Хатан хаан II Элизабет Харри, Меган нарт шилжилтийн хугацаа олгожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

Их Британийн хатан хаан II Элизабет ач хүү Харри, түүний гэргий Меган Маркл нарт Канад, Британид “шилжилтийн үе”-ийг өнгөрүүлэх зөвшөөрөл олгожээ.

“Шилжилтийн” гэх үед хатан хааны гэр бүл Сассексийн гүн Харри, гүнгийн авхай Меган Марклын хааны гэр бүлийн гишүүдийн эрх ямбаас татгалзсантай холбоотой үүсээд буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх аж.

Хатан хаан Харри, түүний ах Уильям, тэдний эцэг хунтайж Чарльз нартай “маш бүтээлч” уулзалт хийсэн гэж мэдэгджээ.

Канадад буй Меган  энэ ярилцлагад онлайн оролцсон аж.

“Хатан хааны гэр бүл болон миний бие Харри, Меганы нарын залуу хосын хувьд  шинэ амьдрал зохиох хүслийг бүрэн дэмжиж байна” гэж 93 настай хатан хаан уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ дурджээ. “Хэдийгээр тэднийг хатан хааны гэр бүлийн бүрэн эрхт гишүүнээр үлдээхийг илүүд үзэж буй ч бидний зүгээс тэдний бие даан амьдрах хүсэл зоригийг хүндэтгэн, ойлгон хүлээн авч байна. Тэд хатан хааны гэр бүлийн үнэт хэсэг хэвээр байх болно” гэж II Элизабет онцолжээ.

Хатан хааны хэлснээр, хосууд санхүүгийн хувьд хараат бус байхыг хүсэж буйгаа илэрхийлсэн ч хэргэм зэргээ үлдээх эсэх асуудлыг хөндөөгүй аж.

Хатан хааны гэр бүлд шийдвэрлэх олон асуудал байгаа тул Сассексийн гүн, гүнгийн авхайд “шилжилтийн хугацаа”-нд Канад, Их Британид өнгөрүүлэхийг зөвшөөрсөн хэмээн мэдэгджээ.

Ханхүү Харри, Уильям нар тэр хоёрын хооронд үл ойлголцол үүсээд буй талаар хэвлэлүүдийн хардлагад хариу өгч, хамтарсан мэдэгдэл хийв. Сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой асуудалд онцгой ач холбогдол өгдөг ах дүүгийн хувьд өдөөн хатгасан “хортой хэл, яриа”-г гутаасан, хортой үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Арванхоёрхон насандаа ээжийгээ алдсан Харригийн хувьд сэтгэл зүйн эрүүл мэнд чухал болохыг тэрбээр нэг бус удаа онцолж байсан билээ.

Сассексийн гүн, гүнгийн авхай нар 2020 оныг “шилжилтийн үе” хэмээн нэрлэж, энэ хугацаанд өөрсдийн шинэ үүргийг тодорхойлж, Сассексийн буяны байгууллага байгуулж, өөрсдийн орлогын эх үүсвэртэй болох зорилго тавиад байна.
 


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top