл төлөлт зэргийг хянаж, холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.
Цаашид эрсдэлд суурилсан хяналт шалгалтын асуудлыг чухлаар авч үзэж байгаа ба салбарын хэмжээний хууль тогтоомжийн хэрэгжилтээс гадна Зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны ёс зүйн асуудлаар лекц сонсож, нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй нийтлэг зөрчил, түүнийг таслан зогсоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
НДЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзориг “Нийгмийн даатгалын ажилтнуудад авлигаас ангид байж, ёс зүйг сахиулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлдэг бид өөрсдөө сахилга хариуцлагыг баримталж, мэдлэг, ур чадвараа тасралтгүй сайжруулах шаардлагатай. Эрсдэлт суурилсан төрийн хяналт шалгалтын ISO 31000, ISO 31010 стандартыг нийгмийн даатгалын салбарт нэвтрүүлэхээр 2020 оныхоо ажлын төлөвлөгөөнд оруулан ажиллаж байна. Энэ стандартыг хэрэгжүүлснээр байгууллагуудыг бага, дунд, эрсдэлтэй гэж ангилах боломжтой болно. Стандартыг хэрэгжүүлснээр хяналт, шалгалтын хувьд өмнөхөөсөө давуу тал бий болно. Тиймээс стандартыг цэгцтэй хэрэгжүүлэхийг зорьж байгаа” гэдгийг сургалтын үеэр онцолж байлаа.
“Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх нь” сэдэвт тус сургалт, зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )