Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар сэтгэлийн хаалга тогшиж, битүүхэндээ энэ баярт хүн бүр л бэлдээд эхэлжээ. Нэгэнтээ коммунист хэмээх цаг үеийн “шорон”-д хүртэл хоригдож байсан Цагаан сарын баяраар импортоор орж ирсэн хямд чанаргүй бараа бус үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүрээнд Монгол шошготой бараа бэлэглэх, үндэсний мөнгөн тэмдэгтээ хүндэтгэн барих тухай яриа хаа сайгүй түгэж байгаад бүгд л талархалтай байна. Учир нь Цагаан сарын цаана ураг төрлийн алтан хэлхээ, ахмад настнаа хүндлэх, нялхсыг асрах, уламжлал соёлоо дэлгэрүүлэх гээд үндэстэн оршихын асар том шалтгаан бий.
Энэ баяраар шинэлээчид болгоны гарыг цайлгадаг уламжлалтай. Тиймээс нэгэндээ хэрэгтэй зүйл өгөхөөс гадна үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь хамгийн зөв санаа юм. Хариас авчирсан өнгө зүс сайтай ч хямд оймс бус эх орондоо үйлдвэрлэсэн тэмээний ноос, сарлагийн хөөврөөр хийсэн оймс өгөх нь үнэ цэнтэй. Импортын ганган хийцтэй ч чанар муу цамц бэлэглэж байхаар ямааны ноолуураар эх орондоо үйлдвэрлэсэн цамц бэлэглэх нь даанч өгөөжтэй. Энэхүү бэлэг үнэ цэнтэй байхаас гадна хөлсөө дуслуулж бүтээсэн үндэсний үйлдвэрлэгчдийн хөдөлмөрийг үнэлж байгаа хэрэг. Тэр тусмаа цас бороо, цагийн дөрвөн эргэлтэд мал сүргээ адуулж байгаа малчдынхаа амьдрал ахуйд нэмэр болж байгаа юм. Том агуулгаар нь аваад үзвэл Монгол Улсын эдийн засагт иргэн та хувь нэмрээ оруулж байгаа явдал. Монгол Улс өөрөө мал аж ахуйн орон шүү дээ. Мал аж ахуй, үйлдвэрлэл эрхэлж байгаа бүр л хүн улсдаа татвар төлж байгаа учраас дотоодын эдийн засгаа тэтгэхэд та бага ч атугай хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Ийм л үнэ цэнтэй, агуулга томтой уриалга гаргаж байгаад баярлаж сууна. Баярлаад суух ч бус манай хэвлэл мэдээллийн байгууллагаас ч ташуур өгөн дэмжиж, энэ тал дээр уриалж байгааг дуулгахад таатай байна.
ЦАГААН САРЫГ ХҮННҮГИЙН ҮЕЭС ТЭМДЭГЛЭЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ
Цагаан сар бол хорьсон ч хийдэг, хориогүй ч хийж ирсэн Монгол түмний уламжлалт баяр. Доктор, профессор Д.Хүүгийн “Монгол зохиолын аман дүрслэл-II” /2010/ ном болон бусад эх сурвалжид өгүүлж байгаагаар Түмэн шаньюу, Модун шаньюу хаад орд өргөөндөө ахмад буурлуудаа цуглуулан идээ будаагаар дайлж, гарын бэлэг өгдөг байсныг дурджээ. Тэгэхээр монголчууд ойролцоогоор 2000 жилийн өмнө буюу Хүннү гүрний үед Цагаан сарын баярыг тэмдэглэж, ахмад буурлуудаа хүндэтгэн, гарыг нь цайлган бэлэг түгээдэг байжээ. Бид удахгүй болох Цагаан сарын баяраар нэгэндээ өгөх бэлгэндээ ихэд анхаарах нь зүйн хэрэг боллоо. Түүхээ харсан ч тэр, уламжлалт соёлоо бодсон ч тэр, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн зэрэгцээ нэгэндээ хэрэгтэй, түүх уламжлалаа хадгалсан бэлэг өгөх нь бүх талаараа яв цав нийцэж байна. Нөгөө талаар энд эх оронч үзэл ч цухалзаж байгааг анзаарч байгаа байх. Нөгөө талаар үндэсний мөнгөн тэмдэгтээр бэлэг барихад юу нь болохгүй гэж. Гүрэн улсын мөнгөн тэмдэгт гэдэг бол өөрөө аугаа зүйл.
ИШБАЛЖИР БОЛОН Л.ТЭРБИШИЙН ЗУРХАЙ БОЛ ЧИНГИС ХААНЫ ГАРГАСАН ЗУРХАЙ
Цагаан сарын баярыг эзэн Чингисийн үед өргөн дэлгэр тэмдэглэж байсныг В.Инжинаашын алдарт “Хөх судар” романд өгүүлжээ. Үүнд Чингис хаан 1206 онд өргөөндөө ахмадуудаа хүлээн авч идээ будаа цайлж, гарын бэлэг өгсөн байдаг. Мөнхүү энэ үеэр өөрийн зурхайгаа танилцуулсныг тодорхой дурдсан нь бий. Өдгөө бидний мөрдөж буй Л.Тэрбишийн Төгс буянтын зурхай бол Чингис хааны зурхай гэдгийг түүхчид нэгэн зэрэг батлан өгүүлсэн байдаг. Төгс буянт зурхай өөрөө учир утгатай зохиогдсон аж. Энэ тухай доктор профессор Д.Хүүгийн “Монгол зохиолын аман дүрслэл-II” /2010/ номд дурдахдаа хятадууд монголчуудыг дуурайн Цагаан сарыг Еэвэн сар хэмээн нэрлэн адил цаг хугацаанд тэмдэглэж эхэлжээ. Тэгэхээр нь Чингис хаан Төгс буянтын зурхайг зохиож, цаг хугацааг зөрүүлсэн нь өдгөө ч хадгалагдаж ирсэн байна. Өнөөдөр Монголын Цагаан сар, Хятадын Еэвэн сар нэг сар орчмын зөрүүтэй хийгдэж ирсэн нь ийм учиртай аж. Бидний хамгийн сайн мэдэх олонх эх сурвалжид Төгс буянтын зурхайг 1747 онд Хөх нуурын зурхайч Сүмбэ хэмээх хамба лам Ишбалжир Монгол орныхоо газрын хуваарьт тохируулан Төгс буянт шинэ зурхай хэмээх Монгол одон орон зурхайг зохиож сургууль байгуулсан түүхтэй. Энэ хоёр эх сурвалжаас харвал Төгс буянтын зурхай уламжлагдан шинэчлэгдэж ирсэн бололтой. Тодотговол, Чингис хаан Хятадын Еэвэн сараас зөрүүлэх замаар монголчуудын онцлогт тохируулан гаргасан бол Ишбалжир Монгол орны цаг агаар, газар зүйн байршилд тохируулан илүү боловсронгуй болгосон байх магадлал байна. Учир нь “шинэ зурхай” хэмээн онцолсон. Магадгүй, Л.Тэрбиш зурхай ч илүү боловсронгуй болгосон зүйл байхыг үгүйсгэхгүй. Хараахан өөрөөс нь тодруулсангүй. Нэгэн зүйлийг хэлэхэд ихэнх сурвалжид Чингис хаан Цагаан сар тэмдэглэж байсан тухай дурдахдаа 1207 он гэсэн байдаг. Тэгэхээр МНТ-ноос харвал Чингис хаан 1206 онд Монголын бүх овог аймгуудыг нэгтгэсэн учраас энэ сурвалж нь зөв байх талтай. Хятадын Еэвэн сараас зурхайгаа зөрүүлж хийсэн зэрэг нь ийн хэлэхэд хүргэж байна.
БЭЛГЭЭ ТӨДИЙГҮЙ ШИРЭЭГЭЭ Ч МОНГОЛ БРЕНДЭЭР ЧИМЭХ НЬ АГУУЛАГТ НИЙЦНЭ
Бид л сайн ухаж мэдэлгүй харийн хямд өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээр нэгнийхээ гарыг цайлгаж, ёс төдий тэмдэглээд байгаа болохоос биш ихэд утга учир байгааг түүхийн үнэт сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ. Ажихад эзэн Чингис хаан ургийн хэлхээг алдагдуулахгүй, үндэстэн оршихын нэгэн том шалтгаан нь Цагаан сар хэмээн үзэн ач холбогдол өгч байсан нь илт. Бид үндэсний уламжлалт баяраар үндэсний бүтээгдэхүүнээ бэлэглээд зогсохгүй, хүнс ахуйдаа ч үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн хэрэглэх нь утга нийцэж байгааг харж байна. Цагаан сарын баяраар идээ засахаас эхлээд ууц тавьж, элдэв амттан, ногоо цагаа, архи дарс сөгнөдөг уламжлалттай. Тэгэхээр бидний баярын ширээний идээ будаа ч Монгол байх, архи дарс ч үндэсний үйлдвэрлэгчдийнх байх, хэрэглэж байгаа даршилсан ногоо ч Монголд үйлдвэрлэсэн байх шаардлага зүй ёсоор тулгарчээ. Жишээ нь “Урбанек”-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр ширээгээ чимлээ гэхэд бидний оруулсан бага ч атугай мөнгө тэнд ажиллаж байгаа олон ажилчдад цалин болж очиж байгаа хэрэг. “Урбанек” бол өвөл зунгүй өөрсдөө ногоогоо тарьдаг, өөрөөр хэлбэл эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан бүтээгдэхүүнээ савладаг юм билээ. Энэ утгаараа ногоочдынхоо хөдөлмөр, хөлсний дусалд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Бидний оруулсан мөнгө зөвхөн “Урбанек”-ын ажилчдын цалин болоод зогсохгүй тодорхой хувь нь татвар шимтгэлийн салбараар дамжин та бүхний өвөө эмээ, аав ээжийн тэтгэвэр тэтгэмж болж байгаа юм.
ЧИНГИСИЙН ҮЕД БУУЗЫГ “БИТҮҮ ШӨЛ” ХЭМЭЭН НЭРЛЭН ЦАГААН САРЫН ЗООГ БОЛГОДОГ БАЙЖЭЭ
Ууц гэснээс “Хөх судар” романд өгүүлснээр харвал Чингис хааны үед хонины ууц тавьдаггүй, дал дөрвөн өндөр, хонхтой шаант, гургалдай болон бууз жигнэн тавьдаг байжээ. Учир нь их хаан Цагаан сарын баяр бол баян ядуу, ихэс ахас гэж ялгалгүй бүх монголчууд тэмдэглэх баяр учраас нэгнээсээ илүүрхэх, мөчөөрхөх хэрэггүйг сануулсан нь бий. Өнөөдөр бол хэн нь тарган ууц тавих вэ, хэн нь үнэтэй архи дарсаар ширээгээ чимэх вэ гэсэн уралдааны дон тусчихсан байдгийг нуух юун. Энэ дон нь яван явсаар хариас ирсэн баталгаатай эсэх нь үл мэдэгдэх идээ ундаа, гоёмсог савлагаатай архи дарс болж хувирсан юм. Одоо ч Монгол Улсын тэрбумтнууд ч тэмдэглэж байдаг, орлого нимгэн нэгэн ч тэмдэглэж байдаг үндэсний хэмжээний ийм л баяр. Доктор, профессор Д.Хүүгийн “Газарч жаалууд” /1989/ номд бууз бол хятад үг боловч хоол нь манай үндэсний хоол юм байна. Хятадууд Цагаан сартай зэрэгцүүлэн Еэвэн сараа тэмдэглэж эхлэх үедээ манай битүү шөл хэмээх хоолыг бууз нэр өгөн хэрэглэж эхэлсэн гэдгийг дурджээ. Тэгэхээр бид өдгөө эзэн Чингисийн үеэс уламжлан хэрэглэж ирсэн буузыг ч Цагаан сарын баяраар хоол хоолны өмнөтгөл болгодог нь ийм учиртай аж.
ЦАГААН САРЫГ “ЦЭЭР ГАРГАХ ӨДӨР” ХЭМЭЭН ТЭМДЭГЛЭЖ БАЙВ
Өвөг дээдэс, эмээ өвөө Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд муу үг хэлдэггүй, өвчин ярьдаггүй хэмээн өдгөө бидний үр хүүхдэд хүртэл уламжлуулан үлдээсэн. Гэтэл бид ямар учраас тэр вэ гэдгийг огтхон ч ухаж байгаагүй юм байна. Тэгвэл эх сурвалжид дурдахдаа харь хэлтнүүдийг хөөн туух өдөр буюу “Цээр гаргах өдөр” хэмээн нэрийдэж, тэднийг хөөдөг байжээ. Тэр ч бүү хэл айл бүхэн хонины гуя бэлддэг, түүгээрээ цохиж хөөдөг байсан тухай дурдсан байна. Үүний цаана бидний яриад байгаа өнөөх л үндэстэн оршихын шалтгаан харагдана. Үндэстнээ харийнханд идүүлэхгүй цэвэр авч үлдэх гэсэн санаа. Даяаршил, ардчилсан энэ нийгэмд ямар харийн иргэдийг хонины гуяар цохиод хөөлтэй биш. Иймээс бид хүнсний аюулгүй байдал алдагдаж буй өнөө цагт эх орныхоо хөрсөнд ургуулсан ногоо, бэлчээрийн малаасаа гаралтай эко бүтээгдэхүүнээ аль болох илүү хэрэглэх нь онож буй. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын баярын ширээг энэ бүхнээр илүү чимэх шаардлага байгааг харж байна. Энэ бүхэн Монгол Улсын эдийн засагт орж байгаа хувь нэмэр гэдгийг дахин дуулгая. Ерөөсөө харийн бараа бүтээгдэхүүн гэхээр амттай, чанар сайтай байдаг гэсэн зүдүү ойлголтоосоо салах цаг эрт болсон шүү дээ.
ЦЭЭР ГАРГАХ ӨДРӨӨС ЦАГААН САР, ЦАГААН САРААС МАЛЧДЫН БАЯР
Монголчууд Цагаан сарын баярыг олон зуун, мянганы турш алдагдуулахгүй тэмдэглэж ирсэн бол Зөвлөлт засгийн нөлөөнд орсон БНМАУ “Цээр гаргадаг өдөр” буюу Цагаан сарыг шууд хорьсон байдаг. Ногоон малгайтнууд, тэдний тагнуул туршуул хаа сайгүй, баг бригад бүрт байсан учраас Цагаан сарын баярыг тэмдэглэсэн хүн бараг л буудуулахдаа тулж байсныг өвөг дээдэс ярьдаг. Тиймээс идээ будаагаа авдрандаа нуун шинэлж байсан түүх халуунаараа байна. Ийнхүү олон зуун, мянганаар уламжлагдан ирсэн Цагаан сарын баярыг хориод дийлэхгүйгээ мэдсэн ихэс дээдэс “Нэгдэлчдийн баяр” хэмээн нэрийг нь өөрчлөн ёс төдий хийж ирсэн. Ёс төдий тэмдэглэж ирсэн 60 орчим жилд уламжлалаас гээгдэж үлдсэн зүйл байж таарна. Гэхдээ өнөөдөр бид энэ сайхан баяраа улам өргөн төгөлдөр тэмдэглэж байгаа нь сайшаалтай ч уламжлал, түүхээ сайтар ухсан нь юу билээ. Бид эртний сайхан түүх, уламжлалаа үндэсний брендээр дамжуулан сэргээж болно шүү дээ.
Сэтгэгдэл ( 7 )
энэ жилийн цагаан сарыг өнжье.
энэ жилийн цагаан сарыг өнжье.
Hutsaad bai tsagaan sariig horigloh heregtei.
Цагаан сараар мөрөө гаргаж, ойрын ахан дүүсээрээ ахмадууддааэ золгоцгоогоод, өргөн олноороо айл хэсэх г.м. асуудлыг зогсоох хэрэгтэй байна ! Төр засаг аа , энэ асуудлыг эртхэн шийдээч !
өвчин тараах гээгүй юм бол энэжил цагаан сарыг тэмдэглэх хэрэггүй...
HAR NAIMAACHDAD HAMAG MUNGUU TOOLJ UGUUL UHGEJAAGAA YUM SHIG.
Монгол улсбНАК, Баар супермаркетаар дүүрсэн. Үйлдвэр гээд байх юм байхгүй 6ҮЙЛДВЭРЭЭ ТӨРИЙН БОДЛОГООР УСТГАСАН БОЛОХООР ДЭМЖИХ ЮМ БАЙХГҮЙ