БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Хойд Солонгос цөмийн туршилт, пуужин хөөргөх хөтөлбөрөө сэргээхэд бэлэн хэмээн мэдэгджээ.
Хойд Солонгосын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, АНУ Өмнөд Солонгостой хамтран зохион байгуулдаг цэргийн сургуулилтаа сэргээж, Пёньяны эсрэг хориг арга хэмжээ авсан тул тус улсын эрх баригчид ийм шийдвэр гаргасан байна. “Ийм нөхцөл байдалд хоёр талын тохиролцооны дагуу хүлээсэн үүргээ дангаараа биелүүлэх үндэслэл байхгүй” хэмээн Ким Жон Уны мэдэгдэлд дурджээ.
Ким Жон Ун удахгүй БНАСАУ-ын шинэ цөмийн зэвсгийг дэлхий дахин харах болно гэж сүрдүүлжээ. Гэхдээ тэрбээр энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Үүний сацуу Хойд Солонгосын удирдагч АНУ тус улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээг ойрын үед цуцлах магадлал тун бага тул “бүсээ чангалахыг” ард түмэндээ уриалжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ким Жон Уны зүгээс хэлсэн үгээ биелүүлнэ хэмээн итгэж буйгаа илэрхийлсэн бол Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгос дайныг бус, энх тайвныг сонгоно гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )