МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэтэй уулзлаа. Өгүүллэг, туужийн 6 ном, хэд хэдэн жүжиг, киноны зохиол бичиж уран зохиолын олон төрлөөр ид туурвиж яваа манай үеийн шилдгүүдийн нэг. Тэрээр "Сэмэрч үл барагдана" өгүүллэгийн түүврээ 10 гаруй жилийн тэртээ хэвлүүлж, сэтгэлийн дотрыг доргиосон өгүүллэгүүдээрээ цахим ертөнцөд ихэд алдаршиж улмаар их утга зохиолын үүдийг сэвхийтэл нээн орж ирсэн билээ. Түүний уран бүтээл, уран зохиолын ертөнцийн тухай үзэл бодлоос нь хуваалцсанаа та бүхэнд хүргэж байна.
-Таны аавын бичсэн "Үхрийн хугархай хавирга" тэргүүт өгүүллэгүүд бий. Аавын тань бичиж туурвих ил байв уу? Танд нөлөө үзүүлсэн болов уу? Ер нь анхны багш нар, зохиол бүтээл туурвихад нөлөөлсөн юу байв?
-Аав маань номонд ойрхон, номыг чин сэтгэлээсээ хайрлаж биширдэг хүн байсан. Мөн тууж өгүүлэг, шүлэг найраг сайн бичдэг байлаа. Залуу цагтаа бичиж тэмдэглэсэн бүхнээ ил гаргаагүй. Урьд цагт даруухан, өөрийгөө овойж товойлгохоос зайлсхийдэг хүмүүс олон байж. Тэдний нэг нь миний аав. Их хожуу цөөхнийг нь хэвлүүлсний нэг нь өөрийн тань нэрлээд буй “Үхрийн хугархай хавирга” өгүүллэг. Утга зохиолын хүрээллийнхэн бичсэн өгүүллэгүүдийг ойлгож, ихээхэн нааштай хандаж эхлэх яг тэр үед бурхан болсон доо муу аав минь.
Миний хувьд уран зохиолын хүрээнд яг хадаг барьсан багш байдаггүй. Би чинь их хожуу бичиж эхэлсэн хүн шүү дээ. Болсон, болоогүй юмнуудыг минь үнэлж хамгийн анхны урам өгсөн хүн бол зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд. Надад үүнийг заавал уншаарай гэж аминчлан хэлж Оросын зохиолчдын өгүүллэгийн түүвэр өгч байлаа. Тэр түүвэрт багтсан нэгэн өгүүллэгт гардаг дайнтай жилийн хоёр цэрэг хоолоо хувааж идэхдээ нэгэн рүүгээ харсан харцны тухай зураглалыг одоо ч би мартаагүй. За тэгээд надад урам хайрладаг, итгэл сэтгэлээр дэмждэг, заримдаа жаахан онгироодог найз нөхөд, ах нар, дүү нар зөндөө бий. Нэг талаасаа утга зохиол дахь миний хүрээлэл, нөгөө талаасаа багш л гэсэн үг. Нэрлэвэл болох ч гэлээ хэн нэгнийг үлдээчхэж мэднэ. Харин тайз дэлгэцийн бүтээлийн хэрхэн бичих анхны ойлголтыг зааж бас байнга урам өгдөг хүн бол Х.Наранжаргал эгч. Би түүнийг багш хэмээн дотроо хүндэтгэж явдаг. Эцсийн дүндээ би энэ биеийг бартлаа бүгдийг нь хүндэтгэж явах нь ойлгомжтой. Хүн ер нь хэний моринд сундалж бэлчээрт хүрснээ мартаж болохгүй л дээ.
-Таны анхны өгүүллэгүүдийг аав тань хэрхэн үнэлж байв? Аль өгүүллэг, бүтээлд чинь дуртай байсан бол?
-Миний “Гагнаас” гэдэг өгүүллэгт аав маань дуртай байсан. Би нэг өгүүллэгтээ “Төмөр зам Өндөр-Улааныг ороон хэвтэнэ” гэж бичсэнийг “тэр өгүүлбэрээс л миний хүүд жаахан юм байгаа юм болов уу” гэж бодсон гэж аав хожим хэлж билээ. Хүү нь юм болохоор олныг нуршмааргүй, ширүүн, дориун шүүмжлээгүй. Ер нь бол өхөөрдөж л байсан байх. Аргагүй л дээ, асар их уншсан аавд минь миний өгүүллэг инээдмийн л юм байж таарна.(инээв)
-Та уран зохиолын хүрээнд орж ирэхдээ залуу зохиолч гэдэг шатыг алгасаж алхсан байх аа? Өөрөөр хэлбэл насны хувьд ч, зохиол бүтээлийн хувьд ч... Энэ талаар та өөрөө юу бодож явдаг бол?
-За тэрийг чинь ёстой мэдэхгүй. Өөрийгөө алхсан дүүлсэн гэж ерөөс боддоггүй. Анх эхлэхдээ л өөртөө жаахан чамлалттай ханддаг байсан. Одоо ч тэр хэвээрээ. Яахав, уран зохиолын хүрээнийхэн намайг алга дэлгэж их сайхан хүлээж авсан. “Чиний тэр бололцооны юм, тэр харин явсангүй... Таны тэр гоё, харин тэр нь нэг л худлаа санагдсан шүү” гэх мэтээр л ярьцгаадаг ах, дүү, найз нар миний эргэн тойрон байдаг. Өөртөө ойрхон байгаа хүмүүсийнхээ сэтгэлд юм хийчихгүй, итгэлийг нь хөсөрдүүлэхгүй юмсан гэж юм хийх болгондоо бодож явдаг. Эцсийн дүндээ эд нараасаа ихээхэн сэтгэлийн дэм авдаг гэх үү дээ. Сэтгэлээрээ, хандлагаараа л ойр явахад болчихдог улс шүү дээ бид чинь. Түүнээс биш “хайртай шүү дуртай шүү, хагацахгүй шүү, салахгүй шүү” гэдэг тийм харилцаа намайг тойроод л лав байдаггүй.
-“Товч”, “Сэмэрч үл барагдана”, “Миний Отчигон” зэрэг өгүүллэгүүд уншигчид, тэр тусмаа гадаадад суугаа Монголчуудыг тухайн үедээ шуугиулж байсан. Өнөөдөр эргээд харахад юу бодогдох юм? Тухайлбал Товч өгүүллэгийг өнгөц харахад эмээгийн товчны хайрцаг доторх товчнуудын янз байдал яриа хөөрөө мэт боловч ахиулж харвал Монголын нийгэм, хүний ертөнцийг багтаасан санагддаг?
-Ёстой нөгөө арагны цоорхойд гэр барина гэдэг шиг л юм болсон хэрэг. Тухайн үеийн кибер ертөнцөд Монголын уран зохиолын орон зай сулавтар байсан гэж ойлговол үнэнд ойрхон бууна. Өнөөгийнх шиг ийм олон хүн зохиол бүтээлээ оруулдаггүй, сүлжээгээр цацдаггүй байсан болохоор л тэгж олон хүнд хүрсэн байх. Уншсан хүмүүс их сайхан хүлээж авсан шүү.
Эмээгийн товчны хайрцаг онгойж гэрэл тусна. Гэрэл тусмагц хайрцагт байх цахилгаан, кноп, тээвчин зүү, запник гээд бүгд амь ороод л. Гэрийн эзэгтэйд ямар нэгэн юм торгоох хэрэг болно. Тэр үед товчнууд хайрцагнаасаа гарах юм болж хоорондын зөрчил үүсдэг. Нөгөө товчнууд чинь яг хүн шиг хоорондоо бөөн хэрүүл, тэмцэл болдог тухай л бичсэн.
“Товч” өгүүллэг бол ерээд оны тусгал. Ер нь зарим өгүүллэгүүд маань миний амьдралд үзсэн, мэдэрсний тусгал л юм байна одоо бодоход. Бид 90 оноос өмнө таг харанхуй “хайрцаг”-т байснаа гэрэл тусаж, амь орохтойгоо зэрэг л хөрөнгөжих, мөнгөжих гэсэн шуналаасаа болж өөр хоорондоо тэмцэлдэж эхэлсэндээ. Тэгээд юу болж буйг одоо хүн болгон мэдэж байгаа шүү дээ.
-Өнөөдөр бол бидний явж байгаа замын өндөрлөг юм л даа. Эндээс зүг бүр тийшээ харж болно. Зэрэгцээ яваа нөхдөө харахад, зохиолчийн нүдээр урагш харахад ямар бодол төрдөг вэ?
-Амьдралын хэв маягийн хувьд уу? эсвэл хөрөнгө чинээ юү?, уран бүтээлд дөрөө харшуулж уу? ...гэх мэт “зэрэгцээ яваа” гэдэг тодотгол харьцангуй юм шиг санагдаадбайна хө. За ямартай ч гэсэн аливааг өөдрөгөөр харахыг, бодохыг хичээдэг. Бодол гэдэг их хүчтэй бас нагаартай зүйл. Хүн цэцэг харвал цэцгийн тухай, хог харвал хогны тухай л боддог гэж Дан.Нямаа ах хэлдэг юм. Үүн лугаа аль болох гэгээтэй талыг нь харахыг хичээдэг. Мэдээж хүн л юм чинь тэгж чадахгүй үе бас бий, бий.
Уран бүтээлчдийн тухайд бол дэм, дэмэндээ нэгэн цаг үеийг туулж яваа шүү дээ. Нөгөө талаасаа уран бүтээл хэрхэн, яаж бүтдэгийг доторлохын хувьд хийж бүтээх гэж зүтгэж мэтгэж яваа хүнийг хүндэтгэдэг. Харамсалтай нь тэр бүр бүгдийг нь уншиж, шинжиж чадахгүй юм даа.
Одоо ид бичиж туурвиж буй зохиолчид маань янз бүр л байна. Сэтгэлгээний хувьд, туурвил зүйн хувьд, бичлэгийн буюу үг хэлэмжийн хувьд, дүр бүтээх, зохиолдоо дүрээ хэрхэн ашиглах, сюжет, тавилт за тэгээд зохиолын гүйцэтгэлийн хувьд гээд яриад байвал олон л юм байна. Миний үнэлэмжээр бол сайхан бичиж буй зохиолч зөндөө байна. Саархан ч бас үзэгдэж л байна. Одоо ингээд ярихаар утга зохиолын судлал шахуу юм болчих уу? Зохиолч бүхэн л өөр өөрийн ертөнц, итгэл үнэмшил, үнэт зүйлтэй байдаг. Түүнийг нь хэн нэгэн зохиолч дүгнээд ярих тийм ончтой биш. Бөөрөнхийлж байгаа юм биш шүү, дүгнэх, шинжлэх хэмжээний мэргэжлийн хүн биш, миний ажиглалт тийм ч үнэ цэнэтэй байж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Ц.Буянзаяагийн хэлсэн нэг үг байдаг. “Зохиолч юугаа, хэрхэн, яаж бичих нь нэг хэрэг. Харин утга зохиолын ажилтан, шүүмжлэгч нар тэр бүгдийг зөв дүгнэж, зөв онош тавих ёстой” гэж. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хүн л ялгаж салгана гэсэн үгээ дээ. Харин хүнийг дүгнэх гэхээсээ илүү та энэ ертөнц рүү өнгийгөөд анзаарсан зүйлээ хэлээч гэвэл өөрийнхөө ажигласныг хэлж болох юм...(инээв)
-Тэгээд таны анзаарч ажигласан зүйл юу вэ?
-Зохиолч хүн тодорхой үе шатыг туулж өөрийгөө олдог, уран бүтээл нь жигдэрдэг юм шиг байгаа юм. Энэ бол миний ажиглалт юм шүү. Өөрөөр хэлбэл гэнэн цагаахан үе, шунан дурлах үе, магтуулах үе, онгирч хөөрөх үе, бичих, бүтээхээ хооронд нь ялгахгүй үе гээд бичлэгийн хувьд ч, уран зохиолын орчны хандлага, уур амьсгалын хувьд ч асар олон үе шат туулдаг. Эцэст нь “Та яг зохиолч мөн үү?”, “Та үнэхээр чадаж байгаа юу?” гэдэг томоос том асуулт бичсэн хананд тулж ирнэ. Энэ бол “үнэн” гэдэг зүйл. Гав ганцаараа суухуй дор “чимээгүйхэн ирдэг” дамшиг байна лээ. Чанх өөдөөс ширтэх хэрнээ үргэлж л хамт явна. Ялангуяа элдвийн шагнал тэврэх үед илүү тод “ширтэнэ”. Эвгүй ч юм шиг, аюултай ч юм шиг, айдастай ч юм шиг гэх үү дээ. Ийм “үнэн”-ий хана байдгийг өөрийгөө зохиолч гэж боддог хүн болгон мэдэж байгаа. Илэрхийлэх эсэх нь өөр хэрэг. “Үнэн”-ийг давах гэх үү, эсвээс өөрийн биеэр нэвчүүлэн өнгөрөөх гэх үү? Ямартай ч хариулт нь янз бүр. Зарим нь үнэнтэй нүүр тулаагүй юм шиг эрээ цээргүй нууна. Зарим нь аргалах гэж оролдож өөрийгөө хуурна. Зарим нь сөхөрдөг. Зарим нь зүтгэдэг. “Үнэн” нүүр тулчихаад байхад мэдээгүй юм шиг аашилж болохгүй.
Хэрвээ урлан бүтээхийн өмнө гарч ирсэн бодит үнэн, авьяас, хөдөлмөрийг шавхсан хана хэрэмтэй нүүр тулаагүй, мэдрээгүй, танд тэгж бодогдоогүй бол хараахан зохиолч болоогүй л гэсэн үг. Энэ миний ойлголт гэдгийг бодолцож үзээрэй. Ер нь зохиолч болж жүжиглэх нь нийгэмд ч тэр, өөртөө ч тэр, өрөөлд ч тэр асар хортой үйлдэл санагддаг.
-Мэргэжлийн, мэргэжлийн бусчууд гэсэн яриа аль ч салбарт бий. Утга зохиолын хүрээн дэх ийм ойлголтыг та юу гэж боддог вэ?
-Утга зохиолын хүрээнд тийм ойлголт байлгүй л яахав дээ. Тийм ч учраас утга зохиолын ажилтан гэдэг мэргэжил байдаг. Үүнийг бэлтгэдэг сургууль ч байдаг. Бакалавр, магистр, доктор гээд боловсролын зэрэг дэв бий шүү дээ.
Харин зохиолчийн хувьд бол жаахан өөр. Ер нь зохиол бичихийн тулд их уншина, энгийн хууч ярианаас эхлээд түүх домог сонсоно, харьцуулна, судлана, амьдралын сайн, мууг гярхай ажиглана, за тэгээд тэвчээртэйгээр бичиж, юм бүтээхээр сууна. Энэ чинь мэргэшиж буйн илрэл. Тэс өмнөө мэргэжил эзэмшсэн атлаа сайн зохиол бичдэг зохиолчид дэлхийд ч, монголд ч байгаа. Ойрхноос гэхэд С.Эрдэнэ гуай эмч, Шар Мягаа ах эмч, Д.Энхболд ах геологи инженер гэх мэт.
Зохиол бичих хүсэл сонирхлоос гадна байгалийн авьяас гэж нэг юм бий. Авьяас үгүй бол зохиолчийн хувьд хол явахгүй ээ. Заримдаа авьяасгүй атлаа утга зохиолын мэргэжилдээ дулдуйдаад зохиол биччихсэн юмуу даа гэмээр ч зохиол таардаг. Мэргэжлийн хэл, хэлэмжээрээ бусдыг давшилж, богочилдог тал ч бас бий. Хэрвээ төрөлхийн авьяастай дээр нь онол, номыг нь үзээд зохиол бүтээл туурвих аваас “төгс” болж буй хэрэг байх л даа.
-Зохиолчид өөр зуураа харилцан суралцах талаар таны санал бодол ямар байдаг вэ?
-Албан ёсны гэх үү, дээхэн үед байсан шиг гэр сургалт, хөтөлбөр гэх мэтийг би одоогоор мэдэхгүй байна. Яруу найргийн хэд хэдэн бүлгэм байдаг. Үргэлжилсэн үгийн төрлөөр ёстой мэдэхгүй юм. Байхыг үгүйсгэхгүй. Кино зохиолчийн сургалт мэр сэр явагддаг. Уг нь бол зорилготой сургалт ихээхэн ач холбогдолтой гэж санадаг.
Харин найзалж, нөхөрлөж, бие биедээ санаа оноогоо хэлж зөвлөдөг бүтээлчид бол бий. Жишээ нь Хүрээ ахан дүүс гэх мэт. Намайг тоогоод хэн нэгэн юм асуувал өөрийнхөө ойлгосноос хуваалцахдаа дуртай л байдаг юм. Ойр тойрны хүрээлэлдээ гэсэн санааг хэлэх гээд байна л даа. Ядаж ойлголцохдоо ч амар байдаг юм. Инээж хөхрөх, маазрах зуур л албан бус сургалт явчихна.
Энд зориуд нэг юм нэмээд хэлчих үү? Манай зохиолчид, зохиолчид гэлтгүй утга зохиолын салбарынхан дунд уран бүтээлийн зөрөлдөөн, зөрчилдөөн байх ёстой. Тус бүртээ л өөр өөрийн уран бүтээлийн ертөнцийг бүтээж яваа болохоор хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэхдээ хүнийхээ хувьд бие биетэйгээ зөрчилдөх учиргүй юм шүү. Яагаад гэхээр бид үгээр оролддог, үгээр үйл хийдэг, үгийн хүчийг мэддэг, үгийн шидийг ашигладаг давуу талтай учраас биенээ хайрлаж, өөр хоорондоо сайхныг хүсэж явмаар санагддаг.
-Уран бүтээл хийх онгод, урам зориг, санаагаа хэрхэн хурцалж байна?
-Их л боддог доо. Бодно гэдэг, мөн бодоод олох ёстойгоо олоход их жаргалтай болчихдог. Бодоод олчихвол бичих хүсэл аяндаа төрнө. Энэ давхцалыг л онгод орох гэдэг юм болов уу? Харин энэ мөч хэр хурдан, аль эсвэл хэр тэсрэлттэй, хүчтэй ирэх вэ гэдэгт их учир бий. (инээв) Зарим нөхөд маань намайг “арай их бодоод байна” л гэдэг. Бусад хуний хувьд яадгийг мэдэхгүй. Миний хувьд зохиолын зарим шийдлүүд их хурдан шийдэгдэхээрээ хаа нэг газраа алдаатай, “худлаа“болчихсон байдаг л даа. Тэгээд л бүхнийг эхнээс нь хөвөрдөх ажил гардаг. Хааяахан Д.Энхболд ах “Онгод гэдэг хажууд чинь үргэлжид явдаг эд биш шүү” гэдэг юм. Энэ бас л үг.
Нөгөө талаасаа бодлын хариу ирэх нь урам зориг юм. Хүнээс сайшаал сонсох нь урам мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ урам бол гүйцэтгэл нь нэгэнт болчихсон уран бүтээлд ирдэг магтаал. Харин бүтээх урам зориг бол бодох агшин, бичих агшин өөрөөр хэлбэл бүтээл төрөх агшин гэж би хэлнэ. Санааг бол хаанаас авч болно. Хэдхэн мөр мэдээ байсан ч надад санаа өгч болно. Гэхдээ сэтгэл хөдөлгөсөн, шар үс босгосон тийм санаа, нюансыг хүлээх л хэрэгтэй болдог.
-“Жаран тав ах”, “Алсад зорчсон Жийжээ” зэрэг өгүүллэгүүдээрээ Америкийн болон манай нийгмийн сэтгэлгээний ялгааг нилээн нарийн гаргасан гэж хувьдаа боддог. Ер нь нутгаасаа орон зайгаар алсрах тусам сэтгэлээрээ ойртдог болов уу?
-Хойноос нь эхлэх үү? Биднийг бага байхад зургийн хичээл дээр “алслалт” гэж үздэг байсныг санаж байна уу. Шонгийн модыг зурахдаа хамгийн наад талын модыг томоор тэгээд цаашлах тусам жижгэрсээр сүүлдээ цэг болон зурагддаг. Тэр цэгийг жижиг гээд орхих л юм бол зургийн утга алдагддаг. Өөрөөр хэлбэл тэр цэг хамгийн том модноосоо илүү үүрэгтэй.
Эх орондоо байхад эх орон эхний мод шиг том байдаг аа. Тэр бүү хэл амьдран суугаа хот, дүүрэг за тэгээд байр маань хамгийн том байдаг. Гэрээсээ гараад явахаар байр маань жижиг болно. Хотоосоо явахаар хот маань жижиг болно. Эх орноосоо гараад явахаар эх орон маань жижигхэн цэг болдог. Яг л нөгөө хичээл шиг. Гэхдээ эх орон хэдий чинээ жижигхэн болно төдий чинээ сэтгэл зүрхэнд бүхлээрээ хадагдаж үлддэг. Өөрөөр хэлбэл би Увс нуурыг үзээгүй атлаа хүний нутагт очиход Увс нуур миний эх орон л байдаг. Эх орноо санах явдал цагаач амьдралын нэгэн хэсэг. Аа тэгээд, яг эх орноо санаж уу гэхээр явж, явж эцсийн дүндээ нөгөө л амьдарч асан байр, хүрээлж асан хүрээгээ л санасан байдаг. Алслалт хичээлийн эхний мод, эцсийн цэг хоёр ингэж л холбогддог. Магад, энэ эх оронтой л хүний зан байх.
Амьдралын хэв маяг гэж маш олон зүйлийг багтаасан ойлголт байх юм даа. Америк Монгол хоёр амьдралын хэв маягаасаа хамаараад сэтгэлгээний асар зөрөөтэй орон. Гэхдээ тэнд ч, энд ч хүн л амьдардаг хойно ижил төстэй зүйл ч мундахгүй их бий. Энд сайн, муу байгаа бол тэнд ч гэсэн сайн, муу бий. Угтаа бол хүн гээч нэг л юм. Зүгээр л түрүүний хэлдэг хэв маягаасаа болоод л өөр байдаг. Түүний нэгэн адил зон олны сэтгэлгээ нь ч өөр. Үүнийг л би хэд хэдэн өгүүллэгээр харуулах гэж оролдсон. Түүнийг нэг нь “Тэр надаас жаран нэг ах” гэдэг өгүүллэг бий. Жаран тав биш.(инээв) 91 настай америк өвгөн 30 настай монгол залуугийн харилцаа гардаг л даа.
-“Зураас” өгүүллэгийн тухай асуулт байна. Мэдрэл муутгасан хүний нийгэмд сэтгэлд торсон бүхнээ л хаана ч юм зурж амьдардаг юм биш үү бид? Эсвэл сэтгэлд торсон тэр зурааснууд чинь бидний нэрлэдэг "урлаг" гээч үү? Хүн бүр өөр өөрийнхөөрөө л зурна даа тийм ээ?
-Юун олон юм асуудаг юм. Нэгийг л асуугаач гэдэг билүү? (инээв)“Зураас” өгүүллэгийнхувьд бол хүний бие хийгээд оюун санаа хоорондын тусгаарлалтыг харуулах гэсэн санаа. Үүнийг сэтгэцийн өөрчлөлттэй хүн дээр авбал контраст нь тод, үнэмшилтэй очих болов уу гэж бодсон юм. Нөгөө талаасаа сэтгэцийн өөрчлөлттэй хүн өөрийн үндсэн чиг, юу гэмээр юм бэ дээ?орчин тойрныг үзэх үзэлдээ үнэнч байдаг учраас сэтгэж бодсон зүйлдээ шимтэнгүй байдаг гэж ажигласан. Энэ л чиг баримжааг уг өгүүллэгт биежүүлсэн хэрэг.
Сэтгэцийн өөрчлөлт хийгээд жирийн сэтгэц хоёр нь зэрэгцээ ертөнц юм. Бид тэднийг жир бусаар ойлгодог шиг тэдэнд ч гэсэн бид жирийн биш л байхгүй юу. Тэгэхээр тэдний урлан бүтээж буй бүхэн тэдэнд чухал бас нандин. Итгэл үнэмшил нь ч үнэ цэнэтэй. Төсөөлөн бодох чадвар нь ч ямар өндөр болохыг харуулахыг зорьсон. Тэр л өвс ногоо, хад асга, манан, нар мандах, тэгээд дэргэдийн хүнтэйгээ зохицон амьдрах, хайрын болон хармын сэтгэл, атаа хорсол нь хүртэл түүний хувьд ямар үнэн болохыг өөрөө уншсан болохоор мэдэж байгаа байх. Тэр өөрөө өөрийгөө хороож буй үйлдэл нь хүртэл ямар эрэлхэг гээч.
-Сүүлийн үед туужийн зэрэгцээ жүжиг, кино гээд олон төрлөөр идэвхтэй бичиж байна. Өөрөөр хэлбэл их суралцаж, сайн бүтээж байгаа. Уран зохиолын өөр төрлүүдээр бичиж туурвихад ямар өөрчлөлт гарч байна?
-Одоохондоо ёстой суралцаж л байна. Тайз, дэлгэцийн бүтээлийг бичих адармаатай, үргэлжилсэн үгийн төрлийг бодвол олон хүнээс хамаарсан, их суудаг, хар ажил ихтэй ярвигтай ажил даа. Өнгөрсөн жил УГЖ Хасар Жагаа ах, Урнаа эгч нартай хамтарч “Хайрлахын учир” хүүхдийн жүжиг хийлээ. Өнгөрсөн сард Өвөрхангай аймгийн ХДТ-т хоёр хүний “Нүрзэд хаачив” жүжиг тавигдсан. Ирэх сард Номадиа Пикчерсийнхэн болон О.Бат-Өлзий найруулагчтай хамтарч нэг кино нээлтээ хийнэ. Бараг л “Буруу өрөг” нэртэй гарч ирэх болов уу гэж найдна. Ярианы түвшинд нэг, гэрээний түвшинд хоёр зохиол явж байгаа. Оролдоод хэд гурван юмнууд гарахын хувьд гарсан ч өөрийнхөө ур чадварт чамлалттай л байна. Үнэнээ хэлэхэд болохоосоо болохгүй нь их юм.
Заримдаа буцаад ганц өгүүллэг бичих гэхээр ихээхэн “хатуурчихсан” мэт санагддаг. Уянга, нюанс, төсөөлөл, орон зай, цаг хугацаа, бодрол зэрэг нь хамт бичигддэг тул үргэлжилсэн үгийн төрлийг гоё болгодог. Тэгвэл тайз дэлгэцийн зохиолд нөгөөх уянга, ньюанс, орчин, ахуй өөр маягаар бичигддэг. Миний төсөөлж бичсэнийг жүжигчин, найруулагч, гэрэлтүүлэгч, зураач гэх мэт өөр хүний, өөр сэтгэхүйгээр илэрхийлэгддэг болохоор хэдий зохиолын дагуу ч гэлээ зарим зүйл төсөөлснөөс өөр болчихдог. Маш нарийн мэргэжлийн олон хүний сэтгэл зүрхээ шавхсан хөдөлмөрийн үр дүнд тайз дэлгэцийн бүтээл амилдагаараа их сонирхолтой төрөл шүү.
-Тайз дэлгэцийн төрлөөр бичихээр зохиолуудаа ном болгож хэвлүүлэх нь орхигдоод байна уу? Ногоон хавтастай “Дотроосоо” түүвэр гаргаснаас хойш нилээд хэдэн жил болчихлоо шүү?
-2016 оноос хойш ном гараагүй. Ноднин “Утгын чимэг”-т нэгийг, саяхан нэгийг дэлгэснээс бусдаар бол олон нийтэд дэлгээгүй нилээд хэдэн өгүүллэг бий. Он дамнаад эсвэл хавраас нэг түүвэр гарах болов уу гэж горьдоод л... Ер нь үхэхгүй юм шиг л залхуурч сууна гэж өөрийгөө зэмлэмээр л болох юм.
Үргэлжилсэн үгийн томоохон төрөлд хүч сорих тухай амбиц байгаа биз дээ? Эсвэл хэзээний юм хийчихээд гаргахгүй байна уу? Өөрийг тань роман гаргаад тавихад олон уншигч баярлана даа.
-Тийм гэж үү? Яг итгэлтэй байна уу? (инээв) Тэрийг чинь аван саван бариад авчихдаг ажил биш байхаа, миний хувьд шүү дээ. Өөрт чинь тэгдэг эсэхийг мэдэхгүй юм.
-Надад зарим зүйл тоон илэрхийллээр сэтгэлд буудаг. Хүүхэд байхын л тийм байсан. Жишээ нь тоо тоолох, хүрд уншихад өөрийн гэсэн диаграмм, төсөөлөл буудаг. 1-10 хүртэл босоо шугамд, 10-20 хүртэл тоолоход босоо шугамынхаа зэрэгцээгээр доош уруудаад 1-ийн тоог өнгөрөөд нилээн явах жишээтэй.
Роман гэхээр надад яагаад ч юм зуун жил, эсвэл тэддүгээр зуун гэх зэргээр буугаад байдгийн. Гэхдээ энэ Маркесийн Зуун жилийн ганцаардал ч юм уу эсвэл зуун дамжсан гэсэн утга санаа агуулаагүй юм шүү. Андуураад мушгив. Зүгээр л роман гэдэг нэг тийм оюун санааны урт холын аян мэт санагддаг гэж болно.
Тэгэхээр роман бол нүсэр ажил. Үүнийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө. Том ажил гэхээр үгийн тоо эсвэл хуудасны тоо, формат биш шүү дээ. Оюун санааны асар том давалгаа, эрчим хүч, онгод, энерги төвлөрч байж л бичнэ. Тэгээд мэдээж шинжилгээ, судалгаа, мэдлэг, чадвар, тэвчээр. Мөн зохиолчийн ертөнцийг үзэх үзэл, оюуны цараа суурь болж өгнө. Энэ гол нь...
Товчхон хэлбэл би роман бичиж чадахгүй байгаа. Үнэн гэдэг хатуу шүү дээ. Өөрийгөө хуураад, үг эвлүүлээд сууж болно, тэр амархан. Гэхдээ тэгж болохгүй ээ гэдгийг өнөөх түрүүн хэлдэг дотоод “үнэн” маань шивнээд байдаг юм.
Би заримдаа тархи зүрхэндээ бий болгосон дүрийнхээ оюун ухаан, сэтгэл сэтгэлгээг гүйцэхгүй юм байна шүү дээ. Тэнэг сонсогдож байна уу? Яагаад гэхээр Бишүү, романы дүр маань иймэрхүү хэмжээний хүн байх ёстой гэж мэдэж төсөөлөх атлаа миний дүрээ бүтээж буй үг хэл, үйл хөдлөл, сэтгэл зүрх, үзэл сэтгэлгээний хандлага жулдчихдаг. Энд л хамаг учир нь байгаа юм.
Хэзээ ч роман бичихгүй гэж бас хэлэхгүй ээ. Улсад тав давахыг хүсдэггүй бөх хаа байхав. Би нэг сайхан кинотой, нэг сайхан жүжигтэй, нэг сайхан романтай болохсон гэдэг хүсэлтэй хүн. Гэгээн амбиц биз дээ. Харин одоохондоо сумочид “Өдөр өдрийнхөө барилдааныг бодож байна” гэдэг шиг урдахаа л нухаж явна.
-Олон жилийн өмнө нэгэнтээ ярилцаж суухад "Хүүхдээ суулгаж сургамаар юм билээ" гэж таны хэлсэн нэг үг санаанаас гардаггүй юм. Таны авьяасыг өвлөж байгаа хүүхэд байгаа юу?
-Бид хоёрын Лос-Анжелесаар тэнэж асан тэр өдрүүдэд байхаа? Тэр үед том хүүгээ бодож хэлсэн болов уу. Сууна гэдгийг тэвчээртэй, махруу, тууштай байхыг төлөвшүүлэх гэдэг утгаар хэлсэн санагдана. Уран зохиолд ч тэвчээртэй, тууштай, оролдлоготой байх бас хамаарна шүү. Миний хүү багадаа Хүүхдийн урлан бүтээх төвийн баримлын дугуйланд явдаг байв. Хэдэн цагаар сууж юм хийдэг дугуйлан байсан. Хүүгийн маань нарийн мэргэжил эзэмших суурь тэгж тэвчээртэй сууж сурсанд л байдаг гэж боддог. Одоо тэр нөхөр АНУ-ын Пүрдү-гийн Их сургуулийн Биологийн лабораторид шинжлэх ухааны ажилтан хийдэг доктор хүн бий. Охин маань энд хэлний сургуульд багшилдаг. Бага хүү маань дунд сургуулийн сурагч. Утга зохиолын салбарын бичиж туурвих руу хандсан хүүхэд одоогоор алга.
-Та Mplus (М+), WorldPlus W+ гээд шинэ үеийн бизнесийнхэнтэй ажиллаж байгаа. Энэ бизнесийнхээ байдал, төлвөөс хэлээч?
-Тийм ээ, шижигнэсэн залуусын дунд ажилладаг. Эхлээд тэд маань MPlus (М+) апп-ыг бүтээсэн. Энэ апп-д унших ном, сонсох ном, сэтгүүл, подкастууд байдаг. Манайхан өмнөх туршлагадаа түшиглэн World Plus (W+) апп-ыг энэ онд хийсэн. Энд дэлхийн нэрд гарсан 500 орчим сэтгүүл 6 хэлний сонголттойгоор байдаг юм. Дэлхийн нэр бүхий сэтгүүлийг уншихыг хүсвэл дээрх апп-ыг гар утсандаа татахад л хангалттай. Цаг алдахгүй, хил хязгаарын гачаалгүй, үнэ өртөггүй гэж бодохоор гайхамшигтай шүү.
Хамт олныхоо шинэ цагийн мэдээллийн технологид тулгуурлсан бүтээгдэхүүнийг харахад үнэхээр биширмээр л дээ. Монголынхоо ирээдүйн эздийн дунд "цовоожиж”, бүтээлч залуусын гэгээ дүүрэн харц, ирээдүй өөд зорьсон итгэл үнэмшил, тэмүүллийн дунд ажиллаж, амьдарч яваа минь аз юм даа. Амьдрал сайхан шүү.
-Танд баярлалаа. Уран бүтээл, аж амьдралын гэгээн сайхныг хүсье.
-Өөрт чинь амар амгалан хийгээд сайхан бүхнийг хүсье...
Д.Бишүүгарам
Улаанбаатар 2019
Сэтгэгдэл ( 2 )
Buteel huleej bga shu tand mash ih uram zorig shan buhniig husey.unshigch fan s ni
Saihan bichdeg sain zohiolch gej boddog.Unshih bas sonsoh durtai.Uran buteeliin undur amjilt husie ee.\n