Нийслэлээс Сүхбаатарын талбайг тойруулан өндөр үнэтэй боржин чулуу байршуулсан нь олны хэл амны бай болж байна. Чухам энэ хэдэн чулуу хэнд саад болчихоод ийнхүү хараан зүхээд байгааг ойлгох юм алга. Аюулгүй байдал, хотын өнгө үзэмж талаасаа ч буруушаах зүйл харагдахгүй атал юунд шуугина вэ. Гэтэл шуугиан дундаас хотын удирдлагууд талбай тойруулж тавьсан боржин чулуунаас мөнгө завшсан гэх үгс нисэлдэж эхэлжээ. Хотын дарга С.Амарсайхан нар хэдэн боржин чулуунаас мөнгө саах жижиг гар биш учраас Хотын даргаа өмөөрмөөр санагдлаа.
Хамгийн наад зах нь ихэс дээдсийн морилдог Бага Тэнгэрийн амнаас хойш, Хатан Туулын эрэгт тэмдэглэгдсэн дөрвөн га газарт Хотын Мэрийн хамаарал бүхий “Зүүнбаян рефайнери” компанийн аялал жуулчлал, зочид буудлын чиглэлээр байшин барилга босгож байсныг бид мэднэ. Мөнгөөр үнэлэх аргагүй энэ газарт барилга байгууламж босгож байсан хүн хэдэн боржин чулуунаас мөнгө унагаах гээд зогсох уу. Бод доо. “Бурхан гуйсан ч өгөхгүй” тангарагтай энэ газраас өмчилж авна гэдэг захын нэг нөхрийн хийчих ажил биш ээ.
Улаанбаатарын диваажин болсон энэ газарт үйл ажиллагаа явуулж байсан “Зүүнбаян рефайнери” компани нь Хотын даргын төрсөн ах С.Уламбаярын нэр дээр байдаг гэхээр түүний нэг эзэмшил гэж шууд бусаар ойлгогдоно. Ганц С.Амарсайхан дарга ч биш, төрд алба залгуулж байгаа нөхдийн ар талд ах дүү амраг садангийнх нь нэр дээр эзэмшил газар бүү хэл орд газар ч байдаг нь нуух зүйл биш.
Нэг муу компани бол захын асуудал учраас хотын даргыг буруутгах ямар ч үндэслэл алга. Тэгэхээр та нар андуурч хардаж болно. Гэхдээ энэ бол биш шүү. Манай Хотын дарга тэгэх хүн биш. Туулын ай сав газарт бургас хядаж, босгосон барилгын ажлыг нь зогсоосон байх магадлалтай учраас мөнгө хэрэг болсон гэж үзэх гээд байна уу. Бас л андуурчээ. Түүний наймааны хөлөг дээр дараагийн нүүдэл ямагт байдаг.
Тэгвэл Зайсан толгойн ард байрлалтай “Зайсан Хилл” хэмээх соёл амралтын тансаг зэрэглэлийн цогцолборын тодорхой хувийг С.Амарсайхан даргын ойрын хүн эзэмшдэг гэдгийг хэвлэл мэдээллүүд дэлгэдэг. Ийм хэмжээний эдлэн газар объект эзэмшдэг хүн хэдэн боржин чулуу мэрээд сууж байх уу, битгий эндүүр. Тун арга мухардсан цагт Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр гэж Монголын тэрбумтан ах нь бий. Хотын дарга өөрөө ч ахынхаа “Оюуны Ундраа” группыг удирдан чиглүүлж байсан намтартай. Монголын нэртэй бизнесмэн ахтайгаа нам эвсэл өөр ч бизнес хамт л байж таарна. Ил биш ч далд байх биз. Харин хотын төсвөөр сүлэлдсэн зүйл байхгүй гэж найднам. Нам эвсэл өөр байлаа ч “Уруул дордойвч элэг дордойхгүй” гэдэг байх аа. Тэгээд ч хотын дарга маань ахынхаа гарыг хараад суух хүн биш. Аль эрт бизнесээ хөл дээр нь босгосон хүн.
Монголчууд бид эртнээсээ “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг. Түүний хувьд АНУ-ын Калифорны Пресно хотын коллеж, Англи улсын Метрополитен коллеж, АНУ-ын Лос-Анжелес хотын коллеж, АНУ-ын Соут Вейстерны их сургуульд тус тус суралцаж, биеэ зассан хүн. Олон жил бизнес хийж, дараа нь НИТХ-ын төлөөлөгчөөр арав гаруй жил ажиллаж байгаа гэхээр санаанд багтамгүй олон сургуулийн нэрс түүний намтарт бий. Наснаас нь давсан хугацааг санагдуулах энэ олон сургуульд сурсан гэхэд нэг л итгэл төрөхгүй байгаа нь миний буруу байж болох юм. Гэхдээ бизнесийн цаг наргүй орчноос улс төрийн бүр ч чөлөөгүй орчинд ирсэн хүнд ахадсан харагдах нь миний буруу юу байхав. Намтарт андуурагдаж, илүү зүйл бичигдээгүй бол С.Амарсайхан шиг биеэ бэлдсэн улстөрч энэ Монгол Улсад байхгүй л болов уу.
Эх сурвалжид тэмдэглэн үлдээснээс харвал Зайсан толгойн ард байрлах 1.5 га газрын нэг мкв тутмыг нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс 10 дахин хямд буюу 13.200 төгрөгөөр, нийтдээ 19.8 сая төгрөгөөр дахин худалдаж авсан гэжээ. Улсын тусгай хамгаалалттай бүсэд хямд үнээр худалдан авсан энэхүү газар нь маргаан дагуулсантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар эзэмших эрхийг нь цуцалсан боловч удалгүй буцаан сэргээсэн гэдэг. Мөнхүү Буянт-Ухаа спорт цогцолборын хажууд байрлах 25 га газрыг эрхэм даргын ах, дүүгийн эзэмшилд байдаг гэдгийг нэгэн хэвлэлийн хурлаар нийтэд дэлгэж байсан. Түүнчлэн НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун “Хотын дарга С.Амарсайхан нийслэлийн нутаг дэвсгэрээс 50 га газрыг Хятадын Тяньжин Фүүдс компанид хүлэмжийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан” хэмээн мэдэгдэж байсан. Ийм хэмжээний бизнестэй хүнийг гэрээ зассан гэхгүй өөр яах юм. Гэрээ засна гэдэг гэр бүлээ бүрдүүлэхээс гадна хөрөнгө мөнгөний л асуудал биз дээ. Төрөө засах гэж байгаа хүн гэрээ засахаас өөр аргагүй учраас ил далд янз бүрийн бизнес эрхэлж байж сая их улс төрд хөл тавихгүй бол болохгүй. Улс төрд мөнгөгүй хүн бол юу ч биш.
Одоо тэр төрөө засахаар явна. Нийслэлийн Төв талбайд байнга л жагсаал цуглаан болж, олныг хамарсан үйл явдал ч болж байсан нь саяхан. Тэгэхээр Сүхбаатарын талбай тойруулан боржин чулуу тавьж байгаа нь төрөө засах гэж байгаа хүний ажил шүү дээ. Төрөө засна гэдэгт ард түмний аюулгүй байдал ч хамаарна. Учрыг тодруулбал, Сүхбаатарын талбай дээр элдэв жагсаал цуглаан болдог. Энэ үеэр санаатай санамсаргүй үйлдэл зөндөө л гарч байдаг. Төв талбай руу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн нэвтэрсэн, автомашин хулгайлсан иргэн зугатаж явахдаа жуулчин мөргөсөн, жагсаал цуглааны үеэр автомашин шатаах гэж оролдсон гэх зэрэг хэргүүд гарч байсныг та бүхэн сайн мэднэ. Энэ нь бүгд хүний амь нас эрүүл мэндэд заналхийлсэн үйлдэл учраас энэ хэдэн боржин чулуу лавтай автомашин нэвтрүүлэхгүй гэж хотын дарга үзжээ. Нөгөө талаар Төв талбайн өнгө үзэмжинд нэгэн өнгө нэмсэн зүйл гээд буруутгах зүйл алга. Гэтэл яагаад үүнийг буруутган шуугиад байгаа юм. Төр улсаа, тэнд цугласан ард түмнээ хамгаалах гэж байгаа юм. Юун мөнгө төгрөг авах. Жагсаал цуглаан болж, хөөрсөн хэн нэгэн автомашинтай дайран орвол тэнд байгаа хүмүүсийн амь юу болох вэ. Энэ нь эцэстээ ард олны аюулгүй байдлыг л хангасан хэрэг.
Төрийн тусгай хамгаалалтын газраас чулууг дөрвөлжин хэлбэртэй тавьснаар суурь сайтай, хөдөлгөөнгүй болж байгаа юм. Америк, Орос, Герман, Япон гэх мэт олон орны төрийн ордны дэргэд дөрвөлжин хэлбэртэй чулууг байрлуулсан байдаг. Сүхбаатарын талбайд олон нийтийн арга хэмжээ их болдог. Төрийн ёслол, хүндэтгэлээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс их цугладаг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс энэ чулууг тавьсан гэдгийг тайлбарласан. Энэ бүгдээс үүдэн дахин дурдахад, С.Амарсайхан даргад буруу байхгүй бөгөөд тэр хэдэн боржин чулуунаас мөнгө унагаах гээд сууж байх хэмжээний бэлтэй нөхөр биш. Тэрбумтан ах нартай, тэрбумтан дарга гэдгийг хэрхэвч мартаж болохгүй.
Сэтгэгдэл ( 8 )
Би чулуу мэрэхгүй, бургас хядна
Энэ хэдэн цагаан дөрвөлжин чулуу юу ч биш ээ.Монголчуудаа энэ төрийн элдэв балай үйл ажиллагааг эсэргүүцэж ирэх жил сонгууль өгөхгүй юм шүү.Бидэнд сонгууль өгснөөр ямарч сайн үр дагавар байхгуй.Төрийн баячуудын халаасанд орох мөнгийг багасгая
Зсс пялдагаараа захиалж бичүүлсэн бн зайлаач
Юу юм бэ?Монгол улсад хашаа хайс мундаагүй байх аа.Хэн талбай дээгүүр машин,морьтойгоо давхиад байгаа юм бэ?Үзэгдэх байдал нь ч гэсэн бурханы цэцэрлэгт хүрээлэнтэй төстөй санагдаад байна нэр цэцэг хоёроос бусдаараа
юу вээ ёстой захиалгаар пялдагадана гэдэг чинь энэ бичвэр бна даа ёооё тэрбумтан ах нартай ч гэх шиг хэнийг шулж мөнгөтэй болсон бол доо чөтгөрүүд
Хулгайч байж юунд нь баярхаа вэ. Монгол түмнийг мал гэж бодоо юу. Хуурч хулгайлж гүжирдээд сайхан амьдрана гэж бодвол горьдсоны гарз шүү. Бурхан шудрага шийтгэлээ ноогдуулана. Тайлбар сонсож хууртахгүй нь тодорхой. Бурхны цээрлэлээс зайлах арга байхгүй
яасан их баярхаав яаж баяжснийг шалга захиалгаар бичихдээ хэдийг өгсөн вэ
Amarsaihan darga sain ajillaj bgaa amjilt