АНУ-ын “Tesla” компанийн хувьцааны үнэ огцом өсжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

АНУ-ын “Tesla”компанийн хувьцааны үнэ 3.96 хувиар өсөж, нэг ширхэг нь 421.82 ам.долларт хүрчээ.

Тус компани Шанхай дахь өөрийн үйлдвэрийн санхүүжилтэд зориулан Хятадын банкуудтай 10 тэрбум юань буюу 1.4 тэрбум ам.долларын зээлийг таван жилийн хугацаатай авах талаар тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэл хэвлэлээр гарсны дараа ийнхүү хувьцаа нь огцом өсжээ.

Урьд өмнө тус компанийн хувьцааны үнэ ийм өндөр түвшинд хүрч байгаагүй бөгөөд Зул сарын баярын өмнөх арилжаагаар ийм амжилт үзүүллээ гэж CNN агентлаг онцолжээ.

Тэгвэл “Tesla” компанийн гол өрсөлдөгч хэмээгддэг АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Rivian” компани 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт мөн татаж чаджээ. Тус компанид “BlackRock, “T. Rowe Price”, “Amazon”, “Ford Motor” зэрэг компаниуд хөрөнгө оруулсан байна. Энэ онд тус компани нийт гурван тэрбум ам.долларын хөрөнгө босгосон бөгөөд “Amazon” болон “Ford Motor” корпорацууд их хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. “Rivian” компани “Amazon” компанитай хамтран цахилгаан хөдөлгүүртэй ачааны тэрэг бүтээж байгаа бөгөөд 2021 онд 100 мянган ийм тэрэг зах зээлд гаргахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top