Дэлхийн улс орнууд эдийн засгийн харилцааны хувьд улам бүр бие биеэсээ хамаарч буйг нөхцөл байдал харуулж байгаа. Америк өмнөд хөрштэй худалдааны маргаан өрнүүлж, үргэлжлүүлсээр байгаа нь Монголын эдийн засагт эрсдэл дагуулах гол асуудлаар нэрлэгдэж байх жишээтэй. Хэмжээтэй, хязгаартай баялгийг хэрхэн яаж урт удаан хугацаанд ашиглах вэ гэдэгт ухаанаа уралдуулж байгаа улс орнууд хэн хэнээсээ хамаарахгүй гээд ч яах билээ. Түүнчлэн улс орнуудын эдийн засгийн цусны эргэлт нь гэж зүйрлэж болох санхүүгийн салбарууд ч аль альнаасаа хамаардаг жишигтэй өнөөдрийг хүрч байгаа юм. Нөлөө бүхий нэг эдийн засагт үүссэн санхүүгийн хямрал улс орны эдийн засагт нөлөөлөн тархахыг санхүүгийн хямралын халдвар гэж судлаачид тодорхойлсон байдаг.
Дэлхийн санхүүгийн хямралын ойрын жишээ гэвэл 2008 оны аравдугаар сараас эхэлж 2010 онд илааршсан Америкийн хямралыг дурдаж болно. Уг шалтгааныг нь 80-аад оны сүүлээр орлого багатай иргэдийг орон сууцжуулах зорилгоор банкуудаар дамжуулж хэт бага хүүтэй зээл олгож эхэлсэнтэй, тэр бодлого нь зах зээлийн бодит нөхцөлтэй уялдаагүйгээс шалтгаалсан, ерөнхийдөө үл хөдлөх хөрөнгийн захын хямралаас үүдсэн гэдэг ч ямар ч байсан Lehman Brothers дампуурснаар бусад нь шил шилээ даран хямарсан. Бусад улс орнуудад ч халдвар тарааж, тэр нь наашилсаар Монголын эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байсан шүү дээ.
Ер нь бол санхүүгийн хямралын халдвар, тархалтыг хэмжихэд хэцүү хүндрэлтэй аж. Эдийн засгууд хоорондын худалдаа болон санхүүгийн холбоо, хамаарлаас үүдэлтэй байж болдог бол хөрөнгө оруулагчдын зан төлөвөөс шалтгаалах нь ч бий аж. Жишээ нь, хоёр гурван улсад хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч байлаа гэж бодъё. Нэг улс дахь санхүүгийн хямралаас үүдэн алдагдал хүлээнгүүтээ өөр оронд хийсэн байсан хөрөнгө оруулалтаа эргүүлэн татах шийдвэр гаргах нь тухайн орны хувьд хөрөнгийн гэнэтийн гадагшлах урсгалыг бий болгож, санхүүгийн салбарт нь эрсдэл үүсгэнэ гэсэн үг л дээ.
Зарим улс орнуудын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нь харьцангуй сайн байсан ч санхүүгийн хямралын халдвараар зугтаж чадахгүй байх нь бий. Ер нь бол санхүүгийн хямралын хор уршиг нь өөр өөр сувгуудаар нэгэн зэрэг илэрдэг бөгөөд зарим нь тодорхой үйл явдлаас хамаарч бусдаасаа илүү чухал байж болдог аж. Гэхдээ санхүүгийн хямралын халдварын гол суваг нь худалдааны салбар байдаг гэдэгтэй санаа нийлэх эдийн засагчид олон. Хямралд өртсөн улстай худалдаа хийдэг эсвэл өрсөлддөг улсууд бусад оронтой харьцуулахад илүү хямралд өртөх хандлагатай байдаг байх нь. Ер нь тэгээд ямар ч шалтгаантай байсан анхны валютын ханшийн хямрал эхэлсэн улсаас бусад хамааралтай улсууд руу маш хялбараар ханшийн хямрал нөлөөлдөг гэж үздэг.
Санхүүгийн хямралын халдварын тод жишээ бол 1994-1995 оны Мексикийн хямрал, 1997 оны Азийн хямрал, 1998 оны Оросын хямралууд гэдгийг судлаачид тодотгодог.
Жорж Сорос фунтын эсрэг ажиллагаанаас нэг тэрбум гаруй ам.долларын орлого олж байв
1992 оны есдүгээр сарын 16-н дэлхийн түүхэнд Европын хар лхагва гариг гэгдэн үлдсэн байдаг. Английн ерөнхий сайд болон засгийн газрын гишүүд фунтын хэт үнэгүйдлээс зайлсхийхийн тулд бүхий л хэлбэрээр дэмжлэг үзүүлэхийг хичээж байв. Спекулятив дайралт хийгчдийг фунт худалдан авахыг дэмжих зорилгоор Британийн засгийн газар суурь хүүгийн түвшинг 10%-12% болгон өсгөсөн. Энэ үед хүүгийн түвшинг 15% хүртэл дахин өсгөхөө амласан боловч хөрөнгө оруулагчид фунтээ худалдсаар байв.
Хэдийгээр олон тэрбумаар гадаад валютын нөөцөөс зах зээлд нийлүүлсэн хэдий ч фунтийг зөвшөөрөгдсөн хамгийн доод түвшнээс дээгүүр тогтоон барих боломжгүй болсон. Спекулятив дайралт үүсгэгчид Англи улс урт хугацаанд хүүгийн түвшинг өндөрт тогтоон барьж чадахгүй гэдгийг таамаглаж байсан. Валютын ханшийн зах зээлд хамгийн өндөр байр суурь эзэлдэг хөрөнгө оруулагчдын нэг Жорж Сорос фунтын эсрэг үйл ажиллагаанаас нэг тэрбум гаруй ам.долларын орлого олжээ.
Үүнтэй ижил нөхцөл байдал Италид үүссэн. Европын төв банкны зардлаар дамжуулан худалдаачдад тэрбум тэрбумаар орлого олох боломж олгосон гэнэтийн дайралтын үйл явдал нь Испани болон Португальд Германы мөнгөн тэмдэгтийн эсрэг өөрсдийн валютын ханшийг унагахад хүргэсэн байдаг. Гэнэтийн дайралтын дараагийн гол бай нь Францын Франк байсан. Францийн сонгууль болохтой холбогдуулан, хүүгийн түвшинг бууруулах улс төрийн дарамт нэмэгдэж байв. Бусад валютын ханшийн ижлээр, спекулятив дайралт хийгчид нь Франц улс эдийн засгийн сул өсөлт болон өндөр ажилгүйдлээс шалтгаалан хүүг өндөр түвшинд хадгалахаас илүүтэй франкийг сулруулахыг таамаглаж байсан байна.
Түүхэнд үлдсэн Азийн хямрал
1997-1998 оны Азийн санхүүгийн хямрал түүхэнд үлдсэн. Тэр дотроо БНСУ-ын хямралын тухай судлаачдын дүгнэлт сонирхолтой. 1997 оноос хямралтай тулсан Азийн орнуудын эдийн засаг тухайн үед хурдацтай хөгжиж байв. Хямрах болсон шалтгаан нь санхүүгийн зах зээлийн хүндрэл, валютын ханшийн спекулятив дайралтаас болжээ. БНСУ-ын тухайд эдийн засаг нь түүхэндээ хамгийн өндөрт бичигдэх өсөлтийг үзээд байв. Инфляцын түвшин 1996 онд 5%-аас бага, бодит ДНБ-ий өсөлт ойролцоогоор 7%, ажилгүйдлийн түвшин бага, засгийн газрын төсөв бага зэргийн ашигтай байсан байгаа юм. Тус улсын засгийн газар 1990-ээд оны эхнээс улсынхаа санхүүгийн зах зээлийг чөлөөтэй, нээлттэй болгох зорилгоор санхүүгийн институциуд дэх хязгаарласан зохицуулалтуудыг арилгаж эхэлсэн. Мөн хөрөнгийн зах зээлээ гадаадаас орох урсгалд нээлттэй болгох замаар санхүүгийн зах зээлийг глобалчилж эхэлсэн. Энэ нь хувийн, санхүүгийн бус бизнесийн салбарт олгосон банкны зээлийг хурдтай өсгөж, нийт зээлийн хэт хөөсрөлтийг бий болгосон. Энэхүү зээлийн ихэнх хувийг жилийн 20 хүртэлх хувийн хүүтэй гадаадын зээлээр санхүүжүүлж байв. Банкны зохицуулалтын хяналт шалгалт сул, банкны институци дэх зээлдэгчдийг сонгох, хянах үйл ажиллагаанд туршлага муутай байсан зэргээс үүдэн зээлээс үүсэх алдагдлын хэмжээ өсөж эхэлсэн бөгөөд энэ нь банкны өөрийн хөрөнгийн хэмжээг бууруулах гол шалтгаан болж байсныг судалгаанд дурджээ.
Засгийн газар НЬ 1993 онд дотоодын банкуудын гадаад валютаар зээл олгох чадавхыг нэмэгдүүлсэн. Энэ үед Засгийн газар санхүүгийн байгууллагууд гадаадаас богино хугацааны зээл авахыг зөвшөөрсөн бөгөөд авах хэмжээн дээр ч хязгаарлалт тавиагүй. Богино хугацааны гадаадын капиталын дотогшлох урсгалд нээлттэй хандсан. Гэхдээ тус урсгал нь хөгжиж буй улсуудын эдийн засгийг санхүүгийн хувьд эмзэг болгодог. Асуудал нь хямрал эхлэх үед богино хугацааны капитал тухайн улсаас хоромхон хугацаанд гардаг. БНСУ-ын эдийн засаг санхүүгийн системийн тодорхойгүй байдлыг үүсгэсэн экспортын үнийн сөрөг шок, корпорациудын дампууралтай нүүр тулж эхэлсэн. Эдгээр дампуурлууд тодорхой бус байдлыг улам нэмэгдүүлж, санхүүгийн зах зээл оргил үеэс 50%-иар илүү, огцом буурчээ. Хөрөнгийн зах зээлийн бууралтын үр дүнд тодорхой бус байдал нэмэгдэж, муу зээлдэгчээс сайн зээлдэгчийг ялгахад хэцүү болсон. Хөрөнгийн үнэлгээ унаснаар компаниудын барьцааны үнэлэмж буурч, эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх хөшүүргийг нэмэгдүүлсэн. Банкны тайлан тэнцэл муудсантай зэрэгцэн муу сонголт, ёс суртахууны гажуудлуудыг улам дордуулсан байна. Үр дүнд нь зээл буурч, эдийн засаг суларчээ. Банкны тайлан тэнцэл хүндэрсэн, эдийн засаг суларсан зэрэг нь тус улсын эдийн засгийг ханшийн хямрал руу түлхжээ.
Богино хугацааны, гадаадын их хэмжээний зээлээс шалтгаалсан санхүүгийн салбар дахь тайлан тэнцлийн сул байдал, эдийн засгийн капиталын орох урсгалын гэнэтийн зогсолт бий болсон зэрэг нөхцөл байдалтай үед БНСУ-ын мөнгөн тэмдэгтэд үзүүлэх спекулятив дайралтаас зайлсхийх боломжгүй байв. Үүний хор уршиг, дам нөлөө (contagion) нь бусад зүүн Азийн улсуудад тархаж эхэлсэн. Спекулятив дайрагчид Өмнөд Солонгосын төв банк хүүгийн түвшнээ өсгөх замаар ханштай тэмцэж чадахгүй гэдгийг мэдэж байв. Энэхүү спекулятив дайралтын дүнд Солонгосын воны ханш ойролцоогоор 50%-иар огцом суларч байжээ.
Санхүүгийн болон санхүүгийн бус компаниуд гадаадын валютаар их хэмжээний өртэй байсан учраас тус улсын воны тус сулралт нь дотоодын мөнгөн тэмдэгтээр илэрхийлсэн гадад өрийн хэмжээг үлэмж хэмжээгээр өсгөсөн. Улмаар энэ нь компаниудын өөрийн хөрөнгийн хэмжээг барагдуулсан. Компаниудын бэлэн мөнгөний урсгал, тайлан тэнцэл хүндэрсэн нь банкны хямралыг гүнзгийрүүлсэн. Банкууд гадаад валютын зээлээ илүү их воноор төлж, дотоодын долларын зээлээ цуглуулж чадахгүйгээс банкны тайлан тэнцэл муудсан. Түүнчлэн банкууд гадаадын богино хугацаат зээлээ яаралтай эргэн төлөх шаардлагатай болсон учраас санхүүгийн институциудад хөрвөх чадварын эрсдэл үүссэн. Засгийн газар бүх банкны хадгаламжид баталгаа гаргаж, банкны үймээнээс сэргийлэх зорилгоор оролцсон боловч өөрийн хөрөнгийн алдагдал нь банкны үйл ажиллагааг хумьж байлаа. Бодит ДНБ 1998 онд 6%-иар буурч, ажилгүйдэл огцом өссөн. Энэ тохиолдолд инфляцын түвшин мөн буурна гэж хүлээсэн хэдий ч, инфляцын түвшин буураагүй харин өссөн байна. Ханшийн огцом сулралт нь импортын үнийг өсгөх замаар инфляцыг өсгөж, олон нийтийн Солонгосын төв банкинд итгэх итгэлийг сулруулсан. Энэ нь хүлээгдэж буй инфляцыг өсгөж, улмаар инфляцын түвшин 5%-аас 10% хүртэл огцом өсжээ. Хүүгийн түвшин өндөр инфляцыг нөхөхийн тулд 1997 оны сүүл гэхэд 20% давж огцом өссөн. Хүү өссөнтэй зэрэгцэн зээлийн зах зээл дээр тэгш бус мэдээллийн асуудал нэмэгдсэнээр хөрөнгө оруулалтыг цаашид улам бууруулах, улмаар эдийн засгийн үйл ажиллагааг сулруулах нөлөөг үзүүлсэн гэж судлаачид үздэг.
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n