УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 84.1 хувийн саналаар баталлаа. Мөн 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хуулийг дагаж мөрдөх тухай заалт бүхий УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэж, 74.4 хувийн саналаар батлав.
Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгаад байгаа аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Би энэ системд ажиллаж байсан хүний хувьд хуулийн зохицуулалтгүй явж ирсэн болохыг хэлэх байна. Харин одоо төрөөс бодлогоор дэмжих хууль гарч байна. Хуулийн үйлчлэлээр боловсон хүчин чадавхжиж, IP TV эрхлэгчдээс 15 хувиас доошгүй орлогыг хурааж авна гэдэг том зохицуулалт орлоо. Мөн олон сувгийн үйлчилгээ үзүүлэгч, кабелийн телевизүүдийг дэмжих заалтууд бий. Цаашид телевизүүд сайн контент бэлтгэх боломж энэ хуулиар бүрдэнэ. Нөгөө талаар хариуцлага нэмэгдэж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн М.Билэгт “Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд байгаа идээ бээрийг нотлох баримтад үндэслэн гаргаж ирдэг. Үүнийг дагаж хууль хяналтын байгууллага шалгаж ажилладаг. Телевизүүдээс гадна хувийн сайтуудын контентууд хөгжиж байгаа. Эдгээрийг зөв талаас нь дэмжих нь чухал” хэмээлээ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Бид 1990 он хүртэл нэг телевизтэй явж ирсэн бол өнөөдөр өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулах 88 телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх 85, олон сувгийн үйлчилгээ эрхлэх 51 тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй болж эрчимтэй хөгжиж байна. Нөгөө талаар чанаргүй контент бэлтгэх, зар сурталчилгаа хэт ихсэх, хоорондоо ялгаагүй мэдээлэл гаргах зэрэг байдал гардаг. Хууль батлагдсанаар салбар тогтвортой хөгжих боломж бүрдэнэ. Түүнчлэн сэтгүүлчийн хараат бус ажиллах боломжийг зохицуулж байгаа. Миний бие орон нутагт ажиллаад ирлээ. Одоогоор 58 телевиз орон нутагт ажиллаж байна. Орон нутгийн телевиз, радионууд тусгай сангаас дэмжлэг авах боломжтой юу” хэмээн асуухад Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга А.Лувсан-Очир “Хуульд “Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сан” байгуулахаар тусгасан. Санг улсын болон орон нутгийн хөрөнгө, хандив тусламж, бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Хууль Улаанбаатар болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйлчилгээ эрхлэгчдэд хамаарч үндэсний бүтээл, хүүхэд, танин мэдэхүй, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана” хэмээн хариулав.
* * *
НДШ-ийн нэмэгдэлд тавьсан хоригийг хүлээж авлаа
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэв.
Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн:
1. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн,
2. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн,
3. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн,
4. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус хориг тавиад байсан юм.
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Ерөнхийлөгч сүүлийн гурван жил дараалан хориг тавьж байна. Энэ удаагийн хориг илүү улс төрийн үг агуулгатай болжээ. Би УИХ-ын сүүлийн жилүүдэд төсвийн сахилга бат сайжирсан гэж үзэж байгаа. 17 хувьд хүрээд байсан төсвийн алдагдал 5.1 хувьд буурч, парламентын хяналтгүй явж байсан татвар төлөгчдийн мөнгө хяналтад орж ирсэн. Өнөөдрийн байдлаар аймгийн ИТХ хуралдчихсан, сумдын ИТХ хуралдах гэж байгаа. Ийм нөхцөлд улсын төсвийг засах боломжгүй. Сүүлийн үед жалга довны үзэл гэж ярих болж. Тэнд бас монгол хүмүүс амьдарч байгаа. Тэр хүмүүс төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах эрхтэй. Манай тойрог дээр 2012-2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван барилга баригдсан. Харин 2016 оноос хойш 34 төслөөр барилга, зам баригдсан. Зайлшгүй хийх ёстой ажлууд байсан юм шүү. Гурван суманд 1960-1970 оны соёлын төвтэй байсныг шинэчилсэн. Тэгэхээр орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Тиймээс төсөвт тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй. Харин Нийгмийн даатгалын шимтгэлд яригдаж байгаа 2 хувийн шимтгэлийг хаа хаанаа ярих ёстой. ОУВС-тай 2017 онд тохирсон асуудал. Өнөөдөр гаргасан шийдвэр биш. Нийгмийн даатгалын сан хүндрэлтэй, цаашдаа алдагдал нь нэмэгдэх магадлалтай, иргэдийнхээ тэтгэврийг тавих боломжгүй болох хэмжээнд байгаа. Үе шаттайгаар НДШ-ийг нэмэгдүүлэх нь гарц үзэж үзэж байсан. Би НДШ-ийг 2 хувиар нэмэх нь ажил олгогчдод хүнд тусаж байгааг ойлгож байна. Хэрэгжилт дээр төлөвлөсөн орлого орж ирэхгүй байх магадлалтай тул Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй. Ер нь нийгмийн даатгалынхаа тогтолцоог шинэчлэх шаардлагатай. НДШ-ээс орж ирж байгаа мөнгөн хөрөнгийн менежментийг хийх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ажил хэрэгч хориг биш нэлээд улс төрийн өнгө аястай хориг байна. Тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх чиглэлээр гаргалгаа гаргасан зүйл огтхон ч алга. Уг нь хориг цаанаа тавигдах гэж байгаа асуудалтай холбоотой нөхцөл байдлыг дүгнэсэн судалгаа шинжилгээтэй байх ёстой. Гэтэл өөрсдийнхөө гаргасан алдааг бусад руу түлхэж байгаа юм шиг хориг болж. Тэгэхээр хоригийг огт хүлээж авах боломжгүй. Монгол Улс 2012-2016 онд авсан зээлээ төлж чадахгүй болтлоо дампуурсан. Төсвийн сахилга бат битгий хэл төсөв гэдэг зүйлийг байна гэж хэлэхэд хэцүү болтол улс орныг удирдаж байсан цаг үе гурван жилийн өмнө байсан. Одоо бүх зүйл сайхан болсон гэж хэлэхгүй ч цэгцэрч байгаа. Хүнд хэцүү үедээ ОУВС-гаас тусламж гуйсан үе бол 2017 оны дөрөвдүгээр сар. Байдал гайгүй болоод ирэхээр хамтарч байсан байгууллагатайгаа тохирсон зүйл хамаагүй гэдгийг Монголын төр хориг тавих замаар илэрхийлж байна. Бид тохирсон зүйлээ хэрэгжүүлдэггүй, худлаа ярьдаг гэж Монголын төрийг ярьдаг ойлголтыг эвдэх гэж ажиллаж байна. Гэтэл дахиад ийм зүйл руу явуулах гэж байна. Монгол Улс дэлхийн бусад оронтой хөл нийлүүлэхийн тулд худлаа хэлэх ёсгүй” гэв.
Ингээд Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 70 хувиар, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан хоригийг 73.2 хувиар, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хорийг 75.6 хувиар тус тус хүлээж авсангүй. Харин Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын гишүүд 51.2 хувийн саналаар дэмжсэн юм.
* * *
Ц.Нямдорж: Өмгөөллийг дэмжинэ гэснээ хориг тавьсныг гайхаад байна
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хоригийг УИХ хэлэлцэж, олонхын саналаар хүлээж авахгүй гэж шийдлээ. Ерөнхийлөгчийн зүгээс Монголын Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дордуулах, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх, давхардмал чиг үүрэгтэй Өмгөөлөгчдийн холбоог хуулиар дахин байгуулах шаардлагагүй хэмээн үзэж, Өмгөөллийн тухай хуулийн Өмгөөлөгчдийн холбоо байгуулахтай холбогдсон 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1.14, 14.1.15 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 17, 18, 19 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэг, 32, 33, 34, 35, 36, 37 дугаар зүйл, Зургаадугаар бүлэг, Долоодугаар бүлэгт хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд тус тус бүхэлд нь хориг тавиад байв. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Одоо батлагдаж байгаа хуулиар Өмгөөлөгчдийн холбоо дотроо бүхнээ шийддэг болж байгаа. Прокурор, шүүгчид хуульчдын холбооны ажилд оролцохоо болиод удсан нь үнэн. Албан тушаалтайгаа байхын тулд янз бүрийн хүнийг холбоонд ажиллуулж байгааг үгүйсгэхгүй. Өмнө нь Ерөнхийлөгч өмгөөлөгчдийг хүлээж аваад хуультай болохыг дэмжинэ гэж байсан. Гэтэл хориг тавьсныг би гайхаад байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт өмгөөлөгчдийг хүний эрхийн төлөө явдаг болгох хуультай болгоно гэж заасан” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
дэлхийн банк валютын сангууд эдийн засгын алуурчидтай хамтардаг