ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 28

Өнөөдөр 2025.03.28. Энэ оны 87 дахь өдөр бөгөөд он дуусахад 278 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 39 минутад мандаж, 19 цаг 16 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 7 хэм, шөнөдөө 12 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Чех, Словакт Багш нарын өдөр бол Азербайжанд Улсын үндэсний аюулгүй байдлын албадын ажилтнуудын өдөр, Сербид Үндсэн хуулийн өдөр.

Өнөөдөр Оросын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Максим Горький, Филиппин улсын 16 дахь Ерөнхийлөгч Родриго Дутерте, Америкийн сагсан бөмбөгч Люк Уолтон, Швейцарын алдарт теннисчин Станислас Вавринка, Греммийн наадмын зургаан удаагийн шагналт дуучин Леди Гага зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр С.Буяннэмэхийн “Ойрхи цагийн товч түүх” буюу “Сандоо амбан” жүжгийг анх тогложээ.

1966 оны энэ өдөр БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид “БНМАУ БНХАУ хоёр улсын 1966 онд харилцан бараа нийлүүлэх хэлэлцээрийн протокол”-д гарын үсэг зурав.

2006 оны энэ өдөр Дорноговь аймгийн засаг дарга Ж.Батсуурийн урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Чэн Хэпин тэргүүтэй Эрээн хотын захиргааны төлөөлөгчид Дорноговь аймагт айлчилжээ. Айлчлалын хугацаанд Чэн Хэпин болон төлөөлөгчид “БНХАУ-ын Эрээн хот болон Монгол Улсын Дорноговь аймгийн найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээ”, “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот болон Замын-Үүд боомт хотын хамтын ажиллагааны хэлэлцээ” зэрэг олон баримтад Замын-Үүд хотноо гарын үсэг зурав.

2011 оны энэ өдөр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо анхны хуралдаанаа хийжээ.

2012 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д айлчилжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1776 онд Москва хотноо Их театр /Большой театр/ үүсгэн байгуулагдав.

1854 оны энэ өдөр Франц болон Их Британи улс ОХУ-д дайн зарлажээ.

1959 оны энэ өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөл Түвдийн засгийн газрыг тараав.

1964 онд Лондон дахь Мадам Тюссогийн музей “The Beatles” хамтлагийн гишүүдийн тосон баримлыг бүтээхээр болсон тухай зарлав.

1970 оны энэ өдөр Туркийн баруун хэсэгт газар хөдөлж, 1000 гаруй хүн амиа алджээ.

2005 оны энэ өдөр Индонезийн Суматра арлын хойд хэсэгт байж болох хэмжээнээс зургаа дахин хүчтэйгээр газар хөдөлж, 1300 хүн амиа алдаж, 1140 хүн бэртэж гэмтэж байв.

Билгийн тооллын 29. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu